Энэ жил 400 мянган га талбайд тариалалт хийнэ
Тариөлалт
2015.04.08

Энэ жил 400 мянган га талбайд тариалалт хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа хаврын тариалалтын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн байна. ХХАА-н сайдын өгсөн мэдээллээр энэ жил 400 мянган га талбайд тариалалт хийх аж. Үүнд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал, тосны ургамал багтаж байгаа.  Мөн энэ жил нийтдээ 465 мянган тонн улаан буудай хурааж авна гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Р.Бурмаа сайд мэдээлсэн байна. 

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр "Өнгөрсөн жил 489 мянган тонн улаан буудай хурааж авсан.Манай улс жилдээ 365 мянган тонн үр тариа буюу түүнтэй тэнцэх хэмжээний гурил хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Энэ жилийн улаан буудайн тариалалтын хэмжээг харахад дотоодын нийт хэрэгцээгээ хангахуйц тариалалт явуулахаар байгаа юм. 167 мянган тонн төмс хурааж авах зорилт дэвшүүлсэн байгаа. Одоогийн байдлаар техникийн бэлэн байдал 54 хувьтай, 48 мянган тонн үрийн буудай хэрэгтэй байгаагаас 45 мянган тонныг нөөцөлсөн, 3.9 орчим мянган тонныг улсын нөөцөөс авна гэж байна.

Тариалан эрхлэгчдэд санхүүгийн дарамт үүсгэхгүйн үүднээс урьдчилсан зээл олгохоор гэрээ хэлэлцээр хийж байгаа. Юуны өмнө шаардлагатай үрийн буудайн 20 хувьтай тэнцэх, мөн шатахуун тослох материалын 50 хувьтай тэнцэх, бордоо болон ургамал хамгааллын бодисын 30 хувьтай тэнцэх зээлийг тариаланчдад өгөөд намар ургац хураалтын үеэр нөхөж авах ийм гэрээ хийгээд явж байна. Ингэснээр хаврын тариалалт амжилттай явах нөхцөл бүрдсэн гэж үзсэн” гэлээ. 

Түүнчлэн өнгөрсөн сарын 20-доос эхлэн тариалан бүхий аймгуудад холбогдох сургалт явуулж байгаа бөгөөд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод тариаланчдын саналыг авч байгаа аж.