Үндсэн хууль буруутай юу ?
Монгол улсын үндсэн хууль
2015.06.03

Үндсэн хууль буруутай юу ?

Өчигдөр нам, эвслийн бүлгүүд энэ долоо хоногт хэлэлцэх чухал асуудлууд дээр нэгдсэн байр сууринд хүрцгээлээ. Ингээд та бүхэндээ намуудын хурлын мэдээллийг тоймлон хүргэе.

Засгийн газраас гарах асуудал яригдаагүй

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх ёстой гэж үзсэн.

Н.Батцэрэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал 57 гишүүний буюу 3/4-аар шийдэгддэг. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ. Үүнийг манай бүлэг хаана хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцуулсан” гэсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байжээ. Эдийн засгийн хүрээнд эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчлэн томоохон дэд бүтцийн ажлууд хэрэгжихээр хүлээгдэж байгаа энэ үед иргэний өмчид өгсөн газрын асуудал үүсдэг.

20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, нэг айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацах асуудал гарч байгаа учраас нөхөн олговор олгох, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болсон байна. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хамрах хүрээ хэр байх, Эрүүгийн өршөөлийн тухай хуульд хамруулах хүрээ ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Гэмт хэрэгт тооцохгүй гэвэл хичнээн хоригдол ялаас чөлөөлөх талаар иж бүрэн харах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна. 

Одоохондоо сонгуулийн хууль чухал 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өдрийн турш хуралдлаа. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар санал солилцжээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан нар багтсан юм. Тэд бүлгийн гишүүддээ тодорхой мэдээлэл өгчээ.

Мөн бүлгээр Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар санал солилцсон байна. Ер нь МАН-ын бүлэг долоо хоног бүрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа нь хаврын чуулганаар амжаад батлуулчих санаа өвөрлөж байгаа мэт. Тэдний хувьд өнгөрсөн сонгуулийн системийн эсрэг байр суурьтай байгаа бөгөөд мажоритар хувилбарыг илүүтэй дэмжиж байна.

АН-ын бүлэг ба Үндсэн хууль

Өчигдөр АН-ын хоёр гишүүн болох М.Батчимэг болон Н.Батбаярын ярилцлагууд цахим сайтаар нилээдгүй шуугиан тарьлаа. Учир хоёр гишүүний ярилцлагад Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар дурьдсан байлаа.

Тухайлбал М.Батчимэг “Дордуулсан долоо гэдэг нэртэй би хувьдаа бүрэн санал нийлдэггүй. Тэр долоон заалт дотор одоо ч гэсэн авч үлдэхээр зүйл байгаа. Нэг жишээ хэлье.

Долоон өөрчлөлтийн нэг нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг нууцаар санал хурааж шийдвэрлэдэг байсныг ил болгосон. Монгол Улс 1990 оноос хойш 25 жилийн хугацаанд 14 Ерөнхий сайд, 16 Засгийн газар ажилласан байдаг.

Нууцаар санал хураадаг энэ заалт хэвээрээ байсан бол 16 биш 20 Засгийн газар огцруулчихсан байх байсан байж ч магадгүй. Ил санал өгч байна гэдэг гишүүн нэг бүрийн хариуцлагыг ил болгож байгаа хэрэг. Бидний судалгаа хийсэн гучаад орны дотор ердөө хоёрхон улсад ийм санал хураалтыг нууцаар явуулдаг юм билээ.

Тиймээс тэр долоон өөрчлөлтийг авах гээхээр ялгаж салгаж, маргааныг нэг тийш болгох ажлыг энэ удаагийн өөрчлөлттэй хамт хийх ёстой байх” хэмээн хэлсэн.

Харин Н.Батбаяр гишүүн “Монгол Улсын хувьд, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар, 17 Ерөнхий сайдын нүүр үзэж... Нэг Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаанд ажилласан байна.

Хөгжсөн орнуудын тухайд ямар байна гэхээр төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь уялдаатай байна. Гэтэл бид Засгийн газраа огцруулаад шинээр дахин байгуулдаг. Эргэж харах цаг болж... Тухайлбал,  АНУ-ыг аваад үзэх юм бол 44 Ерөнхийлөгч сонгосон, тийм учраас төр засгийн тогтвортой байдлыг хангах. Энэ асуудлыг авч үзье. Нэгдүгээр асуудал нь энэ.

Хоёрдугаарт анхаарах асуудал нь манайд хэрээс хэтэрчихээд байгаа юм бол намаар талцах явдал газар авсан. Хүнийг чадавхиар нь үнэлдэггүй, манай намын гишүүн мөн үү, биш үү, хандив өгсөн үү гэдэг үнэлэмжтэй. Намаар талцдаг явдлыг хязгаарлая.

Гурав дахь асуудал бол Шинэ Үндсэн хуул батлагдсанаас хойш хотын асуудал яригдаж ирсэн. Хотын асуудлыг орхигдуулсан нь Улаанбаатар хотдоо хүн ам төвлөрөх шалтгаан болсон байна гэж үзсэн. Хуучин Дархан, Эрдэнэт хот байсан.

Тиймээс хотынх нь статусыг эргэн сэргээх асуудлаар ярилцаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг ойрын үед өргөн барих ёстой болж байгаа. Ямартай ч энэ ондоо багтаана” гэлээ.

Ямартай нам, эвслийн бүлгүүд бүгд л үндсэн хууль нэмэлт оруулах асуудалд нэгдсэн байр сууринд хүрцгээлээ гэхэд болно. Тиймээс УИХ-д өргөн баригдаад хэлэлцэх эсэхийг хүлээх л үлдлээ.