Хөрөнгийн биржийн үхмэл цэргүүдийг хэрхэн амилуулах вэ?
Үнэт цаасны зах зээлийн арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Бүрэнжаргалтай ярилцлаа.
-Үнэт цаасны зах зээл Монголд хэрхэн үүссэнийг товчоор хэлбэл?
Монголын хөрөнгийн зах зээл 1991 онд Хөрөнгийн бирж үүссэнээр бий болсон. Тухайн үед төрийн өмчийг хувьчлах ажил эхлэж нийт 475 төрийн өмчит аж ахуйн нэгжийг Хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж иргэдэд хувьцааг олгож эхэлсэн бөгөөд уг үйл явц 1995 он хүртэл үргэлжилсэн.
1995 оноос зах зээлийн шинэ үе шат буюу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэсэнээр өмнө нь буюу анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцаа худалдаж авсан этгээдүүд буцаагаад хувьцаагаа бэлэн мөнгө болгох буюу зарах боломж нээгдсэн. Энэ үеэс иргэдээс хувьцааг худалдан авах замаар компанийн хяналтын багцыг эзэших буюу хувьцаа, төвлөрөх процесс эхлэж 1998-1999 оны үед маш идэвхтэй явагдсан.
Ингэж хувьцааны хэт төвлөрөл үүсэх болсон шатгаан маань манай биржийн үүсгэн байгуулагдсан зорилго буюу Төрийн өмчийг хувьчлах замаар ХК бий болж байсантай холбоотой. Учир нь эдгээр компаниуд мань анхнаасаа хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт татаж компанийг байгуулсан биш харин хэдийнэ үйл ажиллагаа явуулж байсан бэлэн орон байр, техник тоног төхөөрөмж бүхийаж ахуйн нэгжүүд байсан учир хувьцааны дийлэнхийг худалдан авч өмчилсөн этгээдүүд одоо эргээд биржийн бүртгэлээс хасагдах процесс ажиглагдаад байгаа.
Үүний үр дүнд нөгөө 475 компаниас одоо СЗХ-д бүртгэлтэй 330 орчим компани байдаг. Үүнээс хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нь 260 компани байгаа.
-Одоо тэдгээр компаниуд хөрөнгийн зах зээл дээр үхмэл байдалтай байна гэсэн үг үү.
Тэдгээр компаниуд эргээд хаалттай буюу Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн хэлбэрт шилжих процесс ажиглагдаж байгаа. Гэхдээ манай зах зээл дээр 2005 оноос эхлээд хэд хэдэн компаниуд сонгодог утгаараа буюу шинээр хувьцаа гаргах замаар нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ компаниудын арилжаа биржийн нийт арилжааны 20 хувийг эзэлдэг. Нийт 20-иод компани байгаа хэдий ч бүртгэлтэй 260 компаниас өдөр тутмын арилжаагаараа илүү байр суурийг эзэлдэг.
Ер нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй топ 30 компанийг аваад үзэхэд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 87 хувийг, арилжааны 97-98 хувийг бүрдүүлж байгаа юм.
Үлдсэн 200 гаруй компани нь бүртгэлтэй л байгаа болохоос биш үндсэндээ арилжаа хийгддэггүй.
- Арилжаа хийдэггүй олон компани Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
Энэ нь эргээд хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг үгүй хийдэг. Манай бирж дээр хувьцааны төвлөрөл нь 75 хувь буюу түүнээс дээш болсон 193 компани байгаа. Эдгээр компаниудын үнэ цаасны арилжаа хийгдэхгүй гэдэг нь үндсэндээ тодорхой болчихоод байгаа. Дэлхийн банкнаас улс орнуудын хөрөнгийн зах зээл дээр тухайн жилд арилжаалагдсан нийт үнэт цаасны үнийн дүнг тухайн жилийн зах зээлийн үнэлгээнд харьцуулсан харьцаагаар хөрвөх чадварын үзүүлэлтийг гаргадаг.
Энэ үзүүлэлтээр манайх 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 хувь ч хүрэхгүй гарсан. Жилийн эцсээр тооцоогүй болохоор бага байгаа ч гэлээ хангалтгүй үзүүлэлт. Өнөөгийн биржийн гол асуудал бол хөрөнгийн зах зээлээ сайжруулья, өсгөе гэж байгаа бол хөрвөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Юун түрүүнд компанийн хувьцааны төвлөрлийг багасгах ёстой. Тухайн компаниудад Хөрөнгийн биржид бүртгэлтэй байх бол,нийт хувьцаны 25-аас дээш хувь нь арилжаанд оролцох буюу нэгдмэл сонирхолтой, томоохон багц эзэмшигчдийн хувьцаа эзэмшлийн хувийг 75 хувиас бага байлгах ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хувьцааны төвлөрлөө бууруулж жижиг хувьцаа эзэмшигчдэд тухайн хувьцааг чөлөөтэй худалдан авах, худалдах боломжийг олгох ёстой гэсэн үг.
Ийм шаардлага тавиад эхэлбэл өндөр төвлөлрөлтэй байгаа компаниудад нэг бол биржийн бүртгэлээс хасагдаж өөр компанийн хэлбэрт буюу ХХК эсвэл хаалттай ХК шилжих, эсвэл нэмж хувьцаа гаргах юм уу томоохон багц эзэмшигчид нь одоо эзэмшиж буй хувьцаагаа зарах замаар 25 хувиас илүү гаргах гэсэн сонголт байгаа.
Өнөөдрийн хувьдтэдгээр компаниудын ихэнхи нь ХХК болох чиглэл рүү явах хандлага ажиглагдаад байна.
-Тэдгээрийг хэрхэн дэмжиж, үхмэл биш идэвхитэй ХК болгож, өсгөх боломжтой вэ?
Хатуу шаардлага тавихаас илүү Хувьцаат компани байхын буюу Хөрөнгийн биржид бүртгэлтэй байхын давуу талыг тодорхой харуулах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээр шийдэх боломжтой хирнээ ихээхэн ач холбогдолтой асуудал бол татварын бодлого байна.
Нээлттэй хувьцаат компаниудыг дэмжээд ХК болсноор татварын хөнгөлөлт, урамшууллын үзүүлэх механизмыг ашиглах хэрэгтэй. Хэрвээ ингэвэл томоохон компаниудын хувьд манай зах зээлд орж ирэх сонирхол бий болно, Монгол улсын ТОП 100 аж ахуй нэгжийн ядаж тал нь хөрөнгийн биржид бүртгэлтэй баймаар байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар Монголд ХК байхын давуу тал юу байна вэ?
Өмч хувьчлалаар үүссэн дийлэнх компаниуд брижид бүртгэлтэй байхыг давуу тал гэж харахгүй байна. Өөрөөр хэлбэл яг нүдэнд үзэгдэж, гарт баригдах юм алга байна л даа. Хөрөнгийн зах зээлийн гол давуу тал нь компани үйл ажиллагаа өргөжүүлэх зэрэг зорилгоор олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх боломж байдаг боловч ХК-иуд маань ч банкны зээлээр л өнөөдөр бүх санхүүжилтээ босгож байгаа. Хөрөнгийн зах зээл дээрээс хямдхан хөрөнгө босгохыг нэг их сонирхохгүй байгаа.
Энэ нь барын сүүл явснаас батганын толгой явсан нь дээр гэдэг сэтгэхүйтэй л холбоотой болов уу, анхнаасаа бодит үнэлгээнээс хямдхан байх үед нь хувьцааг нь цуглуулж компанийн удирдлагыг авсан хүмүүс уг хяналтаа алдчихвий гэсэн айдастай холбоотой.
Үүнээсээ болоод нэмж хувьцаа гаргаж чаддаггүй, эзэмшиж байгаа хувьцаанаасаа ч зах зээлд нийлүүлэлт хийдэггүй бариад суучихдаг. Түүнээс болоод зах зээл дээр ямар ч хөрвөх чадваргүй болчихсон. Хүн өнөөдөр хүссэн хэмжээгээр хувьцаа аваад, хүссэн хэмжээгээрээ буцаагаад зарах боломжгүй байгаа учраас энэ зах зээл рүү орж ирэхгүй байна.
-Гэхдээ Үнэт цаасны тухай хууль шинэчлэгдсөн, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа шинэчлэгдэж байгаа гээд олон дэвшлүүдийг олон нийт мэдээллийн хэрэгслээр сонссон. Дэвшил байна уу?
Хууль эрх зүйн орчин бүрдсэн ч гэсэн дагалдах дүрэм, журмуудыг анхаарах хэрэгтэй. Компанийн засаглалыг хөгжүүлэхгүй байгаа компанийг бүртгэлээс хасах байдлаар Хөрөнгийн биржээс шаардлагаа чангаруулж байгаа. Ер нь компанийн засаглалыг нэлээн сайжруулах шаардлагатай.
Өнөөдөр хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвар болон компанийн засаглалын асуудал хүнд байгаа. Засаглалын асуудалд мэдээллийн ил тод байдлын асуудал бүр хүнд. ХК-иуд дотоод мэдээллийг ил тод болгох процесс маань их удаан явагддаг. Энэ нь эргээд мэдээллийн тэгш бус байдлыг үүсгэж, дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийх нөхцөл байдлыг бий болгоод байна.
Саяхан нэгэн компани газар тариалангийн усалгааны шинэ системтэй болсон тухай төрийн томоохон албан тушаалтан ажлаа хийж явах үедээ танилцаж, тэдний бүтээн байгуулалтын талаар мэдээлэл гаргачихсанаас болж хөрөнгийн зах зээл дээр тус компанийн хувьцаа өсч, үнийн савлагааг бий болгосон.
Гэтэл уг нь компани өөрөө уг мэдээллээ олон нийтэд мэдээлж байх үүргээ биелүүлээгүй байснаас болоод брокер дилерийн компаниудын ажилтнууд хувьцааны ханшийн огцом өсөлтөөс болж хариуцлага хүлээх болчихоод байгаа. Уг нь зүйгээрээ бол мэдээллээ гаргаагүй компаниудтай хариуцлага тооцох хэрэгтэй.
Хэрвээ компанийн засаглалыг хэрэгжүүлээд хэвшүүлчихвэл хувьцаа эзэмшигчид компанийн талаар бодитой мэдээллийг цаг тухайд нь авч компанид итгэх итгэл нэмэгдэж, цаашдаа хувьцааны хөрвөх чадварт нөлөөлнө гэсэн үг. Ингэж байж зах зээлийнхээ хөрвөх чадварыг сайжруулах хэрэгтэй. Ингэхгүй байгаа учраас мэргэжлийн байгууллагууд брокер дилерийн компаниуд ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм.
-Хичнээн брокер дилерийн компаниуд байгаа вэ?
2013 оны жилийн эцсийн байдлаар 83 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2014 он гараад 10 компани тусгай зөвшөөрлөө цуцлуулсан.