Ард түмнийхээ төлөө шийдвэр гаргаарай
Хамгийн сүүлийн мэдээллээр Тавантолгойн гол хөрөнгө оруулагч болох Шинхуа Засгийн газарт шахалт үзүүлсэн тухай яриа Төрийн ордонд эрчээ аваад байна.
Өөрөөр хэлбэл, “Энержи Ресурс” энэ орд дээр Монголын талыг төлөөлсөн компаниар оролцохгүй бол манайх энэ гэрээнээс татгалзана гэх шантааж үзүүлсэн гэх бор шувуу Төрийн ордонд нисч байгаа юм. Мэдээж “Энержи Ресурс” эртнээс энэ ордтой холбоотой байсан, цаашлаад Чалкод өртэй гэдгийг мэдсээр байж адилхан Төрийн өмчит Шинхуа энэ ордыг сонирхсон нь нарийн шижмээр холбоотой гэдгийг хэлээд байгаа юм.
Тавантолгойн орд ийнхүү хэдхэн сарын хугацаанд олны анхааралд орсон нь үнэхээр үнэлж барамгүй ашигтай орд юм биш үү гэдгийг харууллаа. Улстөрчид, бизнесмэнүүд энэ ордын хувь заяагаар “100 чухал сэдэв” гэсэн нэвтрүүлэг хүртэл хийсэн гэхээр л Тавантолгой тийм ч муулаад, ашиггүй ажиллаж байсан орд биш байж гэдгийг баталчихлаа. Тэгэхээр одоо ордоо зөв замаар, зөв ашиглах асуудал л яригдах учиртай. УИХ-ын дарга З.Энхболд, А.Гансүх зөвлөх, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн эсэргүүцээд байгаа шиг асуудал энэ орд дээр үүссэн бол ярихаас өөр аргагүй. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээг 2.1 сая хувьцаа эзэмшигчийн эрх ашигт нийцүүлэх ёстой гэсэн үг.
УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “20 гэр бүл хэдхэн жилийн дотор баяжих гэрээ байх уу. 2.1 сая монголчууд хэдэн жилийн дараа баян тансаг амьдрах гэрээ байх уу гэдгийг л ялгаж салгах нь миний туйлын зорилго” хэмээн ярьжээ. Товч бөгөөд тодорхой хариултыг энэ хүн өгчихлөө. Оюутолгой шиг ард түмэнд ээлгүй, цөөхөн хэдхэн хүнд ээлтэй байдлаар явж, ашиггүй хийсэн гэрээнийхээ араас ард түмэн дахиад хэдэн жилээр харуусах вий гэсэндээ эсэргүүцээд байгаа тэднийг буруутгах аргагүй. Улстөрчдийн хэлж буйгаар бид энэ ордоос ойрын хэдэн жилдээ ширхэг ч ашиг авахгүй бололтой.
Нэг алимны жижигхэн хазмыг авах гэрээ. Хэрвээ ийм зүйл байгаа бол ард түмний төлөө дуугарч байгаа улстөрчдөө өмгөөлөхөөс өөр аргагүй. Тиймээс УИХ ажшн хэсэг байгуулж, ашиггүй ажиллаж буй нэг компани бус төр хувиа эзэмшээд , төмөр замаасаа ашгаа хүртээд, санал өгөх эрхгүй ч хувьцаа эзэмшиж хувь хүртэж байгаа 2.1 сая монголчуудаа хамгаалах нь чухал. “Энержи Ресурс” өнөөдрийг хүртэл хэдэн мянган хүнийг цалинтай, ажлын байртай байлгаж, Монголын зах зээлд хэдэн зуун тэрбумаар татвар төлж ирсэн шилдэг аж ахуйн нэгжийн нэг яах аргагүй мөн. Уул уурхай, нийгэм, хоол хүнс, урлаг, спорт гээд олон салбарт МСS, “Энержи Ресурс”- ын нэг дурьдагддаг. Тэр ч утгаараа Монгол Улсын нэр хүндийг хамгаалж, том ордын төлөө өрсөлдсөн байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэд одоо хоёр өөр мэдээлэл өгөөд яваад байх шаардлага алга.
Улстөрчидтэй ойлголцлын ширээний ард л суух хэрэгтэй байна. ХБаттулга гишүүн ч Ж.Оджаргал бид хоёрын өрсөлдөөн бус Монгол Улсын эрх ашгийн асуудал гэдгийг хэлсэн. Тэгвэл ард түмнийхээ эрх ашгийн төлөө ойлголцоод явуулах уу, эс явуулах уу гэдгээ шийдэх цаг нь болжээ. Ард түмэнд Тавантолгойтой толгойгүй шийдэх асуудал түм бум байна. Цөөхөн хэдэн монголчуудаа нэг орд дээр хуваачихаад хэвлэл мэдээллээр хэрэлдэж, мэдэгдэл шидэлцэж, 76 гишүүн нь хоёр тал болчихоод хэрэлдэж байгаа нь хэнд ч ашигтай биш. Хэн дуртай нь ордоор шоу хийж, ард түмнийг мунхруулж төв талбай дээр санал хураадаг улс төрийн хөгийн шоу хэрэггүй. Бид хөгжиж яваа улс.
Тэр ч утгаараа хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгч, энэ ордын асуудлаар ойлголцолд хүрэх хэрэгтэй байна. Хамгийн гол нь баялгийнхаа эзэн болсон Монголын ард түмний төлөө шийдвэр гаргаарай, улстөрчдөө. Баялаг бүтээгчид ч гэсэн хэсэгхэн зуурын ашгийнхаа төлөө ард түмнээ, улсаа битгий худалдаасай. УИХ-аар энэ ордын хувь заяаг хэлэлцэх үед Монголын ард түмний талд шийдвэр гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Нэг компанийн төлөө дуугарч байгаа УИХ-ын гишүүд хожим ард түмнийхээ өмнө хэлэх үггүй зогсох цаг ирэх вий. Тиймээс 35 ордынхоо нэгийг өгөөд л явуулчихъя гэдэг сэтгэлээр бус нэг ч гэсэн ордоо ашиглаж, Азийн бар улс болгох алхамаа хиймээр байна. Хоёр том компанийн эрх ашгийн зөрчлийн бай болгож тоглох бус 2.1 сая хувьцаа эзэмшиж байгаа ард түмэн чинь хожим 1072 хувьцаанаас 2500 төгрөг бус 250 сая ам.доллар авах ашигтай тийм л гэрээг өнөөдөр зурах хэрэгтэй байна. Долоо хэмжиж нэг огтол гэдэгсэн.