Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл боловсруулжээ
УИХ дахь МАН-ын бүлэг долоо хоног бүр цаг үеийн асуудлаар “Морин цаг” нэртэй мэдээлэл хийхээр болжээ. МАН-ын бүлгийн “Морин цаг”-ийн анхны мэдээллийг өнөөдөр хийлээ.
МАН-ын бүлгийн нэр бүхий 26 гишүүн төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалыг цагаатгах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар болжээ.
Хууль санаачлагч Ч.Хүрэлбаатар “Ю.Цэдэнбалын Монголын түүхэнд байгуулсан олон гавьяатай. Монгол Улсын эдийн засгийг олон хэлбэр т шилжүүлсэн, ард түмэн эрүүл боловсролтой болсон, соёл, биеийн тамир спортоороо дэлхийд дуурсагдсан гээд Ю.Цэдэнбал даргыг төр удирдаж байхад түүхэнд тэмдэглэхээр олон дэвшил гарсан.
Төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет, цахилгаан станцууд, Атарын аян, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, эмнэлэг гэх мэт олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн” гэсэн юм.
Ирэх оны есдүгээр сарын 17-нд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиох юм байна. Энэ ойг тохиолдуулан Ю.Цэдэнбалыг бүрэн цагаатгах, түүний 42 жил амьдарч байсан байрыг гэр музей болгох, 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийг Засгийн газраас гаргах асуудлыг тогтоолын төсөлд тусгажээ.