Өвөрхангайн алдарт уяачдын зөвлөгөөн эхэллээ
“Арвагар хээр” холбооноос зохион байгуулж буй Өвөрхангай аймгийн улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн Төрийн ордны их танхимд эхэллээ.
Тус аймагт одоогоор 212 улс, аймгийн алдарт уяач байдгаас зөвлөгөөнд 150 гаруй уяачид оролцож байна. Энэхүү зөвлөгөөний ерөнхий ивээн тэтгэгч, санаачлагчаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар ажиллаж, зохион байгуулагчаар “Арвагар хээр” холбоо ажиллалаа.
Өвөрхангай аймгийн улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн Я.Содбаатар үг хэлсэн юм. Тэрбээр “Манай Өвөрхангай аймаг нь түүх соёлын өнө эртний уламжлалтай бөгөөд үзэсгэлэнт байгаль, түүх соёлын газруудаараа, тэр дундаа хурдан сайн хүлэг морьдоороо алдартай билээ. Үүний тод жишээ бол "Арвай хээр" хэмээх домогт хурлан хүлэг юм. Энэ алдарт хүлгийн домог яриаг сөхвөл "Түшээт хааны тавнан Бааньжавын хөвгүүн Лувсанбанчинбалбарыг /1705-1788/ таван настайд нь Эрдэнэбандид хутагт ламын гэгээний II дүрд тодруулан арслан ширээнд өргөмжилсний Бат-Оршил өргөх даншиг наадам Онгийн голын Пур ширээ гэдэг газар 1709 оны Шарагчин үхэр жил болжээ. Тэр даншиг наадмын их насны морины уралдаанд 1000 гаран хурдан хүлэг уралдсанаас Арвай хээр хэмээх морь онцгой хурдлан түрүүлсэн гэдэг. Арвай хээр морь тэр цагаас хойш аймаг, хошууны болон Даншигийн их, бага наадмуудад хорь орчим удаа түрүүлсэн байдаг.
Өнөөдөр ч гэсэн Өвөрхангай аймгийн морин спорт уяачдын “Арвагар хээр” холбоо Монголын хурдан морины хөгжил, өв соёлыг дэлгэрүүлэх үйлсэд идэвх санаачлагатай ажиллаж хурдан адууны үүлдэр угсааг сайжруулах талаар олон ажлууд хийгдэж, тэжээх болон уяж сойх горимд гарч байгаа өөрчлөлт, уяачдын маань нарийн ухаан, нөр их хөдөлмөрийн үр дүнтэй холбоотойгоор манай аймгийн хурдан морьдийн гаргаж буй амжилт жил тутам сайжирч байгааг та бид улс, бүсийн чанартай уралдаануудаас харж байна. Сүүлийн жилүүдэд хурдан морь сонирхогчдын тоо асар хурдацтай өсч, хурдан морь, түүний уралдаанд хийх хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэн, уяачид болон хурдан хүлгийн үнэлэмж маш ихээр өсч байгаагийн дээр үндэсний морин уралдаанаа нийтийн сонирхолд нийцүүлж, олонд хүртээмжтэй үндэсний спорт болгон хөгжүүлэх нь зайлшгүй юм. Өнөөдрийн энэхүү зөвлөгөөн үнэхээр их ач холбогдолтой мөн цаг үеэ олсон чухал уулзалт болж байна гэж үзэж байна. Монголын үндэсний хурдан морины уралдаан, Монголын үндэсний өв их соёл бол монголчуудын эв нэгдлийн, энх мэндийн баяр байдаг” гэв.