Оюутолгойн асуудлаар Засгийн газарт асуулга тавьжээ
Засгийн газар “Рио Тинто” компанитай эвлэрлийн гэрээ байгуулж 30 сая ам.долларын татварын өрийг цайруулах санал тавьсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан.
Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар Засгийн газарт асуулга хүргүүлсэн байна. Асуулгыг энэ сарын 1-нд явуулсан бөгөөд “Оюу толгой” компани үйл ажиллагаа явуулснаас хойш хэдий хэмжээний олборлолт хийж хэдэн төгрөгийн татвар төлснийг тайлагнах шаардлага тавьжээ.
Мөн Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар “Рио Тинто” компанитай хийж байгаа хэлэлцээрийн үр дүнг асуусан байна. Түүнчлэн “Оюутолгой” компанид хийсэн зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлт, харилцан буулт хийх ямар нэг гэрээ хэлэлцээр хийсэн нь үнэн эсэхийг тодруулахыг хүсчээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Асуулгыг ямар зорилгоор Ерөнхий сайдад хүргүүлсэн бэ?
“Оюутолгой” компанийн зардлыг санхүү- гийн баримтад үндэслэж шалгахад хоёр тэр- бум ам.долларын хэтрэлттэй, үүнээс 1.4 тэрбум ам.доллар нь ямар ч баримтгүй, хэний данс руу орсон нь тодорхойгүй байсан зөрчил илэрсэн. Мөн 600 сая ам.долларын техник тоног төхөөрөмжийг дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин өндрөөр үнэлсэн ноцтой зөрчил илэрсэн. Үүнийг хэлэлцүүлэхгүй хав дараад байгаа юм. Тиймээс нээлттэйгээр мэдээлэл өгөх ёстой гэж үзсэн.
-Яагаад эдгээр гишүүнтэй хамтран асуулга хүргүүлэх болов?
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэдэг байр суурин дээрээ одоо хүртэл тууштай байгаа гишүүд нь бид хэд. Өмнөх парламентад байсан гишүүдээс Ц.Даваасүрэн гишүүн байгаа. Бусад нь байр сууриа 180 градус өөрчлөөд байгаа. Тиймээс бид хамтран асуулга явуулсан.