П.Ууганбаяр: Хураамжийн хэмжээг нэмнэ гэвэл хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно
Даатгалын нөхөн төлбөрөөс ашиг олох гэсэн ойлголт байх ёсгүй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ .Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө.
Энэ удаад даатгалын салбарт хяналт зохицуулалтыг хийх үүрэгтэй төрийн байгууллагыг төлөөлүүлж Санхүүгийн Зохицуулах Хорооны Даатгалын газрын Албан журмын болон амьдралын даатгалын хэлтсийн дарга П.Ууганбаяртай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-2011 онд Жолоочийн хариуцлагын даатгалын хууль батлагдаж, албан журмаар даатгах ажил эхэлсэн. Эхлээд хүмүүс сайн ойлгохгүй байсан. Өнөөдөр байдал ямар байна вэ.Ямар дэвшил гарсан бэ?
Жолоочийн даатгалын тухай хууль 2011 оны 10 дугаар сарын 6-д батлагдаж, 2012 оны эхнээс замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн жолооч нар даатгалд хамрагдаж эхэлсэн. Энэ үед авто тээврийн байгууллагууд мөн жолооч нарын хандлага сайнгүй, бас нэг татвар нэмэгдлээ гэсэн ойлголтой байсан. Харин өнөөдөр даатгуулсан жолооч нар өөрийн болгоомжгүй үйлдлээс зам тээврийн осол, даатгалын тохиолдол гарган бусдын хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд жолоочийн өмнөөс хохирлын нөхөн төлбөрийг даатгалын компаниуд хууль болон даатгалын гэрээнд зааснаар хохирогчид олгоод эхлэхээр жолоочийн даатгал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, хандлага нь эрс өөрчлөгдсөн.
Мөн зам тээврийн ослын улмаас иргэдэд учирсан хохирол барагдаг болсон.
-Хуулийн хэрэгжилтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос ямар дүгнэлт хэлэх вэ.Танай хороо хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
Жолоочийн даатгалын гэрээний стандарт, мэдүүлгийн маягт, жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр, жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах, мөн сангаас нөхөн төлбөр олгох, сангийн шуурхай албаны ажиллах журам зэргийг боловсруулан гаргаж мөрдүүлж ажилласанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт сайн байгаа.
Хороо хуульд зааснаар даатгалын компани, Албан журмын даатгагчийн холбоо, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.
-Гэхдээ зарим экспертүүдийн зүгээс Жолоочийн даатгалын хуулинд Хяналтын тогтолцоог бүрэн оруулж өгөх ёстой, хяналт сул байгаа гэдгийг хэлж байсан. Та бүхэн хэрхэн хянадаг вэ, хүн хүч хүрэлцдэг үү?
Хуулиараа замын хөдөлгөөнд жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч оролцохыг хориглосон. Замын цагдаагийн байгууллага замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч даатгуулсан эсэхэд хяналт тавьж, даатгалгүй жолоочид хариуцлага тооцохоор хуулинд заасан.
-Даатгалын компаниудын зүгээс хураамжийн хэмжээг нэмэх саналтай байгаа юм билээ. Үгүй бол нөхөн төлбөрийн харьцаанаас алдагдал хүлээж байгаа гэдгийг даатгагчдын холбооны ерөнхийлөгч хэлж байсан.Энэ талаар СЗХ-н дээр ажлын хэсэг гарсан гэсэн. Хураамжаас болж алдагдал хүлээж байгаа гэдэг нь хэр бодитой вэ?
Жолоочийн даатгалын тухай хуулиар тээврийн хэрэгслийн ангилалаас хамааруулан даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг өөр өөр тогтоосон. Иймд хураамжийн хэмжээг нэмнэ гэвэл хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Харин эхний ээлжинд даатгалын хураамж тооцоход хэрэглэж байгаа итгэлцүүрийг ашиглаж өөрчлөлт оруулах боломж бий.
Жишээ нь тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршлын итгэлцүүр нь УБ хотод 1 гэсэн нэмэгдэхгүй байгаа. Тэгэхлээр замын хөдөлгөөний нягтрал, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа зэрэг бусад эрсдлийг тооцоод уг итгэлцүүрийг нэмэгдүүлж болно. Учир нь УБ хотын замын хөдөлгөөний ачаалал, эрсдэл гарах магадлал нь аймаг орон нутагтай харьцуулахад өндөр байгаа биздээ .
Хууль хэрэгжээд гурван жил болж байгаа одоо үр дүнгээ тал талаас нь судлаад шийдэх боломжтой.. Зарим нэг даатгалын компани алдагдал хүлээх гээд байгаа тал бий. Даатгалын хураамжийн орлого бага төвлөрүүлээд их хэмжээний нөхөн төлбөр өгөхөөр компанийн үйл ажиллагаа бага зэрэг өөрчлөлт ороод байгаа тал бий. Гэхдээ компаниуд яг жолоочийн даатгалаас алдагдал хүлээж байна уу, үгүй юу гэдгээ өөрсдөө сайн тодорхойлоогүй байгаа. Тэгэхээр энэ талаараа зардлаа ангилж судлах хэрэгтэй.
Жолоочийн даатгалын хураамжийн орлого нөхөн төлбөрийн харьцаа 2013 онд 65 хувь, 2014 оны хагас жилд 58 хувьтай байна. Зарим нэг даатгалын компанид жолоочийн даатгал бага хийгдэж, ахиухан нөхөн төлбөр олгосон тохиолдол алдагдал хүлээхээр байгаа. Иймд зарим даатгалын компаниуд цаашид жолоочийн даатгалыг хийх эсэхээ өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.
-Эргээд олон удаа зөрчил гаргаж байгаа жолоочийн даатгалын хураамжийг итгэлцүүрээр нэмэгдүүлж болох ч цаашид тэр хүнийг илүү хариуцлагатай болгох үүднээс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Жолооч тухайн даатгалын гэрээний хугацаанд хэдэн удаа нөхөн төлбөр авснаас шалгаалж дараагийн даатгалын гэрээ байгуулахад түүний төлөх даатгалын хураамж нэмэгдэхээр байгаа. Үүнээс өөр жолоочид ногдуулах хууль эрх зүйн хариуцлага байхгүй.
-Итгэлцүүрийн хэмжээг нэмэх шаардлагатай юу. Бусад улс орны туршлагаар итгэлцүүр их нарийн бөгөөд компаниуд өөрсдөө хураамжийн хэмжээг тогтоодог гэсэн. Харин манайд хуулинд шууд зааж өгсөн. Энэ хуулийн үр дагавар юу байна?
Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжээд хоёр жил 10 сар болж байна.
Жолочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийн талаар судалгаа хийгээд өөрчлөлт оруулах эсэхийг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэх боломжтой. Жолоочийн даатгалын тухай хуульд даатгалын үнэлгээ, хураамжийг хуулиар тогтоосон нь хохирогчийн эрх ашгийг хамгаалах бодлого, даатгалын компаниудын тухайн үеийн үйл ажиллагаа нь нөлөөлсөн байж магадгүй.
Харин жолоочийн даатгалын хураамжийг хуулиар тогтоосныг өөрчилсөн нөхцөлд даатгалын компаниуд жолоочийн даатгалын учирсан болон учирч болох эрсдэлээ тооцоод, актуар тооцооллоор өөрсдөө даатгалын хураамжийг тогтоох боломж бүрдэнэ.
-Хичнээн компанид жолоочийн даатгал хийх эрхийг өгсөн байгаа вэ. Ямар шалгуур тавьдаг вэ?
Ердийн даатгалын 16 компани байдгаас бүгдээрээ л эрхээ аваад ажиллаж байгаа. Эдгээр компаниуд хууль журамд заасан шаардлагыг хангаад зөвшөөрөл авч ажиллаж байна.
Журамд нэг жилээс доошгүй хугацаагаар ердийн даатгалын үйл ажиллагаа явуулсан байх, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангасан байх, шуурхай албатай эсэх, актуарчтай байх зэрэг шаардлагыг харгалздаг. Хорооны хурлаар тухайн компанид жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрдэг.
-Яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр Жолоочийн даатгалын хуулийг 2011 онд хэлэлцэж байхад УИХ-ын гишүүдийн зүгээс хэн дуртай компаниар нь албан журмын даатгалыг хийлгэхгүй, олон эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг сануулж байсан юм л даа. Гэтэл одоо 16 компани хийж байгаа бөгөөд алдагдал хүлээгээд эхэллээ хэмээн ярих боллоо?
Санхүүгийн зохицуулах хорооноос хууль болон журмын дагуу шаардлага хангасан даатгалын компаниудад зөвшөөрөл олгосон.
-Даатгалын хохирол үнэлгээчдэд ямар шаардлага тавьдаг вэ. Учир нь манай хэлэлцүүлгийн явцад СЗХ-г мэргэжлийн үнэлгээчингүй компанид эрх олгосон гээд шүүмжилж байсан.
СЗХ-оос батласан Ердийн даатгал, давхар даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын шаардлага хангасан компанид даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл олгож байгаа.
Үүнд дүрмийн сан нь 10 сая төгрөгөөс дээш, даатгалын болон даатгалын хохирол үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, мэргэжлийн хариуцлагын даатгал даатгуулсан байх гэх мэт шаардлагыг хангасан байх ёстой.
Шаардлага хангасан компанид зөвшөөрөл өгөхгүй байж болохгүй биз дээ.
Хууль журамд заасан шаардлагыг хангасан компанид өгч байгаа. Шаардлага хангасан компанид зөвшөөрөл өгөхгүй байж болохгүй биз дээ. Манайхан өрсөлдөгч гараад ирэхээр зарим нэг нь дургүйцэж, тэгж шүүмжилсэн байх.
-Үнэлгээний компаниуд хэт доогуур, эсвэл хэт дээгүүр үнэлэх байдал гарч байгааг шүүмжилж байсан. Гэхдээ хохирол үнэлгээчдийн холбооны зүгээс үүнийг тайлбарлахдаа гомдлын дараа холбооноос шинжээч томилж асуудлыг шийдэж байгаа гэсэн. Гэхдээ монголдоо л таарсан үнэлгээг хийж байгаа гэдгийг хэлсэн. Энэ үнэн үү. Компаниуд үнэлгээг хэр бодитой хийдэг вэ.
Даатгалын хохирлын үнэлгээний компаниуд харилцан адилгүй хохирлын үнэлгээ хийж шүүмжлэл их дагуулж байгаа. Энэ нь даатгалын хохирол үнэлгээний компанийг ёс зүйтэй ажиллахыг шаардаж байна. Нөгөө талаар зарим даатгуулагч болон хохирогч нар даатгалаас ашиг олох гэсэн сонирхол байдагтай холбоотой. Хуучин эвдэрсэн зүйлээ шинээр сольж, жаахан илүү үнээр үнэлүүлэх санаа бас байдаг бололтой.
Хувь хүмүүсийн хүчин зүйл, ашиг сонирхлоос шалтгаалж асуудал үүсдэг тал бий. Үнэлэх зүйлийнхээ зах зээлийн үнийн судалгааг сайн хийх, наад зах нь гурваас доошгүй газраас тухайн зүйлийнхээ үнийн судалгааг авч, эсвэл үнийн нэгдсэн мэдээллийн санг байнга ажиллуулж, түүнээсээ үнийн мэдээлэл авч даатгалын хохирлыг үнэлэх шаардлагатай байгаа.
Манай хороон дээр үнэлгээтэй холбоотой санал гомдол ирдэг. Бид тухайн гомдолтой танилцаад зах зээлийн үнийн судалгаа нь хэр бодитой байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр гомдол гаргагчид хариу өгдөг. Үнийн судлагаа тодорхой бус байвал хохирол үнэлэгч компанид асуулга тавьдаг.
Гэхдээ манай иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Даатгалын нөхөн төлбөрөөс ашиг олно гэсэн зүйл байхгүй. Таны машины салхины шил даатгалын тохиолдлын улмаас хагарсан байхад даатгагч яг тохирох бүтэн шилийг авч өгч болно заавал мөнгө авсанаар хохирол барагдана гэсэн ойлголт байхгүй. Гол нь даатгуулагчийн хохирол барагдсан байх нь чухал.
-Зарим талаар энэ хууль албан журмын заавал даатгаж байгаа учир ямар ч тохиолдолд нөхөн төлбөр өгдөг байх ёстой гэдгийг хэлж байсан. Заримдаа өгөхгүй байгаа тохиолдолд байгаа гэсэн. Тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол өгөхгүй гэх байдал компаниудын дунд байна. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Жолоочийн даатгалд даатгуулсан жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад даатгалын тохиолдол үүсгэж, бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөлд даатгалын компани хохирогч этгээдийн хохирлыг барагдуулж, хуульд зааснаар даатгалын компани тухай жолоочоор уг хохирлыг төлүүлнэ. Хэрэв жолоочийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байгаа бол Хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.
-Хуулийн хүрээнд эөвхөн эд хөрөнгөтэй холбоотой зүйлийг сайн хамгаалж байгаа. Амь нас эрсэдвэл яах вэ гэдэгт асуултын тэмдэгтэй байна. Солонгос зэрэг улсын туршлагаас үзэхэд амь нас, эрүүл мэндийг хамгийн их хамгаалж, нөхөн төлбөр олгодог гэсэн. Үүнийг сайжруулахын тулд яах ёстой вэ?
Би дээр хэлсэн Жолоочийн даатгалын хуулиар даатгалын үнэлгээг тээврийн хэрэгслийн ангилалаас хамааруулж өөр өөр тогтоосон гэж энэ хүрээнд нөхөн төлбөрийн дээд хэмжээ хязгаарлагдана. Зөвхөн эд хөрөнгийг сайн хамгаалсан гэж ойлгож болохгүй хүний амь нас, эрүүл мэнд мөн хамаарна.
Харин даатгалын үнэлгээнээс давсан хэсгийг даатгуулагч жолооч хариуцна. Харин хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд зэрэг хохирол учирсан бол даатгалын үнэлгээнд багтааж хүний амь нас, эрүүл мэндэд 80 хувийг, хөрөнгөнд 20 хувийг олгож байхаар хуульчилсан.
Харин дангаараа буюу тус тусдаа (жишээ нь эрүүл мэндэд) учирсан хохирлыг бол ингэж хувь тэнцүүлэхгүй. Харин жолоочийн даатгалын хуулиар даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээг тогтоосныг өөрчилсөн дараа энэ асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.