Р.Бурмаа загнуулаад сурчихжээ
УИХ-ын ахмад гишүүдийн тоонд ордог Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.05.11

Р.Бурмаа загнуулаад сурчихжээ

УИХ-ын ахмад гишүүдийн тоонд ордог Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа салбарынхандаа загнуулаад, зануулаад, одоо бүр сурчихсан бололтой. Тоог биш, чанарыг эрхэмлэж урамшуулал олгох сайдын зарчмыг эсэргүүцсэн газар тариалан эрхлэгчид жагсаал хийж үзсэн. "Чи өөрөө буудайгаа тариарай" хэмээн загнаж ч амжсан юм.

Тэгвэл цөөнгүй оймс элээсэн улстөрч бүсгүй энэ зэргийн юмыг сонсоод сурчихсан аж. Тэрбээр энэ долоо хоногт "Сайдын цаг" уулзалтад оролцохдоо "Би тэр жагсаалыг сайн талаас нь харсан. Тэд жагссанаар ард нь байсан асуудал, бэрхшээл ил болж шийдвэрлэх боломж бүрдсэн. Цаашид бүх ажил зах зээлийн зарчмаар явна" хэмээн өөдрөгөөр тайлбарлана лээ.

Ер нь энэ салбарынхныг цэгцэнд нь оруулж, багагүй чангалж буй бололтой юм. Улаан буудайгаа 23 хувийн цавуулагтай хэмээн "панаалдаж", гурилын үйлдвэртэй гэрээ хийсэн "Ургац хүдэр" компанийн захирал нь Р.Бурмаа сайдыг шахаанд оруулах гэж үзсэн гэнэ. "Шалгаад үзэхэд энэ компанийн буудайн цавуулаг 18 хувь гарсан. Худал хэлж гэрээ хийсэн юм уу, юутай ч чанаргүй буудай байгаа нь тогтоогдсон.

Үйлдвэр мэдээж ийм буудай авахгүй. Гэтэл захирал нь тэр үйлдвэрт заавал миний буудайг өг гэж шахсан. Тэгдэггүй юм" хэмээн ярив. Загнаж, загнуулах ч яах вэ. Гол нь салбарынх нь ажилд ахиц гарсан уу гэдгийг удахгүй дүгнэх учиртай.