Ч.Сайханбилэг хоёр толгойгоо 5.4 тэрбум долларын өрөнд тавьж туух нь тодорхой боллоо
УИХ-ын С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Бие даагч зөвлөлийн гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хөдөө томилолттой яваа учраас С.Ганбаатар гишүүн ганцаараа мэдээлэл хийсэн нь энэ юм.
Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “Оюутолгой”-г гадныханд худалдчихлаа гэв. Учир нь энэ талаарх мэдээлэл гадны томоохон мэдээллийн агентлагуудад сүүлийн үед тасралтгүй гарч аж. Тодруулбал, дэлхийн томоохон мэдээллийн суваг болох “Bloomberg” агентлагт “Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 5.4 тэрбум долларын өр авч “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том ордыг барьцаанд тавих гэрээнд гарын үсэг зурах гэж байна” бичжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнөөдрийн амиа аргацаагаад цаашид биднийг олон арван жил тэжээх ордуудыг тавьж туух гэж байна. Ингэхдээ 5.4 тэрбум долларыг авахын тулд тус ордуудыг 14 банкны барьцаанд ямар нөхцөлтэйгээр тавих гээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна" гэв.
Тус мөнгөний барьцаанд газар нутаг, лицензийн алийг нь тавих гэж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Бие даагч зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар асуужээ. Энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцахыг хүсч байна хэмээн тэрбээр энэ үеэр илэрхийлэв.
Одоогийн засгийн газар Эдийн засгийн хүндрэлээс гаргахын тулд гурван зүйлийг баримталж байгаа нь буруу гэж тэрбээр мөн хэллээ.
Энэ талаар тэрбээр “Хамгийн эхэнд Оюутолгой, Тавантолгойн ордоо золиосолж алтаар өндөглөдөг нугасаа алж идэх гэж байна. Тодруулбал, тус хоёр ордыг цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт баригдсан олз хайсан хүмүүст зориулж өгөөд Монголын эрх ашгийг үгүй хийх гэж байна. Хоёрдугаарт, Монголчууд 19.5 тэрбум долларын өрөнд орчихсон байгаа. Харин энэ өрийг өрөөр дарж нэмж зээл авахаар Ерөнхий сайд, Сангийн сайд, “Монгол банк”-ны Ерөнхийлөгч гадуур гуйлга гуйж явна. Өрийг өрийг дармааргүй байна.Гуравдугаарт, дээрх өрөөс гарахын тулд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг чухалчилж байна. Энэ нь улсынхаа хяналтыг тодорхой нөхцөлтэйгээр Олон улсын валютын санд өгөх гэсэн үг юм” гэв.
Харин бие даагчдын зөвлөлөөс нийт үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайн компаниуд, жижиг дунд болон аж, ахуй нэгжүүдтэйгээ хэлэлцээрт орж асуудлыг шийдэх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байгаа аж.