Бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
The Blue Sky Tower
2015.01.27

Бизнесийн зөвлөлийн ээлжит уулзалт боллоо

Өчигдөр Монголын бизнесийн зөвлөлийн сар бүр зохион байгуулдаг ээлжит уулзалт боллоо. Энэ удаагийнхаа уулзалтаар зөвлөлийн гишүүн байгууллагууд Монголын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэж, хямралаас гарах арга замыг ярилцлаа.

Экспертүүд Монголын хөрөнгө, санхүүгийн зах зээл, орон сууцны зах зээл, хэвлэл мэдээллийн орчин зэрэг асуудалд түлхүү анхаарал хандуулж санал бодлоо солилцов. Уулзалтад оролцсон Европын сэргээн босголтын банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагын төлөөллүүд хямралын эрсдлийг багасгахад эхлээд төсвийн сахилга батыг чангатгах хэрэгтэй гэж хэллээ. 

Түүнчлэн хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас болж эдийн засагт маш том эрсдэл бий болж байна гэдгийг онцоллоо.

Ингээд Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллага, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой зарим зүйлийн талаар тодрууллаа. 

- Монголын хөрөнгийн зах зээлд ямар эрдслүүд байна вэ?

Хөрөнгийн зах хөгжихгүй байгаа маань эдийн засагт маш хортой. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл баялгийн шударга хувиарлалтыг хийдэг. Хоёрдугаарт хөрөнгийн зах зээл эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Тухайлбал хөрөнгийн зах зээлээс хямд өртөгтэй санхүүжилт босгоно, энэ зах зээл дээр гараад ирсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод болно. Эдийн засаг дахь мэдээллийн тархац сайжирна. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ унана гэдэг бол эрсдэл мөн. Гэхдээ хөгжил муутай хөрөнгийн зах зээл үүнээс ч илүү эрсдэлтэй.

Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг

- Монголын санхүүгийн зах зээл банкны системээс бүрддэг. Тэгэхээр энэ зах зээлд шударга өрсөлдөөнийг хэрхэн бий болгох вэ?

Санхүүгийн зах зээлд банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан гэсэн үндсэн гурван тоглогч байдаг. Энэ гурвын хувь хэмжээ тэнцүү байх ёстой. Тэгш бус учраас зээлийн хүү өндөр, өрсөлдөөний таагүй орчин бий болж байна.  Банкууд зах зээлийн 97 хувийг эзэлдэг. Том компаниуд бага хүүтэй зээл авдаг байхад гарааны компаниуд зээл авч чаддаггүй. Харин хөрөнгийн зах зээлд тухайн хүн өөрийн санаачлагаа барьцаалаад зээл авч болдог.  Тийм учраас хөрөнгийн зах зээлд сан гэдэг чухал үүрэгтэй.  Харин даатгал нийгэм дэх эрсдлийг бууруулдаг. 

Санхүүгийн зах зээлд банкууд монополь болсон нь тэдний буруу биш. Төрөөс даатгал, санг хөгжүүлэхэд анхаараагүй учраас тэр.

- Bank of China Монголд үйл ажиллагаа явуулаад эхэлвэл Монголын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь залгина гэсэн болгоомжлол явж байна.  Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Зарим талдаа энэ бол үнэн. Ер нь гадны том санхүүгийн байгууллага орж ирэхээс өмнө даатгал, сангаа хөгжүүлсэн байх хэрэгтэй.