“Шинэ яармаг” хорооллын бүтээн байгуулалт эхэлснээр арав гаруй мянган ажлын байр бий болно
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.06.09

“Шинэ яармаг” хорооллын бүтээн байгуулалт эхэлснээр арав гаруй мянган ажлын байр бий болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай "Шинэ яармаг" төслийн талаар ярилцлаа.

-УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүд өнгөрсөн долоо хоногт “Шинэ яармаг” төслийн ажилтай танилцсан. Төслийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ парламент эхний хоёр жилийн хугацаанд Засгийн газрын гишүүнийг огцруулах гээд сандал ширээтэй зууралдсан асуудлыг хэлэлцсэн. Энэ нь хуралдаанаар хэлэлцсэн нийт асуудлын 60 гаруй хувьд хүрсэн байна билээ. Харин үлдсэн хувьд нь бусад асуудал багтдаг. УИХ-аар хэлэлцсэн хөрөнгө төсөвтэй холбоотой шийдлүүд хэрхэн ажил хэрэг болж байгааг газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдалгүй шийдвэрлэх нь чухал.

"Шинэ яармаг” төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн нэг. Улаанбаатар хотын анхны цогцолбор хороолол гэж ойлгож болно. Энэ төсөл гурван хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсгийн 1500 айлын орон сууц, спортын талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол бүхий цогцоор шийдсэн байна.

Хоёрдугаар хэсэг нь 1400 айлын орон сууц гээд адил баригдахаар төлөвлөгдсөн. Гурав дахь хэсэг нь 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болон олон улсын жишигт хүрсэн эмчилгээ оношилгооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж байгаагаараа онцлогтой.

Өөрөөр хэлбэл, тэнд амьдарч байгаа иргэд заавал хотын төв рүү ирж хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхгүй тэндээ ажлаа хийгээд, хүүхдээ сургаад явах боломж бүрдэх юм. Манай бүлгийн гишүүд хүн рүү чиглэсэн, тав тухтай орчинд сурч боловсорч, ажиллаж амьдрахын анхдагч суурь болсон орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Тэнд амьдрах иргэдийн хувьд ажлын байрны хүрэлцээ ямар байхаар төлөвлөсөн бэ?

Энэ төслийн гол онцлог аль ч насныхан тухайн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, “Шинэ Яармаг" төсөл хэрэгжүүлэгч компаниудад ажиллах боломжтой. Ажлын байртай болсон иргэд орон сууцны зээлд хамрагдаж, өөрийн барьсан орон сууцанд амьдарна.

Энэ төсөл хэрэгжсэнээр арван мянга гаруй иргэн ажилтай болно. Тэндхийн ажилтай танилцаж явахдаа зөвхөн монголчууд ажиллаж байгааг харахад үнэхээр сэтгэл дүүрэн байсан. Монгол залуус ямар ч ажлыг хийж, бүтээж чадна. Гагцхүү тэдэнд боломж олгох нь бидний зорилго.

-Бусад дүүрэгт энэ жишгээр орон сууцны хороолол байгуулах уу?

Шинэ яармаг цогцолбор хороолол нь төр хувийн хэвшлийнхэн ажлаа хооронд нь уялдуулан хийж байгаа үлгэр жишээ төслийн нэг. Иргэдээс гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд оролцъё гэсэн хүсэлт маш их байгаа. "Буянт-Ухаа 1, 2” хорооллыг барьсан шиг "Шинэ яармаг" хорооллыг монголчууд өөрсдөө барьж байна. Цаашид Яармагийн дэнжийн 970 га талбайг бүхэлд нь барилгажуулахад нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэдгийг хотын удирдлагууд хэлж байгаа.

Газрын асуудлыг шийдвэрлэж чадвал бүх дүүрэг дээр хэрэгжүүлэх боломжтой төсөл. Дараагийн ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг гэр хороолол ихтэй дүүрэгт энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Төсөлд шаардлагатай 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэх гэрээг байгуулсан байна.

Цогцолборын зураг төслийг боловсруулахдаа монгол айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт хийсэн нь бас нэгэн дэвшил. Монгол уламжлалаа хадгална гэдэг зөв шийдэл болсон.

-Эхний хэсэг нь хэзээ ашиглалтад орох юм бол?

Энэ оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, ирэх оны хоёрдугаар улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид бидэнд танилцуулсан. Монголын үндэсний барилга угсралтын компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байгаа юм билээ. 100 хувь монгол ажилтнууд бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажилгүй иргэдийг 45 хоног сургаснаар барилгын нарийн мэргэжлийн ажилтан болж чадах эсэхэд иргэд эргэлзэж биднээс асууж байсан. Эхлээд иргэдийг сургалтад суулгаж, гурван сар дагалдуулан ажиллуулж, Дахин шалгалт авсны үндсэн дээр ажлын байраар хангана.

-Хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

"Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэхээр санхүүжилт босгох "Зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийг БНХАУ-ын Экспорт-Импорт банктай байгуулж, Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж, ТОСК-иар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байгаа.