Би ерөнхийлөгч болвол Путин шиг ажиллана
Ц.Амарбаясгалан
2015.06.06

Би ерөнхийлөгч болвол Путин шиг ажиллана

"Хэн их хөдөлмөрлөнө, тэр хүнд аз жаргал үүдээ нээнэ" гэсэн үг байдаг. Энэ мэргэн үгний биелэл болсон нэг хүнийг ярилцлагынхаа зочноор урьсан юм. Тамирчин хүний хатуу ширүүн давж амжилтанд хүрээд, эдүгээ бизнесийн салбарт хүчээ үзэж буй Кикбоксын дэлхийн аварга,  "Шинобу" гэсэн спортын нэрээрээ Монголдоо компани байгуулсан Ц.Амарбаясгалантай хийсэн ярилцлагыг хүргэе. 

Спортод хөл тавьж үеэс чинь яриагаа эхлэх үү?

Би сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Барууны кинонууд их үздэг байсан учраас мундаг зодолддог хүн болно гэж боддог байлаа. 11 наснаасаа каратэгаар хичээллэж явсаар байгаад шигшээ клубт орсон. Тодорхой амжилтанд хүрсэн. Японы зодооны урлаг болох каратэгаар хичээллэхийн зэрэгцээ япон хэлийг маш их сонирхож бие дааж судалдаг болсон. Хэзээ нэгэн цагт Япон зодооны энэ урлагаар хичээллэнэ гэж боддог байв. Нэг үгээр хэлбэл би Япон орноор өвчилсөн.

Ингээд 19 настайдаа 2000 оны эхээр Япон явж сурах боломж олдсон. Тэнд япон хэлний сургуульд сурахын хажуугаар дуртай спортоороо хичээллэж эхэлсэн. Хоёр жил хичээллэж мэргэжлийн тамирчин болох ёстой байсан ч би хоёр долоо хоногийн дотор мэргэжлийн тамирчин болж анхныхаа ялалтыг авсан.  Цаашдаа жилийн хугацаанд 17 тэмцээнд орж 17 ялалт байгуулсан. Үүнээс хойш сарын дараа 60 орчим жилийн түүхтэй Японы Кикбоксын холбооны аваргын бүсийг авсан анхны гадаад хүн болсон.

Надад байгалиас заяасан тодорхой авьяас байсан ч миний амжилтын үндэс нь нөр их хөдөлмөр, бусад хүмүүсийн дэмжлэг байсан. 1990-иэд оны сүүл, 2000-аад оны эхэнд нийгмийн амьдрал одоогийнхоос хүнд байсан. Бид анх хотод орж ирээд хамгаалалтын компани байгуулсан. Экшн төрлийн кинонд гардаг шиг хүнд үеүүд байсан. Хэрэг төвөгт орооцолдох магадлал өндөр. Тиймээс миний хувьд Японы нийгмийн тэр таатай орчинд очоод хичээхээс өөр бодол байгаагүй. 

Shinobu Tsogt Amara

Түүнээс гадна  боловсрол хүнд маш их хэрэгтэй гэдгийг ойлгосон. Хэрэв би япон хэл судалдаггүй байсан бол тэнд очоод хөлөө олоход илүү зүдрэх байсан. Хэлтэй байснаар маш олон найз нөхөдтэй болсон, их судалгаа хийсэн, гэрээгээ өөрөө хийчихдэг байлаа. Гадны том тамирчид хичнээн чадвартай ч хэлгүй бол ганцаарддаг, өндөр бэлтгэл хийгээд ядардаг, уулзах найз нөхөдгүй болдог, үүнээсээ болж стрэсст ордог.

Тэр үеийн Амарбаясгалангийн нэг өдрийн тухай ярихгүй юу?

Өглөө болгон5  цагт сэрүүлгээр босно. Босмооргүй санагддаг байсан ч өөрийгөө хүчилнэ. Календарь дээр хийх ажлаа бүгдийг нь тэмдэглэчихсэн учраас нэг л өдрийг алдвал надад хайран санагдддаг байлаа. Бусад хүмүүсийг унтаж байхад цэвэр агаарт гүйнэ. Алхаж, гүйх хоорондоо маш их зүйлийг эргэцүүлнэ. Гүйж ирээд өглөөнийхөө цайг бэлдэнэ. Дараа нь 9 цагаас хичээл ороод үдээс хойш 3,4 цагийн үед тарна. Хичээлээ тараад хоёр цаг орчим цагийн ажил хийнэ. Ялангуяа очоод удаагүй  байхдаа цагийн ажил их хийдэг байв. 6 цагийн үед бэлтгэл эхлээд 9 цаг хүртэл үргэлжилнэ. Гэртээ харих хооронд оройны 10 цаг болно. Хоногт дээд тал нь 5 цаг л унтдаг байлаа. Хамгийн сайхан өдөр нь бүтэн сайн. Өглөө зөвхөн гүйнэ. Долоо хоногийн нэг л өдрийг чөлөөт байдлаар өнгөрөөнө. Голдуу гэртээ кино үзэх юм уу, хааяа найз нөхөдтэйгээ уулздаг байсан.

Хоногт дээд тал нь 5 цаг л унтдаг байлаа. 

Маш их завгүй, ачаалал ихтэй байсан ч сэтгэл санааны хувьд өөдрөг байсан. Надтай адил гадны залуус олон байсан учраас надад шантрах эрх байгаагүй, 24 цаг надад хангалтгүй санагддаг байлаа.

Би насан туршдаа тамирчин байхгүй учраас надад боловсрол маш их хэрэгтэй. Боловсролтой хүн болохын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд сайн бэлтгэл хийж ялах хэрэгтэй байсан. 

Та ямар мэргэжлээр их сургууль төгссөн бэ?

Би эдийн засагч мэргэжилтэй. Эхлээд хоёр жил Япон хэлний сургуульд сурч байгаад дараа нь олон улсын бизнес, эдийн засгийн чиглэлээр сурч бакалавраа дүүргэсэн. Тэр мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан. Доктор болъё гэсэн ч надад тохирохгүй юм шиг санагдаад больсон. Цаг хугацаа ч байгаагүй. 

Япон улсад өнгөрөөсөн 10 орчим жилийн хөдөлмөрөө эргээд харахад надад харамсах зүйл байдаггүй. Аваргын бүсүүд байна, сургуулийн диплом, олсон мэдлэг байна. Харин одоо сурсан, мэдсэнээрээ өөрийнхөө амьдралд болон Монголынхоо нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах цаг болсон.

Монголд ирээд Кикбоксын холбоог байгуулсан. Жил бүр төрөл бүрийн тэмцээн уралдаан зохиож байна. 

Өнгөрсөн жил Шинобу компаниа байгуулсан. Одоо 8 салбарт үйл ажиллагаа явуулдаг групп болон өргөжсөн. Үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгож хүүхэд залуучууддаа сурсан мэдсэнээ дамжуулах зорилгоор фитнесс клуб байгуулсан. 1000 орчим залуучууд бүртгүүлснээс 500-гаад нь тогтмол бэлтгэл хийж байна.

Компаний оффис дээд давхарт байдаг ч би оффисдоо байх дургүй, фитнесийнхээ зааланд байж ажлаа тараад бэлтгэл хийж буй хүмүүсийг хараад суухад сайхан байдаг. Мөн үйлчлүүлэгчдийнхээ дунд байх нь бизнес хөгжиж дэвжихэд ч тустай гэж боддог.  

Fighting Fitness буюу тулааны урлагийг фитнесстэй хослуулахын онцлог нь юу вэ? Хүний бие энэ тохиолдолд яаж хөгждөг вэ?

Фитнессээр хичээллэдэг хүн голдуу төхөөрмжтэй харьцаж бие бялдраа хөгжүүлдэг бол тулааны урлаг философи тал руугаа хөгжсөн байдаг. Тулааны урлаг хүний дотоод хүчийг бий болгодог. Энэ урлагаар хичээллэснээр хүн дотооддоо амар амгалан болж, өөрийгөө ялж сурдаг. Тулааны урлагийг зөвхөн цохилт гэж ойлгож болохгүй. Тулаанч өрсөлдөгчөө ялахын тулд түүний үйлдлийг яг л шатрын нүүдэл шиг тааж, төсөөлж байдаг. Хэд хэдэн цохилтын цаад талыг олж харах хэрэгтэй болдог. Тулааны урлаг хүнийг зодоонч биш, энэрэнгүй, хүмүүнлэг болгож хүмүүжүүлдэг.

Тулааны урлаг хүнийг зодоонч биш, энэрэнгүй, хүмүүнлэг болгож хүмүүжүүлдэг.

Харин фитнес хүний хөдөлгөөний булчинг хөгжүүлж ачаалал даах чадвартай болгодог. Маш богино хугацаанд жин хасч зөв бие галбиртай болно.  Тэгэхээр энэ хоёрыг хослуулна гэхээр бие бялдар, дотоод ертөнцийн хувьд зэрэг хөгжинө гэсэн үг.

Өнөөдөр маш олон тооны фитнесс клубууд бий болсон. Та мэргэжлийн хүний хувьд фитнесийн урлагийн хөгжил, хандлага Монголд аль зүгт явж байгааг хэлэхгүй юу?

Мэдээж фитнесс нээсэн хүмүүс судлаагүй нээсэн гэж бодохгүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 380 клуб байгаа. Бүртгэлгүй клубууд ч олон байгаа. Манай клубын эргэн тойронд л гэхэд 20 орчим клуб байна. Эдгээрээс сэтгэлийн хөдөлгөөнөөр нээсэн, тооцоотой нээсэн, хөгжиж байгаа болон хаалгаа барьсан клубууд ч байна. Олон клуб байгаа нь сайн хэрэг. Баар ресторанд биш биеэ хөгжүүлэхэд цагаа зарцуулж байна гэдэг сайшаалтай. Фитнессээр хичээллэсэн хүн эрүүл амьдралын хэв маягт суралцдаг. Хооллолттой холбоотой элдвийн өвчин элбэг болсон өнөө үед хүн эрүүл амьдрах нь хамгаас чухал.

Манай клубын хувьд 80 хувь нь хүнийг бие, сэтгэлийн хувьд хөгжүүлэх, 20 хувь нь бизнес байдаг.

Фитнесс нэг талаар спорт, нөгөө талаар бизнес. Тэгэхээр энэ бизнесийн онцлог нь юу вэ?

Фитнесс нь нэг бол 100 хувь спорт, эсвэл 100 хувь бизнес байж болохгүй. Манай клубын хувьд 80 хувь нь хүнийг бие, сэтгэлийн хувьд хөгжүүлэх, 20 хувь нь бизнес байдаг.  Өнөөдөр манайд бүрэн утгаараа бэлтгэлийн орчинг бүрдүүлсэн фитнесс клуб цөөхөн. Миний хувьд клубээ япон маягаар хөгжүүлэхийг зорьдог. Ажилчдаа аль болох өндөр цалинжуулахыг хичээдэг. 

Надад нэг бодол байдаг юм. Хүмүүс эрүүл мэндийн даатгал төлдөг мөртөө тэр болгон ашигладаггүй. Миний бодлоор эрүүл мэндийн даатгалыг өвчин туссан хойноо биш, тусахаасаа өмнө, өөрөөр хэлбэл биеэ хөгжүүлэхэд ашигламаар. Үүнтэй холбоотой улсаас тусгай санхүүжилт гаргаад биеэ хөгжүүлэх мөнгийг нь эрүүл мэндийн даатгалын багцад нь багтаад өгчихөж болмоор юм шиг санагддаг. Тэгвэл хүмүүс аптект очиж эм авч мөнгөө үрэх биш фитнесст мөнгөө зарцуулдаг болно.

Зөвхөн булчинтай болсноор эрүүл саруул болно гэж байхгүй. Гол нь хүн амралт чөлөөт цагаа зөв өнгөрөөж, хооллолтоо тохируулж, өдөр тутмынхаа амьдралын хэв маягийг зөв болгосны дараа булчинтай болох асуудал яригдана. 

Хувь хүн хөгжсөнөөр гэр бүл хөгждөг. Гэр бүл хөгжвөл улс орон хөгжинө. Тиймдээ ч манай клубын уриа “Биеэ засаад гэрээ зас” гэсэн үг байдаг. Манай компани одоогоор хоёр давхар объект эзэмшиж байна. Энэ талбайд би ашгаа бодсон бол шөнийн клуб нээж болохоор л байсан. Шөнийн клуб фитнесийг бодвол хамаагүй илүү ашиг олдог. Ийм ажил хийснээрээ улсдаа ямар нэг байдлаар хөрөнгө оруулж байна гэж боддог. 

 Ажил багатай, зарим цагийг үр бүтээлгүй өнгөрөөчихвөл тайван бус болчихдог.

Японд сурч байхдаа та нэг өдрийг маш завгүй өнгөрөөдөг байсан гэж ярилаа. Харин энд таны нэг өдөр яаж өнгөрч байна вэ?

10 гаруй жил өглөө 05 цагт босоод сурчихсан хүн чинь түүнээсээ салж чадахгүй. Ажил багатай, зарим цагийг үр бүтээлгүй өнгөрөөчихвөл тайван бус болчихдог. Ямар нэг чухал зүйл алдчихсан юм шиг мэдрэмж төрдөг.  Тамирчин хүний хувьд нэг удаа бэлтгэл хийгээгүй бол маш том зүйл алддаг. Үүнтэй адил ажил хэрэгч хүн нэг удаа л цаг алдвал нийгмээс алхам хоцордог. Ялангуяа Монгол шиг хөгжиж буй орны хувьд юуг ч алдаж болохгүй, байнга яарч байхгүй бол болохгүй.  Өнөөдөр амжиж хийж чадсан хүн л байр сууриа олно.

Би офисдоо суух дургүй

Цаашдаа та юу төлөвлөж, юунд тэмүүлж байна вэ?

Манай компани хөрөнгө оруулалтын зуучлал, бизнес зөвлөгөө, фитнесс, караоке, ресторан, уул уурхайн машин механизм гээд 8 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 

Миний зорилго гэвэл Японд сурч байсны хувьд япон технологийг Монголд нэвтрүүлье гэж боддог. Дэлхийд ердөө Япон, Герман гэсэн хоёр технологи байдаг ш дээ. Манай компаний салбар ч Японд байдаг. Энэ зунаас Японы зарим стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна. Дархан хотыг Японы нэг хоттой найрамдлын хот болгохоор хоёр тал тохирсон, 8 дугаар сард гарын үсэг зурна. Ингэснээр хоёр хотын хооронд оюутан, мэргэжилтэн солилцох, ажлын байр олох, харилцан хөрөнгө оруулалт хийх үүд хаалга нээгдэнэ гэж бодож байна. Энэ мэт зүйлийг хийх гээд л явж байна. 

Дэлхийн түүхэнд “Япон гайхамшиг” гэж нэрлэгддэг Японы эдийн засгийн хөгжлийн туршлагаас та тодорхой хэмжээний мэдлэг өвөрлөж ирсэн. Өнөөдөр Монголд эдийн засаг хямарлаа гэж байна. Таны бодлоор шалтгаан, гарц нь юундаа байна вэ?

Монголчууд өөрсдөө дэндүү залхуу байна. Тэгсэн мөртөө хүн болгон улс төрждөг.Хүн бүр дор дороо ажлаа сайн хийгээд явахад л хангалттай. Гэтэл өнөөдөр үнэндээ ажил хийж буй хүн алга байна. Монголоор дүүрэн л дипломтай хүмүүс. Боловсрол гэдэг чинь зөвхөн диплом биш шүү дээ. Хувийн хэвшилд амжилт гаргаж буй хүмүүсийг харахаар олонхи нь их сургууль төгссөн хүн байдаггүй.  Голдуу сахилгагүй, тааруу дүнтэй хүмүүс байдаг. Тэд их сургуульд суралгүй мэргэшсэн ажилтан болоод бодит амьдрал дээр туршлагатай болчихсон байдаг. Түүндээ түшиглээд бизнесээ аваад явчихдаг.

Түүнээс гадна Монгол өмнө нь үйлдвэрлэгч орон байсан бол өнөөдөр худалдан авагч орон болчихож. Ширхэг ч импортын ногоо авахгүйгээр өөрсдийгөө хангах боломж бидэнд байна. Ийм сайхан мал аж ахуйтай байж бодлоготой хөгжүүлмээр юм шиг. Дэлхийн банкны судалгаанаас харахад экспортын махны 70 орчим хувь нь хонины мах байна. Гэтэл хонины мах дэлхийн зах зээл дээр тийм ч эрэлттэй биш. Хамгийн эрэлттэй нь үхрийн мах.

Энэ мэт боломж байхад заавал газраа ухаж мөнгө олох гэсний хэрэггүй.

Ер нь та ингээд бизнесмен хүн болчихлоо. Харин спортоо яах уу? Оргилдоо хүрчихсэн гэж үзэж байна уу?

Хүн оргилд хүрнэ гэж байхгүй. Би дэлхийн хоёр удаагийн аварга болчихсон. Энэ спортод үүнээс цааш хүрээд байх том зорилго байдаггүй. Өнөөдөр тэмцээнд орно гэхээр өмнө хийсэн юмаа давтах учраас сонирхолгүй. Үүний оронд өөр үр бүтээлтэй ажил хийе гэж бодсон. Гэхдээ би одоо болтол зодог тайлаагүй. Яагаад гэвэл надад энэ спортыг бүр мөсөн хаяхгүй байх сэтгэлийн дотоод хэрэгцээ байна. Гэнэтхэн зодог тайлчихвал нэг л эвгүй. 

Ц.Амарбаясгалан

Та хэдэн шавьтай вэ?

 Гарын шавь гэвэл 10 орчим л байна. Харин надаар юм заалгаж байсан шавь нар гэвэл олон бий.

Хэрвээ ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд та юу хийх вэ?

Өнөөдөр монголчууд маань эцэггүй хүүхдүүд шиг л болчихож.  Тиймээс би ерөнхийлөгч болвол энэ бүгдийг эмх цэгцэнд оруулна. Өөрөөр хэлбэл Путин шиг ажиллах хэрэгтэй. Гэхдээ өөрөө өндөр ёс суртахуунтай байх ёстой. Ингэж ярьж байгаа маань магадгүй миний спортын хүмүүжилтэй холбоотой байх.