Хойд Америкийн хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн орчныг сонирхов
Монголын бизнесийн зөвлөл
2014.10.09

Хойд Америкийн хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн орчныг сонирхов

Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өчигдөр Туушин зочид буудалд эхэллээ

Америкаас Монголд суух Элчин сайдын үгээр эхэлсэн уг уулзалтын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нарын хүмүүс үг хэлсэн юм.

Хаан банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдгээрээ монголчуудын танил болсон Петр Морроу, Сант марал судалгааны төвийн захирал Л.Сумати, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нарын оролцогчидтой хуралдаан “Бид хаанаас хаа хүртэл явах вэ” гэсэн сэдвийн дор өрнөсөн.

Өдгөө Монгол дахь Америк сургуулийн ТУЗ-ийг тэргүүлж байгаа Петр Морроу “Сүүлийн хэдэн жилд Монголд маш олон зүйл өөрчлөгдсөн. Нэг хүнд ногдох ДНБ 400 ам.доллараар хэмжигдэж байсан бол өнөөдөр 4000 ам.доллар болтлоо өссөн.

Хаан банк гэхэд л 2000 онд 800 орчим ажилтантай, нэг ажилтны сарын дундаж цалин 72 орчим ам.доллар байсан бол өнөөдөр эрс өөр дүр төрхтэй байгаа. Өчнөөн ажилтантай, 150 гаруй ажилтан нь 2000-8000 ам.долларын цалинтай болсон. Ардчилалд шилжих чиглэлээр том өөрчлөлт хийж чадсан ард түмэн. Япон, Солонгос, Тайваньтай адил улстөр, эдийн засгийн хувьд хөгжиж чадсан. Тавиад онд Солонгост өрнөсөн өөрчлөлт Монголд ид хийгдэж байна” гэж ярилаа.

Энэ эрхэм хөрөнгө оруулагчдын эсрэг ярьдаг хэлдэг зүйлс багассанд олзуурхаж байлаа. Оюу толгой, Таван толгой, Бороо гоулдтай холбоотой асуудлууд шийдэгдвэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ гэж тэр үзэж байна.

Оюу толгой дээр татварын маргааныг эс тооцвол хоёр талд асуудлыг эөрэгээр шийдэх нааштай хандлага бий гэж үзэж байгаагаа чуулга уулзалтын индрээс илэрхийлсэн. Тэрээр “Таван толгойн хувьд төмөр замын царигийн асуудлыг цаг алдахгүй шийдэх асуудал бий. Америк, Хятадын талд энэ төсөл дээр хамтрах сонирхол өндөр байгаа. Таван толгойг хувийн компанид шилжүүлэх асуудал бий. Улстөрийн хөндлөнгийн оролцоог аль болох багасгах нь чухал.

Энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга, сайд Ч.Сайханбилэг хариуцаж байна. Яг ямар шийдвэр гарах нь арваннэгдүгээр сард багтаж тодорхой болох байх. УИХ Бороо гоулдтай холбоотой асуудлыг удахгүй шийдэх болов уу гэж найдаж байна.

Гэхдээ дараагийн сонгуулийн цикл эхэлж байгаа учраас янз бүрийн нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй"  гэж онцоллоо. Сонгуулийн цикл эхэллээ гэсэн үгийг хэд хэдэн хүн унагав. Монголд хэрэгжиж буй төслүүдэд мөнгөө хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнг хүлээзнэж байгаа нь уулзалтын уур амьсгалаас анзаарагдаж байлаа.

Ирэх сонгуулиар аль намд ялах боломж байгаа талаар сонирхож буй хөрөнгө оруулагчид “Сант марал” судалгааны төвийн захирал Л.Суматигийн үгийг анхааран сонсов. Л.Сумати “Миний нэг орос найз жонш боловсруулах үйлдвэр барих чиглэлээр ажилласан ч шоронд орохоос наагуур асуудалд ороод байна.

Найз маань саяхан надад “Өмнө нь сумын засаг даргаас гарын үсэг аваад л болдог байсан бол өнөөдөр арван хүнээр гарын үсэг зуруулах хэрэг гарч байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө ч тэр хэрээр өсч байна” гэж олсон. Би тэвчээртэй байхыг л зөвлөлөө.

Өмнө нь гарын үсэг зурж байсан нэг хүн өнөөдөр арав болчихсон эхээр АН-аас энэ хэрийн хүмүүс томилогдсон гэсэн үг. Тэр утгаараа ирэх сонгуульд дахиад олонхи болж магадгүй. МАН-ын хувьд ажил хийхгүй байна гэж шүүмжлэх маягаар сонгуулийг хүлээж байна.

Хаан банк гэхэд л 2000 онд 800 орчим ажилтантай, нэг ажилтны сарын дундаж цалин 72 орчим ам.доллар байсан бол өнөөдөр эрс өөр дүр төрхтэй байгаа

МАХН-ын лидер Солонгост байгаа. Н.Энхбаяр ирэхгүй бол таван хувийнхаа ч босгыг давж чадахгүй. Сонгууль дөхөж байгаа учраас ирэх жил популист хандлага давамгайлах байх” хэмээн ярив. Хөрөнгө оруулагчид Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийг ямар зорилготой айлчилсан, айлчлалын үеэр ямар асуудлуудыг хөндсөн зэргийг сонирхож байсан юм. Тэдний сонирхсон асуудалд Л.Сумати

“В.Путины хувьд таван жилд нэг удаа айлчлах ёстой гэдгээрээ ирсэн гэж харж байна. Хятадын дарга бол өөр. Өндөр хэмжээнд бэлтгэсэн айлчлал байсан. Эдийн засагт том ач холбогдолтой айлчлал болж чадсан гэж дүгнэж байна. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд удахгүй ажил болж эхлэх байх” гэсэн хариу өглөө.

Нийгмийг авч явах ёстой дунд давхаргынхны хувьд “Сант марал” төвийн судалгаагаар нэг сонирхолтой дүгнэлт гарчээ. Өөрсдийгөө дундаж орлоготой гэж тодорхойлогсдын орлого нь төртэй ямар нэг сэжмээр холбогддог гэнэ. Тэдний үзэж байгаагаар манай улсын дундчууд төртэй хамаатай системээс үр өгөөж хүртэж амьдардаг аж.

Л.Сумати эдийн засгийн гол үндэс болсон жижиг, дунд үйлдвэрийг дэмжвэл хөгжихөд асуудалгүй хэмээн ярьж байлаа.

Д.Цогтбаатар бизнесийн орчны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “ВНР лицензээ буцаагаад Таван толгойг орхисон, уул уурхайн салбар өнөөдрийнх шиг нөлөөгүй үед буюу 2004 онд Монголын эдийн засаг анх удаа арван хувиас давж өссөн. Тэр үед бизнес дэх төрийн оролцоо бага, хувийн хэвшил хүчтэй хөгжсөн байсан юм.

Ингэсний хүчээр 2004, 2005 онд эдийн засаг мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Гэтэл дараахнаас нь өмнөх сайн юмнууд муудаж эхэлсэн л дээ. Бизнесийнхний өгсөн татвараар амьдардаг төрийн албаныхан бизнес эрхлэгчдийн үгийг сонсохоо больсон.

Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд удахгүй ажил болж эхлэх байх

Төрийн албан хаагчийн сэтгэхүйд өөрчлөлт гарсан. Харин сүүлийн үед энэ хандлагыг засах чиг рүү явж байна. Засгийн газар ардчилсан Монголын түүхэнд анх удаа эрдэс баялгийн үндсэрхэг үзлээс татгалзах хандлагатай байна. Засгийн газар манлайллыг гартаа авах ёстой. Даган баясагчидтай биш бодит манлайллыг бүтээх хэрэгтэй" гэж ярилаа. Түүний үгнээс ядуурлыг бууруулж байж популизмаас сална гэсэн санаа анхаарал татаж байв.

Чуулга уулзалтад оролцсон хөрөнгө оруулагчид Засгийн газраас сүүлийн үед хэрэгжүүлж эхэлсэн бодлогын өөрчлөлтүүдэд эерэг хандлагатай байлаа. Хайгуулыг дахин эхлэх болсонд олзуурхах хүн олон байв. Харин тэд лиценз олгох явдал хэр шударга явах бол гэсэн эргэлзээ байгаагаа нуусангүй.

Ашигт малтмалын хууль гэх мэт уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинд орсон өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэшсэн төрийн албан хаагчид чухал үүрэгтэй гэж хөрөнгө оруулагчид ярьж байлаа. Улс төрөөс хараат бус мэргэшсэн төрийн албан хаагч үгүйлэгдэж байгааг ч тэд онцолсон. Хуулиа сайжруулсан нь сайн хэрэг ч сэтгэлгээ, хандлагаа өөрчлөхгүй бол амжилт ирэхгүй гэж анхааруулах хүн ч байсан юм.

Өнөөдөр өндөрлөх Америк, Монголын хөрөнгө оруулагчдын чуулганд гадаад, дотоодын 60 орчим бизнес эрхлэгч оролцож байна.