Б.Жавхланцогт: Жолооч нарт үүрэг хариуцлага байх ёстой
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн даатгал, эрсдэлийн удирдлагын багш Б.Жавхланцогт
2014.10.16

Б.Жавхланцогт: Жолооч нарт үүрэг хариуцлага байх ёстой

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийн байдлыг хөндлөө.

Энэ удаад даатгалын хөндлөнгийн эрдэмтэн судлаачдыг төлөөлүүлж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн даатгал, эрсдэлийн удирдлагын багш Б.Жавхланцогттой уулзаж ярилцлаа.

-Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

Миний хувьд өнгөрсөн зургадугаар сараас эхлээд Жолоочийн даатгалын хуультай холбоотойгоор судалгаа хийж байгаа. Жолоочийн даатгалын хэрэгжилт, үр дүн, тулгамдсан асуудал юу байна гэдгийг судлаад, олон улсын сайн туршлагыг судалж үзээд санал болгоно.

Гэхдээ энэ удаагийн ярилцлагад хуулийн хэрэгжилт, үр дүн талаас илүү ярья гэж бодож байна. Юун түрүүнд манайд ер нь зам тээврийн нөхцөл байдал ямар байсан юм бэ гэдгээс яриагаа эхэлье.

2013 оны байдлаар 893 мянган жолооч бүртгэлтэйгээс  2013 онд гэхэд 76,000 нь шинээр жолооч болсон байгаа нь асар их тоо. Манайд жолооч нарын тоо их. Жолоочийн санд бүртгэлтэй байгаа жолооч нарын 67 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй жолооч нар байгааг дурдаж хэлье. Бүртгэлтэй суудлын автомашины тоо нийт 433,000 буюу нийт тээврийн хэрэгслийн 64 хувийг эзэлж байна. Ачааны автомашины хувьд 151,000 буюу 22 хувь, мотоцикль 3,8 хувь, автобус 6,000 буюу 0,9 хувийг эзэлдэг.

Нийт тээврийн хэрэгслийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа учир нийслэл хотод замын түгжрэл их байх нь гарцаагүй нөхцөл юм. Ийм нөхцөл байдалтай улсад маань Жолоочийн даатгалын хууль зайлшгүй хэрэгтэй, ач холбогдолтой байсныг дээрх үзүүлэлтүүдээр харж болно.

2003 онд жолоочийн даатгалын хууль өргөн баригдаад буцаагдсан, 2006 онд бас буцаагдсан. Тэгээд 2011 онд батлагдаж, 2012 оноос хэрэгжлээ. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэхээр нэгдүгээрт хамрагдалтийн үзүүлэлт хэр байна вэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй. Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 2012 онд 80 хувь, 2013 онд 92 хувьтай байна гэж АЖДХ-ноос мэдээлсэн байгаа. 2013 онд байгуулагдсан 414 мянган даатгалын гэрээний тоог аль тоотой харьцуулж гаргахаас хамрагдалтын түвшин хамаарна.

Хэрэв нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал бага тоо гарна, татвар төлсөн тээврийн хэрэгслийн тоотой эсвэл оношлогоонд орсон тээврийн хэрэгсэлтэй харьцуулбал 100% даатгалд хамрагдсан юм шиг гарна. Ерөнхийдөө бол идэвхитэй ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн тоотой харьцуулж гаргаж байгаа нь зөв л дөө. Цаашид манай улсын авто тээврийн газар тээврийн хэрэгслийн тоогоо яс зөв бүртгэж гаргадаг байх шаардлагатай байна.

Үүний тулд ашиглагддаггүй тээврийн хэрэгслүүдийг жолооч нар улсын бүртгэлээс хасуулдаг болгуулахын тулд татварын аргыг ашиглаж болох юм. Нөгөөтэйгүүр 2012 оны байдлаар 2,55% буюу 40 даатгуулагч тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр даатгалын нөхөн төлбөр авч үр шимийг нь хүртсэн байсан бол 2013 онд энэ тоо 4,58% буюу 22 даатгуулагч тутмын нэг нь хохирлоо нөхөн төлүүлж 2 дахин нэмэгдсэн байдаг.

-Манай улсын хувьд нийслэл хотод хүн амын нягтаршил ихтэй учир зам тээврийн осол, түгжрэл, зөрчил их гардаг. Энэ эрсдэлийг бууруулахад Жолоочийн даатгалын хууль ямар нөлөө үзүүлсэн бол оо. Учир нь хуулийн зорилго ийшээ чиглэж байгаа гэж хууль батлагдахад гишүүд ярьж байсан?

Нөгөө талаас автомашины ашиглалтын байдлыг харахаар 0-10 жил ашиглагдсан машин нийт тээврийн хэрэгслийн 80 хувийг эзэлж байгаа нь манайхан хуучин автомашиныг ихээр унаж байгааг харуулдаг.  Гэтэл үүнтэй холбоотой олон асуудал гардаг. Хамгийн эхлээд л хуучин машин осол зөрчил гаргаж, даатгалын тохиолдол үүсгэхэд хохирлын үнэлгээг хийхэд төвөгтэй болдог.

Машин нь хуучин учраас үнэлгээ бага, түүнийгээ дагасан бага мөнгөөр даатгуулдаг, хохирол гаргахаар засварын ажлын үнэ хөлс шингээд, сэлбэг нь үнэтэй орж ирдэг учир бага үнэллээ гээд даатгуулагчид шүүмжилдэг. Гэтэл манай улс өөрөө үйлдвэрлэгч орон биш учир гадны сэлбэг үнэтэй орж ирдэг. Энэ бол манай улсын өөрийн онцлог. Тиймээс яах ч аргагүй.

Дээрээс нь нийслэл хот маань нийт газар нутгийн 0,3 хувийг эзэлдэг хэрнээ нийт тээврийн хэрэгслийн тоогоор 61 хувь нь төвлөрсөн байгаа ийм тохиолдолд даатгалын тохиолдол, осол зөрчил их гарах нөхцлийг бүрдүүлж байна. Ийм эрсдэлтэй замын орчин нөхцөлд жолоочийн хариуцлагын даатгал их үр нөлөөтэй.

2012-2013 онд зам тээврийн осолтой холбоотой дуудлага 93 хувиар өссөн нь ослын тоо нэмэгдсэн хэрэг биш, хууль гарснаар жолоочийн даатгалын хуулийн дагуу Замын цагдаад заавал мэдэгдэх үүргийн үүднээс бүртгэл сайжирсныг харуулна. Өмнө нь бол ослыг бүртгүүлэхгүй, хоорондоо тохиролцоод өнгөрдөг байсан нь их байсан гэсэн үг.

-Зам тээврийн осол ямар шалтгааны улмаас их учирч байна вэ? Та энэ талаар судалсан болов уу?

Замын цагдаагийн газрын статистикаас харахад гурван шалтгаан зонхилж буйгаас жолоочийн буруутай үйлдэл дийлэнх хувийг эзэлж байна. Жолооч нар санаатай болон санамсаргүй байдлаар маш их зөрчил гаргаж байна. Гэтэл явган зорчигчидтой холбоотой шалтгаан нь 2,9 хувь, замын нөхцлөөс үүдсэн нь 0,3 хувь гэх мэт өчүүхэн хувийг эзэлдэг.

Замын цагдаагийн энэ бүртгэлийг харахад 97 хувь нь жолоочийн буруутай үйлдэл байгаа юм. Тиймээс замын тээврийн салбарын дээрхи эрсдэлийг бууруулахын тулд жолооч руу чиглэсэн сургалт, сурталчилгаа, мэдээлэл өгөх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна.

Жолоочийн буруутай үйлдлийг ангилаад үзэхээр УБ хотод нэг өөр, орон нутагт бас нэг ондоо байна. Улсын хэмжээнд болон нийслэлийн хэмжээнд топ таван шалтгааны нэгдүгээрт орж байгаа нь нийт зам тээврийн ослын 40 хувь нь хажуу хоорондын зай тохируулаагүйгээс учирсан байна.

Энэ нь мэдээж хотын энэ их ачаалал, зай талбай хомс зэргээс шалтгаалж байгаа ч жолооч нар эгнээ байраа зөв эзлэн, хариуцлагатай байх шаардлагатайг харуулж байна. Тиймээс тээврийн хэрэгслийн төвлөрлийг сааруулах эдийн засгийн болон бусад аргуудаар зохицуулах хэрэгтэй. Бусад ослын тэргүүлэх шалтгаануудад жолоочийн анхаарал болгоомжгүйгээс 18 хувь, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн 15 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хувь, хурд хэтрүүлснээс 11хувь гэх мэт шалтгаанууд байгааг харахад осол эрсдэлийг бууруулахад хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулдаг.

Ийм тохиолдлуудад нөхөн төлбөрийн тодорхой хэсгийг жолооч нар өөрсдөө хариуцдаг байх, зарим тохиолдолд өөрөө бүх хохирлыг хариуцдаг байж болно. Заавал хохирогчийн өмнөөс даатгалын сангаас нөхөн төлбөрийг олгочоод буруутай жолоочоос нь буцаан нэхэмжилж улам төвөгтэй ажилбарууд үүсгэх нь тийм ч оновтой биш болов уу.    

-Жолоочийн даатгалын хуулийн гол ач холбогдлыг та юу гэж харж байгаа вэ?

Хохирогчийг хамгаалах нь нэг гол ач холбогдол мөн боловч нөгөөтэйгүүр замын хөдөлгөөний эрсдэлийг бууруулах үндсэн зорилготой. Энэ талаас үзвэл эрсдэл буурахгүй байгаа юм. Одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хохирлыг төлж байгаа. Гэхдээ би үүнийг буруу гэж бодож байгаа. Өөрчлөх хэрэгтэй зүйл. Жолооч нарт үүрэг хариуцлага байх ёстой.

Жолоочийн даатгалын хууль гарлаа гээд хариуцлагагүй жолооч нарын осол зөрчил их гарч, түүнийг дагасан нөхөн төлбөр нэмэгдэж их олгогдож эхэлбэл хууль ач холбогдолтой, сайн хэрэгжиж байна гэж дүгнэж болохгүй. Харин эсрэгээр осол, зөрчлийн тоо багасч, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ буурвал нэг талаас даатгагчдын зардал буурах, нөгөө талаас даатгуулагчдийн хураамж буурах ач холбогдолтой.

Хөдөө орон нутагт гарч буй ослын шалтгаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг шалтгаан тэргүүлж, хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон, зогсоох арга хэмжээ аваагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн гэдэг шалтгаанууд удаалж байгаа.

Мөн жолооч нар зам тээврийн осолд холбогдоход туршлага ур чадвар их чухал нөлөөлж байгаа. Шинэ жолооч нар буюу 0-5 жил машин барьсан жолооч нар нийт хохирлын 40 хувийг гаргасан байдаг.  6-10 жил барьсан нь 30 хувийг эзэлж байна.

Эндээс үзэхээр 0-10 жилийн туршлагатай жолоочид нийт ослын 70 хувийг гаргасан байгаа юм. 20-с дээш жилийн туршлагатай жолооч нар үндсэндээ эрсдэлгүй гэж хэлж болохоор байгаа. Бас дөрвөн осол тутмын гурав нь эд хөрөнгийн хохирол учруулж байхад дөрвөн осол тутмын нэг нь эрүүл мэнд, амь настай холбоотой осол хохирол гарч байна.

-Жолооч нарын буруутай үйлдэл ихсэх тусам даатгалын нөхөн төлбөр авах нь нэмэгдэж байгаа гэсэн үг үү. Ингэснээр даатгалын компаниуд алдагдалд орох нь гээд сэтгэлээр унаад байгаа нь биеллээ олох юм биш үү?

Жолоочийн даатгалын хууль гарахаас өмнө 2011 онд сайн дурын шинжтэй хийгдэж байхад (гэхдээ яг ч сайн дурын биш байсан, замын цагдаагийн газраас жолооч нарыг өөрсдийх нь төлөө үзлэг, оношлогооны үеэр хариуцлагаа даатгуулахыг шаарддаг л байсан) энэ жолоочийн хариуцлагын даатгалаар 4 орчим тэрбум төгрөгийн хураамжийн орлого орж байсан байдаг.

2012 онд хууль гарснаар даатгалын компаниудын жолоочийн даатгалын хураамжийн орлого 16 тэрбум төгрөг болж өсч, нөхөн төлбөр 4 тэрбум төгрөгт хүрсэн. Харин  2013 онд 15 тэрбум төгрөгийн хураамжийн орлого орж, нөхөн төлбөр 10 гаруй тэрбум төгрөг болж өссөн нь замын осол нэмэгдсэндээ бус, даатгалаар дамжуулж хохирлоо шийдүүлэх нь нэмэгдсэн буюу энэ хуулийн ач холбогдлыг харуулж байгаа.

Даатгалын компаниуд хураамжийн тодорхой хэсгийг ирээдүйн хохирлуудыг төлөх нөөцийн санд хуримтлуулдаг, мөн даатгуулагчдаа өөртөө татах, үйлчилгээгээ сайн хүргэхийн тулд  асар их зардлуудыг гаргаж байгаа. Магадгүй жижиг зах зээлд олон даатгагчид байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо даатгалын компаниуд маш анхааралтай ажиглаж байна.

Бизнесийн байгууллагууд учир албан журмын даатгал тэднийг алдагдал оруулж болзошгүй болсон тохиолдолд энэ даатгалыг хийхээс татгалзаж болох талтай.  Хэрвээ тэд  хийхээ боличихвол энэ тогтолцоо нурж, хууль ямар ч утгагүй болж цаашдын бусад бүх төрлийн даатгалд нөлөөлөх аюултай. Гэхдээ тийм байдлыг бий болгохгүйн тулд тал талаасаа л ярилцаж, хуулийг сайн хэрэгжүүлэхэд бүгд л анхаарцгааж байгаа.

-Хураамжийн хэмжээг хуулинд зааж өгсөнийг та юу гэж боддог вэ? Иргэдийн зүгээс даатгалын хураамжийг нэмэх хүсэлгүй байгаа ч компаниуд нэмэх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Хэрхэн зөв гарцыг олох вэ?

Мэдээж асуудлыг шийдэх гол гарц нь хураамжийн хэмжээг зөв тогтоох гэдэг асуудал. Эрсдэлийн түвшинтэй яг зөв уялдсан хураамжийг олох хэрэгтэй. Одоогийн байдлаар хуулинд заагдсан тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарсан суурь хураамжид есөн итгэлцүүрийг ашиглаж байгаа ч 10 дахь итгэлцүүрийг гаргаж ирж тохиргоо хийж болохыг зарим мэргэжилтнүүд хэлж байгаа.

Өөр байж болох бусад хувилбаруудыг ч судалгаагаараа гаргаж ирнэ. Олон улсын шинжээчдийн хэлж буйгаар хуулинд хатуу тогтоогдсон хураамжийн хэмжээг зааж өгөх нь буруу гэдгийг хатуу хэлдэг. Хэрвээ цаашид зам тээврийн ослын хэмжээ буурвал даатгалын хураамжийг багасгах, эсвэл эрсдэл ихтэй байвал хураамжийн хэмжээг нэмэх зэрэг байдлаар хураамжийг хуулинд уян хатан байлгах хэрэгтэй.

Япон улсад гэхэд GIROJ гээд судалгааны том институти ажиллаж, хураамжийн хэмжээг тооцооолоход даатгагч нарт тусалдаг. Олон улсын туршлагыг судлаж байгаа.

-Гэхдээ даатгалын тохиолдол осол зөрчилд их холбогдоод байгаа жолоочийн хураамж жил бүрт нэмэгдээд явдаг шүү дээ. Энэ утгаараа даатгалын компаниуд алдагдалтай ажиллахгүй байх боломж байгаа юм биш үү?

Нэг талаараа тийм тал бий. Гэхдээ осол хохирлын статистиктай харьцуулахад хураамжийн орлого итгэлцүүрээр мундаг өсч байгаа үзүүлэлт биш. Бага зэргийн л өсөлт тодорхой хэмжээнд хүртэл гарна. Нөгөө есөн итгэлцүүрийн нэг нь гэсэн үг. Гэхдээ огт нөлөөлөхгүй гэж хэлж болохгүй.

-Нөгөө талаас хохирогчид маань хохирлоо сайн барагдуулж чадаж байгаа юу? Нөхөн төлбөрийн дундаж хэмжээ хэд байна вэ?

2013 оны байдлаар 1 даатгуулагчид олгогдсон дундаж нөхөн төлбөр 554,000 төгрөг байгаа. Нийт ослын тохиолдлын жолооч нарын 78 хувь нь 500 мянган төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг авч байна. 5 хүн тутмын 4 нь 500 мянган төгрөг дотор хохирлоо төлүүлж байгаа гэсэн үг.  

-Эд хөрөнгийг аврах тал руу хэт анхаараад эрүүл мэнд, амь настай холбоотой хохирлыг орхигдуулаад байгаа гэж жолооч нар хэлж байсан. Хохирлын үнэлгээг сайжруулах ёстой гэсэн үг үү, эсвэл хуулинд өөрчлөлт оруулах ёстой юу?

Хуулиар хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндийн аль аль хохирлыг нөхөн төлөхөөр байгаа боловч ард иргэд эрүүл мэндийн хохирлоо үнэлүүлж, нэхэмжилж хөөцөлдөх нь бага байдаг юм болов уу гэж боддог. Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал маш чухал. Өндөр зардал, үйлчилгээ авах шаардлагатай учир их төвөгтэй.

Хуулинд жолоочийн хариуцлагын даатгуулж болох хамгийн доод хэмжээг зааж өгснийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Хэрэв та Б ангиллын эрхтэй жолооч бол хуулинд заагдсан 5,000,000 төгрөгөөс дээш хариуцлагаа үнэлүүлж  нэмэлт хураамжийг төлснөөр бусдад учруулж болох өндөр хариуцлагаас чөлөөлөгдөж даатгалын компаниар төлүүлэх боломжтой. Одоохондоо хуулийн бололцоо ийм байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.