О.Баасанхүү хүний ажил “булаасан” уу?
2015.06.02

О.Баасанхүү хүний ажил “булаасан” уу?

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сүүлийн үед хүний ажил” булаасан” хэрэгт уначих гээд байх болжээ. Тэрбээр “Ажил хийх гэхээр садаа болоод, ажлын албаны хүмүүст дарамт шахалт үзүүлээд байна” хэмээн ихэд бухимдангуй явах болсон гэнэ.

Энэ талаар гишүүнээс тодруулахад “Өргөдлийн байнгын хороо УИХ-ын тухай хуулийн 19.4.2-т заасан чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Саяхан манай байнгын хороо “Ногоон алт” төсөлтэй хамтраад бэлчээрийн даац, ашиглалтын талаар томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуултал Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Сү.Батболд өөрийнх нь байнгын хорооны үндсэн ажлыг хийлээ гэсэн. Байнгын хорооны үндсэн ажил гэж байхгүй. Хуульдаа Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хороонд ирсэн өргөдлийн талаар мэдээлэл сонсох, тайлбар авах, шийдвэрлэх үүрэгтэй. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороонд бэлчээртэй холбоотой маш олон өргөдөл ирж байна. Ер нь хийх ажил маш их байна. Ажил хийхээр энэ мэт асуудал үүсгээд, Ажлын албаны хүмүүсийг О.Баасанхүүд битгий туслаад бай гэх байдлаар шахалт үзүүлж байгаад бухимдаж байна. Энэ асуудлыг даргын зөвлөлийн хуралд албан ёсоор танилцуулна” гэлээ.