Монгол бүсгүй та Монгол түмний амь билээ
БОНХАЖ-ын сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунхорол
2015.05.21

Монгол бүсгүй та Монгол түмний амь билээ

МАН-ын дэгэдэх НАМЭХ-ны 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ, “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” үндэсний чуулган өнөөдөр боллоо.

Уг чуулганд   БОНХАЖ-ын сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оюунхорол оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

Юуны өмнө 20 жил эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хариуцлагатай үүрэг хүлээн  ажиллаж буй Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны үе үеийн нийт гишүүд дэмжигчид, төлөөлөгчиддөө 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүний хувьд 20 нас бол идэр залуу нас бөгөөд хийж бүтээх гал цогоор дүрэлзэж байдаг нас билээ.

Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага анх 1994 онд үүсэн бий болж улс төр, нийгмийн амьдралд оролцоход нь эмэгтэйчүүдийгээ дэмжин ажиллах хариуцлагатай үүрэг хүлээсэн юм.

Угтаа монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн 90 орчим жилийн түүхтэй билээ. “Анх эмэгтэйчүүдийг боловсруулах тасаг” нэртэй байгуулагдсан тэрхүү хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн оролцооны асуудал хөндөгдөж эхэлсэн. 

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүд бид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай, сонгуулийн тухай хуулинд эмэгтэйчүүдийн квоттой, намын бүх шатны бүтцэд тодорхой төлөөлөлтэй байх, намаас сонгогддог, томилогддог улс төрийн албан тушаалд 25 -аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх намын дүрмийн заалттай болсон бөгөөд энэхүү их ажлын ард гарахад амар байгаагүйг биеэр мэдэрч, ачааг нь үүрэлцэж байсан хүний хувьд энэхүү индэрт зогсож та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.

Жендэрийн хуулийг батлах, намын дүрмэндээ өөрчлөлт оруулах, эмэгтэйчүүдийн 25 хувийн квотыг хүлээн зөвшөөрөхөд улс төрийн хүчнүүд дотроос МАН-аас санаачилга гарган ажиллаж байлаа. Энэ шийдвэрийг тухайн үед МАН-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд дарга гаргаж байсан гэдгийг онцлон хэлмээр байна. 

Жендэрийн мэдрэмжтэйгээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжиж ирсэн М.Энхболд даргадаа, намын удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Ганц эмэгтэй хүн юуг ч өөрчилж чадахгүй байж мэднэ, гэвч хэрэв тэр манлайлагч бол дэлхийг ч өөрчилж чадна гэж нэгэн суутан хэлсэн байдаг. 

Эмэгтэйчүүд нийт хүн амын талаас илүү хувийг эзэлдэг гэж хорин жил ярьж нийт ард түмний дунд эзлэх тэнцүү хувийг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажилаж ирлээ.

Энэ хугацаанд монгол улсын улс төрийн ууган хүч МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс үндэсний хэмжээний институт болтол хөгжлөө. 

Улс төрийн нөлөө бүхий ууган хүчний дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХолбоо эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг бататган сахих, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, намын улс төрийн бодлого шийдвэрт эмэгтэйчүүдийн эрх ашгийг тусгахад анхаарах төдийгүй нийт эмэгтэйчүүдийнхээ нийтлэг эрх ашиг, тэдний нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулархаар чармайж ирсэн.

Орон нутгаас гурвантаа сонгогдож ажиллаж байгаа  улс төрчийнхөө хувьд улс орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ асуудал бүрийг мэдэрч, нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулах, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг эрмэлзэн ажиллаж ирлээ. 

Хүн ам, иргэд нь эрүүл, эрдэм боловсролтой, амьдарч байгаа байгал орчин нь онгон дагшин, улс орных нь ирээдүй тодорхой, гэрэлтэй байсан цагт эхчүүд сэтгэл амар, үр хүүхдүүд эрүүл саруул, аз жаргалтай өсөн торинох нь гарцаагүй.

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэх энэ их айлын  Ерөнхийлөгчөөр 2011 онд сонгогдон ажилласан. Энэ хугацаанд удирдлагын хувьд энэ байгууллагыг институтжуулж намын бүтцэд эмэгтэйчүүдийнхээ квотыг баталгаажуулж, эрх зүйн орчинг нь сайжруулж чадсандаа баяртай байдаг. 

Ингэснээр намын удирдах зөвлөл, намын бага хурал, нарийн бичгийн дарга, хэлтэс албадын дарга нарын дунд эмэгтэйчүүд 25 хувийг эзлэх болсон.

Мөн намаас сонгогдог, томилогддог улс төрийн албан тушаалд ч энэ квотыг барьж ирлээ. Үүний зэрэгцээ Гэр бүлийн цогц хөтөлбөр боловсруулах, бага орлоготой  өрх толгойлсон эмэгтэйчүүдээ  дэмжих гарцыг хайх, хийсэн  ажилтай хэлэх үгтэй манлайлагч  эмэгтэйчүүдээ  нийгэмд таниулах, Жендэрийн  эрх тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн шинэ  хуулийн хүрээнд эмэгтэйчүүдээ дэмжин ирсэн. 

“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” мянган эмэгтэйн чуулга  уулзалт, “Бид  чадна” парламентад суудалтай  гурван намын эмэгтэйчүүдийн форум зохион байгуулж, “Эмэгтэйчүүдийн банк”  байгуулах  төслийн судалгаа  дүгнэлт гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хорин жилийн хугацаанд бид эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшиний оролцоонд нөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, баталгаажуулахыг анхаарч ирсэн ч эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах гал эрмэлзэл, манлайллын шинж чанарт ахиц гаргах талд анхаарч ажиллах нь үүнээс дутуугуй том зорилт байх учиртай.

Эмэгтэйчүүдийн манлайллын хувьд дараах асуудлуудыг анхаарч харах шаардлага бий.

НЭГ. Эмэгтэйчүүд өрсөлдөх чадвартай байцгаая

1990 оноос хойш Монгол улсад олон намын тогтолцоо төлөвшиж, улс төрийн сонгуульд өрсөлдөж нэр дэвших үйл явц илүү төвөгтэй, өрсөлдөөнтэй болсон, болсоор ч байна. Улс төрийн нам дотор нийт нэр дэвшигчид,  ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд сонгууль чухал улс төрийн капитал, эрх мэдэл, албан тушаалын төлөөх өрсөлдөөн болон хувирсан нь нууц биш. 

Энэхүү өрсөлдөөнд эмэгтэйчүүд эрх мэдэл, улс төрийн туршлага, хөрөнгө санхүүгийн хувьд хүчин мөхөсдөж ирсэн.

Бид “эмэгтэйчүүдийн квот” бүгдийг шийдвэрлэж чадахгүй байгааг өнгөрсөн сонгуулийн туршлагаас харлаа. Тиймээс бид зөвхөн квотын хэмжээнд найдалгүй өрсөлдөх чадвараа сайжруулах нь манлайллын нэн чухал шинж гэдгийг анхаарах цаг болжээ.

Өрсөлдөх гэдэг бол арцалдах, сөргөлдөх эсвэл барьцах тухай асуудал биш гэдгийг 20 жилийн улс төрийн амьдралын минь түүх надад үргэлж хэлж байсан. 

Эмэгтэйчүүд өрсөлдөхдөө бусадтай бус өөртэйгөө өрсөлдөж ялах, өөрийнхөө байсан түвшинээс өндөрт өгсөх нь чухал байна. Бид хорин жилийн дараа ямар болов, хэрхэн туршлагажив, хэрхэн улс төрд хатаагдав гэдгээ дүгнэн цэгнэж буй нь өнөөдрийн арга хэмжээний гол агуулга болох учиртай.

ХОЁР: Эмэгтэйчүүд удирдах түвшинд хүлээн зөвшөөрөгддөг, хүлээн зөвшөөрдөг байцгаая

Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх нийгмийн хандлага  сайжирсан нь олон судалгаагаар батлагдсан боловч эмэгтэйчүүдийг удирдах түвшинд хүлээн зөвшөөрөх явдал хувийн шинж чанар, улс төрийн туршлага, мэдлэг, нийгэм улс төр, эдийн засгийн бодлогын тодорхой ойлголт, бусдад нөлөөлөх ёсонд суралцсан байдалтай нь мөн холбоотой байна.

Эмэгтэйчүүд илүү өргөн цар хүрээнд улс төрийн бодлогыг харж, дүгнэж, стратегиа тодорхойлж чаддаг байхыг өнөөгийн улс төрийн амьдрал шаардаж байна. 

Эмэгтэйчүүдээс өөрсдийнхөө асуудлыг ярих, шийдэх чадвараас гадна үндэсний хэмжээний асуудалд хандах бүтээлч, эрч хүчтэй хандлагыг хүлээж байна.

Эмэгтэйчүүд улс төрийн манлайлагч болж өсөж хөгжсөнөөр бусад эмэгтэйчүүдийнхээ бартаат замыг засаж, чиглүүлж гэрэлтүүлж байдаг. 

Бид нэгэн тойрогт багтаж нэгнийгээ хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой. Үүнийг бид том эрх ашиг гэж ойлгодог.

Норвегийн ерөнхий сайд Гро  Харлем Брундтландын   гурван удаа тэргүүлэн ажилласан засгийн газрын  танхимийнх нь 18 сайдын найм нь эмэгтэй байснаараа хамгийн олон эмэгтэй сайдтай танхим гэж дэлхийн түүхэнд үлджээ. Энэ түүх бидэнд дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг мэргэн үгийг аргагүй сануулж байна.

ГУРАВ: Эмэгтэй манлайлагчид сөрөг дүр төрхийг илэрхийлэгч байх ёсгүйг санацгаая

Эмэгтэйчүүд улс төрийн амьдралд эхийн сэтгэлээр хандаж ямар ч үед улс төрийн нам хамаарахгүйгээр хамтран ажиллах бүрэн чадвартай. Гэтэл ард иргэд биднээс хамтрагч байхаас гадна үзэл бодолдоо үнэнч байхыг шаардаж ирсэн.

Монголын улс төрийн түүх  урвагчдад ээлтэй байсан удаагүй. Урвагч, туйлбаргүй шинж чанар эмэгтэй хүний сул тал болж хоёр дахин хүчтэйгээр нийгэмд харагдаж байдгийг санах учиртай. 

Итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байх нь улс төрч хүний онцгой үүрэг юм. Хичнээн хүнд хэцүү байсан ч өөрөөрөө байх зориг бидэнд байх ёстой.

Энэ танхимд НАМЭХ-ны үе үеийн төлөөлөл, манлайлагчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхний хүчээр эмэгтэйчүүдийн байгууллага оршин тогтнож, өсөн дэвшиж ирлээ. 

Нам, төрийн өндөр албанд эмэгтэйчүүдийгээ төлөөлөн ажиллаж байгаа манлайлагчид та бүхэн бусдыг дагуулж, итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байгаа гэдгээ марталгүй санаж, ажиллах ёстой.

Өнгөрсөн 20 жилийнхээ ололт амжилтыг дүгнэн тэмдэглэж, ирээдүйд хүрэх зорилт, өсөлт дэвшилээ төлөвлөх энэ удаагийн чуулган, ойн баярын арга хэмжээг амжилттай зохион байгуулж байгаа НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УЗ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд та бүхэндээ амжилт хүсье.

Эмэгтэйчүүд  бид:

Хаан төрийн  жолоог хатан ухаанаар түшилцэж, хань ижил,  үр  ачдаа хайр халамж, энэрэл элбэрэлээ зориулж,  нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийн төлөө нөөц бололцоо хүчээ дайчлан, дуу хоолойгоо  нэгтгэн ажиллахыг уриалж  байна.

Эрхэмсэг  бүсгүйчүүд  та нар маань

Нүүрэндээ  инээмсэглэлтэй,

Нүдэндээ цогтой,

Хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдрах болтугай.

Монгол бүсгүй та Монгол түмний амь билээ.