“Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2015.06.05

“Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Говийн их дархан цаазат газар байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан “Алтайн өвөр говь цөлийн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд мазаалай, улаан номонд бүртгэлтэй тэмээн сүүл могой, нарийн могой зэрэг говийн бусад ховор хөхтөн амьтдын гэрэл зургийн мэдээллийг хуримтлуулж, тэдний амьдрал, зан төрхийн өвөрмөц онцлогийг илтгэсэн сонин зургуудыг дэлгэжээ. Мөн ХБНГУ-ын Баваар мужийн байгаль хамгаалах байгууллага, МУИС-ийн дэргэдэх “Байгаль хамгааллын биологийн нийгэмлэг” ТББ, Говийн их дархан цаазат газрын хооронд 2010 онд байгуулсан “Мазаалай баавгайг хамгаалах” хамтын ажиллагааны явцад судлаачдын авсан олон тооны гэрэл зураг үзэсгэлэнг улам баяжуулсан байна.

Алтайн өвөр говь хэмээх уудам говь цөл нутгийн ихэнх хэсэг Говийн их дархан цаазат газарт хамаардаг. Дэлхийд өөр хаана ч үл тохиолдох говийн баавгай буюу мазаалай, зэрлэг тэмээ буюу хавтгай энэ нутагт амьдардаг бөгөөд ирвэс, шилүүс, цоохондой зэрэг зэрлэг муур, аргаль, янгир зэрэг уулын туруутан, говь цөлийн амьтад болох хулан, хар сүүлт зэрэг ховор хөхтөн амьтдыг энд харж болно. Төв Азийн хэт гандуу цөлийн экосистемийг иж бүрдлээр нь хамгаалах зорилгоор 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулсан билээ.