Хувьцааг үл хөдлөх хөрөнгө шиг ашигла
Яг одоо нийгэм бүхэлдээ Тавантолгойг тойрсон асуудлаар хоёр тал болчихоод байгаа. Орой болгон телевизээр Тавантолгой, 1072 ширхэг хувьцааг хүмүүс ярьсаар. Гэхдээ үүнийг түр хойш тавья.
Хэрвээ таны дансанд эх орны хишиг 1072 ширхэг хувьцаа орчихсон гэж бодоод үз. Зөвхөн бодож байгаа ш дээ. Гэтэл танд яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэхэд хувьцааныхаа ашгийг хүлээнэ гэдэг цаг алдана. Харин барьцаанд тавиад зээл авахыг хүсвэл Монголд эрх зүйн орчин нь байхгүй.
Тодруулбал эдийн бус хөрөнгө буюу хувьцаа, үнэт цаас, “шаардлага” буюу өрийн авлага, оюуны өмчийг барьцаалах замаар тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулахад нэлээд асуудалтай. Өөрөөр хэлбэл банкны зээлийн нөхцөлд дээр дурьдсан эдийн бус хөрөнгүүд багтдаггүй аж.
Хэрвээ энэ орчинг нь нээгээд өгвөл иргэд өөрт байгаа эдийн бус хөрөнгөө зах зээлийн эргэлтэд маш хурднаар оруулж хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлж дотоодын эдийн засагт сайн нөлөө үзүүлэх юм.
Нөгөө талдаа банкны зээлийн үйлчилгээ ч гэсэн илүү боловсронгуй уян хатан болох талтай. Эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийг бүртгүүлдэггүйгээс нэг хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьсаныг мэдэх боломжгүй байдаг.
Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтыг багасгах үр дагаврыг бий болгож байна. Иймд хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааг төвлөрсөн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэх боломжийг хуульчлан бий болгож, тухайн хөрөнгийн хувьд хүчин төгөлдөр барьцаа байгааг нийтэд нээлттэй болгох шаардлагатай аж.
Үл хөдлөх хөрөнгө
Банк болон банк бус зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид зээлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй иргэд болон хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чаддагүй.
Нөгөөтэйгүүр хөрөнгө нь байсан ч хүү өндөртэй бага хэмжээний зээл олгодог нь эдийн засгийн эргэлтэд ороход хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ төрлийн хуулийн эрх зүйн орчинг сайжруулан шинэчлэх хэрэгтэй аж.
Өнгөрсөн засгийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийн төслийг өргөн барьсан ч одоог хүртэл буцаагдаж байгаа билээ.
Тус хуулийн төсөл 7 бүлэгтэй бөгөөд хэрэгжсэн тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалах эрх зүйн орчин сайжирна хэмээн санаачлагчид үзэж байгаа аж.
Түүнчлэн хамгийн чухал нь банк, санхүүгийн байгууллагууд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, өрсөлдөөний үр дүнд зээлийн хүү буурч, хугацаа уртсан жижиг, дунд бизнес эрхлэлтэд бодитой дэмжлэг үзүүлэх юм