УИХ-ын дарга өсвөрийн инженерүүдийн бүтээлийн үзэсгэлэнд зочлов
2015.06.05

УИХ-ын дарга өсвөрийн инженерүүдийн бүтээлийн үзэсгэлэнд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.05/ өсвөр насны хүүхдүүдэд инженерийн суурь мэдлэг эзэмшүүлдэг “Юнимат” клубт зочлон, үйл ажиллагаатай нь танилцаж, ирээдүйн инженерүүдийн юнимат технологиор хийсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

“Юнимат” клуб нь өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн суурь мэдлэг олгож, дадлагажуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэл болон орон нутаг дахь 50 гаруй салбар төвдөө 7-18 насны хүүхдүүдэд зориулсан сургалт явуулдаг байна.

Тус клубын үүсгэн байгуулагч “Юнимат эдюкэйшн” компанийн гүйцэтгэх захирал Л.Ариунболд хэлэхдээ чадварлаг, өндөр боловсролтой инженерүүдээрээ тэргүүлдэг улс орнуудын туршлагаар хүүхдийг багаас нь зохион бүтээх, инженерийн арга, технологийг сонирхолтой хэлбэрээр таниулж, сургаж, техник сэтгэлгээг нь хөгжүүлэхээр клуб байгуулсан гэв.

Түүнчлэн Монгол Улсын боловсролын салбарын технологийн сургалтад шинэ дэвшил гаргах, хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн мэдлэг, ур чадварын суурь дадлага олгох зорилгоор модон болон төмөр эдлэл бүхий бүтээгдэхүүн, бүтээц боловсруулах “Юнимат” бүтээлч машин төслийн хүрээнд нийслэл, орон нутгийн 40 гаруй сургуулийн хөдөлмөр, технологийн танхимыг тохижуулсан талаар мөн УИХ-ын даргад танилцуулсан юм.  

Тус клуб хүүхэд, багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженер, зохион бүтээгчдийг бэлтгэх зорилгоор юнимат технологиор “Морин хуурыг хэн сайн урлах вэ” уралдааныг зохион байгуулсан байна. Тус уралдаанд ирүүлсэн 50 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргасныг УИХ-ын дарга үзэж сонирхсны зэрэгцээ шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулсан юм.

УИХ-ын дарга З.Энхболдыг тус клубт зочлох үеэр Шинжлэх ухаан, технологи, инженер, математик хөгжлийн клубын (STEM) нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ клуб нь электроник болон программ хангамжийн инженерчлэлийн мэдлэг, чадвар олгох сургалт явуулах юм байна. Ингэснээр аж үйлдвэржсэн Монгол Улсын ирээдүйн инженерүүд дэлхийн инженерчлэлийн жишгээр олон чиглэлээр мэргэших суурь тавигдаж байгааг  Л.Ариунболд  захирал танилцуулсан юм. "Юнимат" клубт механик инженерчлэлийн суурь мэдлэг эзэмшсэн хүүхэд залуус үргэлжлүүлэн электроник болон программ хангамжийн инженерчлэлийн суурь мэдлэг эзэмшин, робот бүтээж дадлага хийдэг. Энэ чиглэлээр олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцсон болохыг УИХ-ын даргад танилцуулсан юм.

УИХ-ын даргыг “Юнимат” клубын үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.