Хэн чанга дуугарснаас нь, муулж гүтгэснээс нь айж ажлаа явуулахгүй
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.04.02

Хэн чанга дуугарснаас нь, муулж гүтгэснээс нь айж ажлаа явуулахгүй

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Та хөдөө аж ахуйн салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан ч гарсан. Энэ хооронд газар тариалангийн талбарт юу амжуулж, ямар бодлого гаргав?

Бидний нэн тэргүүнд анхаарах асуудал газар тариалангийн талбайн хөрсийг сайжруулж га-гаас авах буудайг нэмэгдүүлэх. Хөрснийхөө чанарыг мэдэхийн тулд Мэргэжлийн хяналттай хамтарч хөрсний хяналт шалгалтыг явуулахаар болсон. Бас сүүлийн үеийн тоног төхөөрөмж авах асуудлыг нь шийдэхийн тулд удаан хугацааны лизингийн үйлчилгээ оруулахаар хөөцөлдөж байгаа.

Тэгж чадвал тариалан эрхэлж байгаа хүмүүс заавал уринш хийнэ гэхгүй, талбайгаа илүү үр дүйтэй ашиглах боломж бүрдэнэ. Хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах хуулийн төсөл УИХ дээр байгаа. Батлагдвал эрх зүйн орчин нь нээлттэй болчихно Үүнээс гадна Хятадын хөнгөлөлттэй зээлээр трактор, комбайн удахгүй ирнэ. Асуудлыг дэмжиж, түргэн хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Одоо тариаланчдын зөвлөгөөнийг орон нутагт хийхээр боллоо. Энэ үеэр л амин зүйлүүдээ, газар тариалангийн өнөөгийн нөхцөл, цаг агаар, технологийн дэвшил, зах зээлийн зарчимд нийцсэн газар тариалангийн бодлогоо хэрхэн хийх вэ гэдгийг ярьж салбарынхны саналыг авна. Үүн дээр үндэслээд УИХ-д Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг, Засгийн газарт Тогтвортой газар тариалангийн хөтөлбөрийг энэ хавартаа багтаан танилцуулна.

-Хаврын тариалалт эхэллээ. Нөхцөл байдал ямар байна вэ. Тариаланчид өнөө жил тариа тарих эсэхээ мэдэхгүй байна гэцгээж байгаа?

Өнөө жил улсын хэмжээнд 328.6 мянган га-д тариалалт хийхээс 300 мянган га талбайд үр тариа тариална. Ирэх намартаа 320 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Хаврын сард буюу тариалалтын улирал эхлэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлдэг. Үр, бордоо, хор, ургамлын бодис, шатахуун зэргийг олгохдоо өнөө жилээс шалгуур тавихаар болсон. Шууд хэлбэл харилцагчийн түүхийг гаргаж эхэлсэн.

Зээлээ цаг тухайд нь буцаан төлдөггүй, буудай тарина гэж төрөөс дэмжлэг авчихаад рапс тарьж асуудал үүсгэдэг аж ахуйн нэгж, иргэдэд төрийн дэмжлэгийг тодорхой шалгуур үзүүлэлттэй өгдөг болох юм. Байгуулсан гэрээнийхээ дагуу зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийдэг аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаагүй, бага урьдчилгаатай 'зээл олгох, бусад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр ажиллана.

-Л.Цандэлэг Монгол Улс ирэх намар гурил үйлдвэрлэхгүй гээд мэдэгдчихлээ?

Өнгөрсөн хугацаанд тариаланчид маргаан гаргасан. Би бүх тариаланчид биш зарим компанийн эзэд гэж хэлнэ. Үүгээр энэ салбарын бохирдсон хэсэг нь ил гарлаа. Тухайлбал, хуучин цагт найзын дундаа ажилладаг байсныг нь болиулж харилцагчийн түүх, бүтээгдэхүүний чанарт үндэслэж гэрээнд заасан үзүүлэлтүүдийг шаардаад эхлэхээр ХХАА-н яам бус Хууль зүйн яам боллоо гэж яриад эхэлж байна.

Үүнийг би сайн гэсэн үнэлгээ гэж харж байгаа. Яагаад гэвэл аль ч яам хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн дагуу шаардах ёстой. Тариалангийн бизнес эрхлэгчдийн хоёр ч холбоо байна. Холбооны тэргүүдтэй уулзахад нийт тариаланчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү өөрсдийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалсан асуудал яриад байгаа нь ч анзаарагдлаа.

-Нөөц үр хангалттай, намар болтол гурилаар дутагдахгүй юу?

Аж ахуйн нэгж, иргэд 48 мянган тонн үр нөөцөлсөн байгаа. Дээрээс нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын газарт нөөцөлсөн үрийг нэмэхээр 4-5 мянган тонн л дутах магадлал байна. Буудайн дутсан үрийг импортоор оруулж ирэх бүрэн боломжтой. Гурил, буудайны нөөц аравдугаар сар хүртэл хангалттай.

-Дотооддоо хангалттай буудай тарьчихаад байхад тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж импортоор буудай авсан нь асуудал үүсгэсэн юм биш үү?

“Тариаланчдын гар дээр борлогдолгүй үлдсэн буудай байхад импортоор буудай оруулж ирлээ” гэж нэлээд шуугисан. Засгийн газар хүлээцтэй байж, удаан сонсч хоёр ч удаа шалгалт явууллаа. “Шалгалтын дүнг нь нийтлэхгүй байна” гэж намайг бас л шүүмжиллээ. Шалгалтын ажлын хэсэгт тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдээс хүмүүс оролцсон.

Тодруулбал, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан" холбооноос“Зургаан компанид үлдэгдэл буудай байна” гэсэн. Нийт 30 орчим мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа юм байна. Гэхдээ энэ нь огт зарагдаагүй бус Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар орж гурилын үйлдвэрүүдэд гэрээгээр зарагдчихсан юм билээ. Ингээд цавуулгийнх нь хэмжээг шалгахад хамгийн их хэл ам хийгээд байгаа Л.Цандэлэгийн Ургац хүдэр компанийн буудай л гэхэд дунджаар 18 хувийн цавуулагтай гэж гарсан.

Шууд хэлбэл өнгөрсөн намар стандартад тэнцсэн гэж гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж тариалан эрхлэлтийн сангаас урамшууллын мөнгөө авчихсан байдаг. Гэтэл цавуулгийнх нь хэмжээ стандартад хүрэхгүй байгаа. Мөн тэдний буудайгаа өгөхөөр гэрээ байгуулсан гурилын үйлдвэрүүд нь мөнгөгүй учраас худалдан авалт хийхгүй байна. Харин гурилын үйлдвэрүүд нь манай гурил зарагдахгүй байхад бид арилжааны банкнаас хүүтэй мөнгө зээлж Л.Цандэлэг нарын буудайг авч чадахгүй гэж байгаа.

-Ц.Баатарсайхан, Л.Цандэлэг яам гурвын дунд одоо яг ямар асуудал байгаа юм?

Л.Цандэлэг өөр гурилын үйлдвэрт тушаахаар гэрээгээ хийж, урамшууллаа авчихсан буудайгаа Ц.Баатарсайханыг ав гэсэн бололтой. Манай яамны эрхлэх асуудалд ийм харилцааг зохицуулах заалт байхгүй. Л.Цандэлэг нарын буудайгаа тушаахаар гэрээ байгуулсан гурилын үйлдвэрүүд нь одоохондоо 30 мянган тонн буудайг худалдан авч боловсруулах санхүүгийн чадамжгүй байгаа юм байна.

Дээрээс нь стандартад хүрсэн гээд намар өөр гурилын үйлдвэртэй гэрээ байгуулчихсан. Тэгээд ч сая  шалгалт хийхэд цавуулаг нь  18 хувьтай байж стандарт  хангасангүй. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид  чанартай гурил авахыг хүснэ биздээ. Ингээд л чанаржуулагч буудайны асуудал боссон.

Намайг салбарын сайд болохоос өмнө 40 мянган тонн чанаржуулагч улаан буудайн импортын эрх олгосон байсныг би ирээд 20 мянган тонн болгож бууруулсан юм. Эндээс 11 мянга орчим тонн улаан буудай орж ирчихээд байгаа. Импортлоход бид цавуулаг өндөр байх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьсан. Харамсалтай нь оруулна, оруулахгүй гэж цаг хугацаа алдсаар байгаад шаардлагад тэнцэх буудай оруулж ирсэн тохиолдол ч гарлаа.