Ч.Улаан:Хөрөнгийн бирж дампуурахад ойрхон байсан
Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт Лондон хотод ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа.
-Лондонд ямар ажлаар яваад ирэв. Тэнд ямар ажлуудыг ярилцсан бэ?
Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өмнө эхлүүлээд дуусгаж чадаагүй ажлаа гүйцээн хийх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх зорилготой байлаа.
Лондон дахь хөрөнгө оруулагч, сонирхогч нартай уулзаж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Засгийн газрын байр суурь, бодлого, үйл ажиллагааг таниулах, эдийн засаг санхүүгийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
-2011 оны Лондонтой байгуулсан гэрээг Монголын талд ашиггүй гэрээ, ажилладаггүй програм хангамжийг өндөр үнээр шахсан зэрэг мэдээллүүд гарч байсан. Харин энэ удаад ямар гэрээ байгуулсан бэ?
-Үнэндээ өмнөх гэрээний хэрэгжилтийг зохион байгуулж чадаагүйгээс хамтран ажиллах түншийнхээ нэр хүндэд сэв суулгасан харамсалтай явдал болсон. Үүнийг нуугаад яахав, хүлээн зөвшөөрөх нь зөв. Яагаад ийм байдалд хүрсэн нь биднээс, өөрсдөөс маань шалтгаалсан. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны шинэчлэлтийг хэрэгжүүлж чадаагүй, хэрэгжүүлэх- арга эвээ ч олоогүй явж иржээ. Хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд болох Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТөв, брокер, дилерийн компаниудаас эхлээд Арилжаа эрхлэгчдийн холбоод хүртэл хоорондоо үл ойлголцож байснаас болсон байна.
Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хорооноос тавьж байсан шаардлага, хүчин чармайлт үр дүнд хүрсэнгүй. Хөрөнгийн бирж болон ҮЦТТТХТөвийн ажлыг оновчтой уялдуулсан зохистой бүтцийг олж, өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон байлаа.
Засгийн газар анхаарлаа хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Санхүүгийн Зохицуулах Хороо ч мөн Арилжаа эрхлэгчдийн холбооны зохицуулалтын асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай болсон.
-Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хөрөнгийн биржийг, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн зорилтууд байдаг байсан. Гэвч хөгжил хангалтгүй байна гэж байна. Шалтгаан нь юу байв?
-Хөрөнгийн, бирж бол хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон цэвэр санхүүгийн мэргэжлийн байгууллага. Тэндажиллах боловсон хүчинд мэргэжлийн өндөр шалгуур тавигдаж байдаг. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын удирдлагад мэргэжлийн бус хүмүүс, ажлын туршлага багатай хүмүүсийг ч намын харъяалалаар томилж байжээ.
Хөрөнгийн биржид хувьцаа, бонд гэхээсээ төмс, лууван зардаг байсан үе бий. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг саатуулсныхаа горыг одоо амсаж байна гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Хөрөнгийн бирж үндсэндээ дампуурчихсан байсан. Сүүлийн гурван жилд алдагдалтай ажиллаж нэг төгрөгийн орлого олохын тулд 1.08-1.36 төгрөгийн зардал гаргажээ.
Монгол Улсын Үндэсний Аудитын газар Монголын хөрөнгийн биржийн санхүүгийн тайланд жил дараалан хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн байна. Хөрөнгийн бирж удирдлага, зохион байгуулалтын хувьд төлөвшөөгүй, санхүүгийн сахилга гэж байхгүй, үйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд үр дүнгүй, гэрээ хэлцэл, тохиролцоо хэрэгжүүлэх чадваргүй байгууллага болчихсон байна.
Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгийн биржийг болон хөрөнгийн зах зээлийг жам ёсны нь дагуу хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн чухал механизм болохыг зорьж байна. Ерөнхий сайдын мэдэгдэлд Хөрөнгийн биржийн ойрын ирээдүйн хөгжлийн асуудлыг хөндөж тавьсныг санаж байгаа байх.
Сүүлийн гурван жилд алдагдалтай ажиллаж нэг төгрөгийн орлого олохын тулд 1.08-1.36 төгрөгийн зардал гаргажээ.
Дорвитой өөрчлөлт шинэчлэлийг хийж хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг бүрдүүлэгч байгууллагуудыг институцын хувьд нь бэхжүүлэхээр Монголын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа эзэмшигчээр Сангийн яамыг томилоод байна. Сангийн яамнаас хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг нэгдсэн бодлого, уялдаа зохицуулалттай хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шат дараатай арга хэмжээ авч эхлээд байна.
-Үр дүн нь хэзээнээс мэдрэгдэх бол?
-Ажлын эхлэл зөв байгааг харуулсан нааштай өөрчлөлт мэдрэгдэж эхэлж байна. Сангийн Яам Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчээр томилогдож шинэ Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг сонгон ажиллуулснаас хойш хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нийт арилжаан дахь гадаадын хөрөнгө оруулагчдын эзлэх хувийн жин дөнгөж зургаан хувьтай тэнцэж байсан бол одоо 20 хувь хүртлээ өссөн үзүүлэлт гарчээ. Энэ бүхэн нь бидний эхлүүлсэн шинэчлэлийг зах зээл нааштайгаар хүлээн авч байгаа гэсэн дохио юм.
Мөн гадныхан сонирхож эхэлж байна. Энэ их чухал. Цаашдаа хөрөнгийн зах зээл улам эрчимтэй хөгжих боломжийг бүрдүүлж төрийн зүгээс бодлогоор бодитойгоор дэмжин ажиллах нь чухал гэж үзэж байна.
-Та биржийн удирдлагын асуудлыг хөндөж ярилаа. Төрийн өмчийн хорооноос зарлаад байсан сонгон шалгаруулалтаас гадуур Сангийн яам хүн томилсон шүү дээ. Тэгэхээр өмнөх улс төрийн томилгоо яваад байгаа юм биш үү?
-Шинэчлэл бол сэтгэл гарган хамтарч хийх ажил шүү дээ. Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийг Засгийн газрын шийдвэрээр өөрчилж Сангийн яаманд энэ үүргийг хариуцуулсан. Засгийн газрын энэ шийдвэрийг Сангийн яам үр дүнтэй ажил болгох үүрэгтэй.
Цаг хугацаа бага, танилцах, суралцах сонголт байхгүй, шууд л ажилдаа орох шаардлагатай болсон. Биржийн үйл ажиллагаа доголдож, эрсдэлийн өндөр түвшинд хүрсэн байсныг олон нийт мэдээгүй байсан байх л даа. Үнэндээ
Хөрөнгийн бирж 1-2 сарын хугацаа алдвал дампуурлаа зарлах байдалд хүрэх байв
.
Сангийн яам мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай, хариуцлага дааж чадахуйц хүнийг томилж, үүсээд байсан нөхцөл байдлыг богино хугацаанд хяналтдаа авахыг зорьсон. Өмнөх сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн материалыг авч судлаад шаардлага хангавал, томилно гэсэн байр суурьтай байлаа.
Гэтэл сонгон шалгаруулалтаар өндөр оноо авсан гэгдэж байсан хүмүүст Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газраас эерэг биш үнэлгээ өгсөн байсан. Эдгээр байгууллага хуулиар үнэлэлт, дүгнэлт өгч зөвшилцөх бүрэн эрхтэй бөгөөд би ч тэдгээрийн үнэлэлт дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тиймээс Сангийн яам үүсээд байсан нөхцөл байдалтай уялдуулан цаг алдалгүй томилгоог шууурхай хийсэн.
Лондонгийн Хөрөнгийн биржтэй шинэ гэрээ байгууллаа. Төсвөөс ямар нэмэлт зардал гаргах уу. Бодит үр дүн гарахгүй байвал мөн л төсөвт дарамт болох байх даа ?
-Өмнөх гэрээгээ хэрэгжүүлж үр дүнг нь хүртэж чадаагүй байснаас дахиад нэмэлт зардал гарах вий гэх болгоомжлол байгаа. Гэхдээ үүнийг бид шинэ боломж гэж үзэж байгаа. Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээнд энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр Лондон хотноо гарын үсэг зурлаа.
Ирэх гурван жилд хоёр бирж стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалахаар болсон. Өмнөх гэрээгээр хүлээсэн үүргээ нилээд хөнгөлсөн, төсвөөс ямар ч нэмэлт зардал гарахгүйгээр гэрээ байгуулсан.
Тухайлбал, программ хангамжийн үйлчилгээ нь жилийн 700 мянган ам.доллар байсныг шинэ гэрээгээр 70 мянга болгож 90 хувийн хөнгөлөлтийг авлаа. Төсөл хэрэгжих нийт хугацаанд зөвхөн үүнээс хоёр сая ам.долларын хэмнэлт гарна.
-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг төрийн зүгээс бодлогоор дэмжиж байгаа гэлээ. Тодорхой зүйлээс нь дурьдвал ?
Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр нилээд хэдэн ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг болно. Ингэснээр их наядаар үнэлэгдэх шинэ бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн зах зээлд нийлүүлэгдэж брокер диллерийн компаниудын арилжаа, үүнээс олох шимтгэлийн орлого ч нэмэгдэнэ.
Бид Засгийн газрын үнэт цаасны арилжаанд гадаадын болон дотоодын банк бус хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна. Засгийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалснаар бусад аж ахуйн нэгж дотоодын зах зээлд бонд гаргахад зохистой жишиг тогтоож өгнө. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна.
Төсөл хэрэгжих нийт хугацаанд зөвхөн үүнээс хоёр сая ам.долларын хэмнэлт гарна
Мөн Ашигт малтмалын хуульд тусгасан хөрөнгийн Зах зээлтэй холбоотой заалтуудыг Хөрөнгийн биржээр дамжуулан хэрэгжүүлнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилждаг болно. Уул уурхайн салбарын дотоодын томоохон компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдана.
Хөрөнгийн зах зээлтэй холбоотой татварын зохицуулалтыг цогцоор нь сайжруулах замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ. Хөрөнгө оруулагчдаас манай хөрөнгийн биржийн зах зээл рүү нэвтрэхэд хүндрэл учруулж буй асуудлыг Засгийн газар, УИХ-д танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргуулна.