Ж.Бат-Орших: Монгол улсад даатгалын салбар үүсэн хөгжөөд 80 жил болж байна
Монголын Даатгагчдын холбооны ерөнхийлөгч, “МИГ Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших
2014.11.20

Ж.Бат-Орших: Монгол улсад даатгалын салбар үүсэн хөгжөөд 80 жил болж байна

Монголын Даатгагчдын холбооны ерөнхийлөгч, “МИГ Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Оршихтой ярилцлаа.

-Манай улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Анх даатгалын салбар хэрхэн үүсэж хөгжиж байсан юм бол ?

Монголын даатгалын салбарын түүх 1934 оноос эхтэй. Анх байгуулагдахдаа “Улсын аюулаас хамгаалах газар" нэртэй, улс түмний эд хөрөнгийг галын болон бусад аюулаас хамгаалах үүрэгтэй байсан. Тэр цагаас хойш 80 жил өнгөрчээ. Энэ олон жилийн хугацаанд манай улс даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани, 213 салбар, 3200 гаруй төлөөлөгч, 28 даатгалын зуучлагч компани болон банк, 19 хохирол үнэлэгч компани, 15 актуарчтай болтлоо өргөжлөө.

Даатгалын компаниуд нийт 126.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болж чадсан байна. Даатгалын салбар, компаниуд өсөн дэвжихэд төрийн дэмжлэг их байлаа. Даатгалын тухай хууль 1997 онд батлагдаж, улмаар 2004 онд энэхүү хуулийн шинэчилсэн найруулга болон даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийг тус тус баталснаар даатгалын хууль, эрхзүйн орчин бүрдсэн юм.

Даатгалын тухай хуульд даатгалын байгууллагад төрөөс ямар оролцоотой байх вэ, ямар байгууллага бодлого зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдгийг тусгаж өгсөн байдаг. Харин даатгалын мэргэжлийн оролцогчийн хуулиар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг даатгуулагч нарт хүргэхэд тун чухал үүрэгтэй даатгалын зуучлагч, хохирол үнэлгээчин, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулж өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар даатгалын бодлогын асуудлыг Сангийн яам хариуцаж, даатгалын салбарын хяналт зохицуулалтын асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцан ажиллаж байна.

Даатгалын тухай хуульд зааснаар даатгал нь албан журмын, сайн дурын гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд 2011 онд анхны хуульчилсан албан журмын даатгал буюу “Жолоочийн даатгалын тухай хууль" батлагдсан нь цаг үеэ олсон, жолоочийн хариуцлагагүй үйлдлээс үүдэлтэй хохирогчийн эрхийг хамгаалсан хууль болсон. “Жолоочийн даатгалын тухай хууль"-ийн хэрэгжилт сайн байна.

Мөн энэ хууль хэрэгжснээр даатгалын мэдлэг дээшилсэн. Иргэд эхэндээ татвар шиг хүлээн авч дургүйцэж байсан. Харин өнөөдөр эерэг хандлагатай болчихлоо. Хохирсон этгээдийн хохирлыг даатгалын компаниуд бүрэн барагдуулж байгаа. Даатгалын компаниудын хувьд ч санхүүгийн чадавхи сайжирсан.

-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал машинтай хүмүүст хамаатай. Бусад төрлийн даатгал дээр иргэдийн оролцоо ямархуу байдаг вэ?

Аж ахуй нэгжийн, иргэдийн гэсэн хоёр төрлийн даатгал бий. Ер нь сүүлийн үед даатгалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд гэхэд тэнд ажиллаж буй ажилтныхаа амь нас, эрүүл мэндийг даатгаж байна. Иргэд ч бас эд хөрөнгө, амь насаа даатгаж байгаа. 80 жилийн ойн хүрээнд бид иргэдийнхээ даатгалын ойлголт, боловсролд анхаарал хандуулсан хэд хэдэн ажил хийсэн.

Дэлхий дахинаа тухайн улс үндэстний иргэд даатгалд ямархуу байдлаар хамрагдаж байгааг үндсэн хоёр үзүүлэлтээр тодорхойлдог. Нэгдүгээрт, нэг хүнд оногдох даатгалын хураамжийн хэмжээ өсөж байна уу гэдгээр дүгнэдэг. Хоёрдугаарт, дотоодын нийт бүтээгдэхүүнд даатгалын хураамжийн орлогын эзлэх хувиар дүгнэдэг. Манайд дотоодын нийт бүтээгдэхүүнд даатгалын хураамжийн орлого 0.51 хувийгэзэлжбайна.

Харин хөгжсөн орнуудад 10 хувиас дээш байдаг. Иргэдийн орлого бага байхад даатгуулагчдын тоо багасдаг хэдий ч манай улсад даатгуулагчдын тоо нэг саяд хүрч байгаа. Тэгэхээр манай улсын гурван иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар даатгалд хамрагдсан байдаг. Улс орны хөгжил дээшилж, иргэд нь орлого сайтай байвал даатгалын салбар аяндаа урагшилна.

-Иргэдийн зарим нь даатгалын компанийн үйл ажиллагааг ойлгодоггүй. Бага мөнгөөр даатгачихаад эргүүлээд их мөнгө өгөөд байхаар бизнесийн ашиг нь хаанаа байдаг юм бэ гэж гайхдаг. Ялангуяа даатгалын компаниас нөхөн төлбөр авч үзээгүй жолооч цөөхөн байх. Та үүнийг тайлбарлаж өгөхгүй юу?

Даатгалын компани тухайн даатгуулагчдад учирсан мөнгөн хохирлыг барагдуулах, нөхөх зорилготой шүү дээ. Тэгэхээр аль болох олон хүн, олон албан байгууллагыг даатгалд хамрагдуулж нөөцийн сан буюу тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө бүрдүүлдэг. Улмаар хохирол учирсан хүмүүст тэрхүү мөнгөн хөрөнгөнөөс зарцуулдаг.

Даатгалын компанийг хэдий хэмжээний хураамжийн орлого төвлөрүүлсэн бэ, түнийхээ хэдэн хувийг нөхөн төлбөрт олгов гэдэг харьцаагаар нь үнэлдэг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай болсноос хойш нийт хураамжийн орлогын 40 хувийг даатгуулагчдадаа буцаан олгосон байдаг.

Энэ бол даатгалын компаниудын дундаж тоон үзүүлэлт. Ер нь даатгалын компаниудад маш өндөр шаардлага тавьдаг. Нөөцийн сангийн мөнгийг ямар нэгэн хөрөнгө болгож болохгүй. Хэзээ ч, ямар ч хохирол гарч болно. Тэр үед нөхөн олговрын мөнгө бэлэн байж байх ёстой.

-Ямар нэгэн хохирол гарлаа гэхэд, ялангуяа зам тээврийн ослын дараа даатгалын компаниуд гурван долоо хонож байж нөхөн төлбөрийг нь олгодог. Үнэлгээг^э хийлгээд, холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд хохирлыг тэр дор нь барагдуулах боломж бий юу?

Өөрийн машин эвдсэн бол хөрөнгийн, хүний машин эвдсэн бол хариуцлагын даатгал болоод явчихдаг. Хариуцлагын хохирлыг даатгагч компани нөхөн олгож байгаа. Харин нөхөн төлбөр олгоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Даатгалын хуулиндаа жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийг олгох дээд хугацаа нь нэг сар байна гэж заасан байдаг.

Осол янз бүр шүү дээ. Хойд гупер чихэгдэх нэг хэрэг, хүний амь эрсэдсэн осол гарсан бол бас өөр. Тэгэхээр шинжээчдийн багийн дүгнэлтийг хүлээх, мөн иргэдийн нөхөн төлбөр хүссэн бичиг баримт дутуу, шалгах шаардлагатай зэрэг асуудал гарна.

Тиймээс тодорхой хугацааны дараа нөхөн төлбөрийг олгодог юм. Харин бага үнийн дүнтэй байхад аль болох хүндрэл учруулахгүйгээр шийдэж өгөхийг аль ч даатгалын компани хичээн ажиллаж байна.

-Нөхөн төлбөр олгохгүй тохиолдол гэж байх уу?

Тийм тохиолдол байна. Даатгалын компани заавал өгч байх ёстой юм биш. Даатгалын тухай хуульд заасанчлан гэрээнд заагдаагүй эрсдэл үүсэн үед мөн даатгуулагч эрсдэл үүсэх нөхцөл шалтгааныг санаатайгаар бий болгосон бол нөхөн төлбөр олгохгүй. Тухайлбал: Согтуугаар автомашин жолоодож яваад осол гаргасан бол эрсдлийг нь даатгалын компани хүлээхгүй.

Замын хөдөлгөөний дүрэмд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхэд дүрэм зөрчиж яваад осол гаргасан хүнд нөхөн төлбөр олгохгүй. Мөн даатгалын компани даатгуулагчийнхаа нөхөн төлбөрийг олгочихоод буруутай этгээдээс тэр үнийн дүнг буцаан нэхэмжлэх эрх нь хуульд тодорхой заасан байдаг. Улсын хэмжээнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал дээр нөхөн төлбөр олголт 70 хүвьтай байна.

-Манай улсын даатгалын түүхэнд хамгийн өндөр нөхөн төлбөр авч байсан тохиолдол хэзээ гарч байсан бэ. Хамгийн сүүлд л гэхэд “Шангрила” зочид буудлын барилгыг шатахад олон хүн даатгалтай байсан байгаасай гэж ярьж байсан?

Шангрилагийн тухайд “Миг Даатгал” ХХК-ийн даатгалтай байсан. Манай компани 50 хувийг нь Английн компанид давхар даатгасан байсан. Нөхөн төлбөрийн талыг нь гадны компаниас авна гэсэн үг. Монголын арилжааны даатгалын түүхэнд хамгийн өндөр дүнтэй хохирол барагдуулсан хэд хэдэн тохиолдол байдаг.

1986 онд Улсын даатгалын ерөнхий газар зүүн аймгуудад гарсан ой хээрийн түймэрт нөхөн төлбөр болгон 640.5 мянган ам.доллар өгсөн байдаг. Тэр үеийн 640 мянган ам.доллар гэдэг их мөнгө. 2001 онд Увс аймгийн Малчин суманд МИАТ-ийн “МИ-8” нисдэг тэрэг осолдсон. “Монгол даатгал" ХХК-ийн даатгалтай байлаа.

Нөхөн төлбөрт нь 300 мянган ам.доллар болон 270 сая төгрөг өгсөн. 2010 онд 2009-2010 оны өвөл Баянхонгор, Увс, Хэнтий, Сүхбаатар аймагт болсон зудад 1.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Өнгөрсөн жил “Анун” худалдааны төвийн агуулах шатахад “Ард даатгал” ХХК 3.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байх жишээтэй.

-Манай ихэнх даатгалын компани давхар даатгалтай юу?

Давхар даатгуулахгүй бол болохгүй. Улсыг аюулаас хамгаалах газар гэж байх үеэс л давхар даатгалтай байсан. 1949 онд “Бөмбөгөр ногоон” буюу Улсын төв театр шатсан. Тэр үед “Бөмбөгөр ногоон” Улсыг аюулаас хамгаалах газрын даатгалтай байсан юм билээ. Тэр үеийн ЗХУ-ын “Госстрах”-д давхар даатгуулсан байсан.

-Даатгалын компаниуд малын даатгалтай болно гэж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

Малын индексжүүлсэн даатгалтай болохоор ярьж байгаа. Албан биш, сайн дурын даатгал байх юм. Ирэх жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Өмнө нь “Малын индексжүүлсэн даатгал” гэж төсөл хэрэгжиж байсан юм. Энэхүү төслийн хэрэгжиж ирсэн туршлага дээр үндэслэн эхлүүлэх гэж байна. Мөн энэ хуулийн хүрээнд төрийн өмчийн “Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулагдаж байна.

Эцэст нь хэлэхэд Монгол улсад арилжааны даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг үе үеийн даатгалын ажилтнууд, даатгуулагч нартаа хүргэе.