2014.10.03

Ж.Наранпүрэв: Би жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг амь нас, эд хөрөнгө авардаг гэж хэлмээр байна

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн хэрэгжилтийг хөндлөө. Бид энэ удаад жолооч Ж.Наранпүрэвтэй ярилцлаа.

-Та хэдэн жил жолоо барьж байгаа вэ?

1998 оноос хойш тасралтгүй  тээврийн хэрэгсэл жолоодож байна гэхээр одоо 16 жил болж байна.

-Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн талаар юу мэдэх вэ. Таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

Албан журмын даатгалын хууль 2007 оны үед яригдаж эхлэхэд нь ерөөсөө ойлгодоггүй, машинаа даатгуулах эсэх нь хэнд ямар хамаатай юм гэж боддог байсан.

Гэхдээ хууль батлагдаад нийгэмд тархаад ирэхээр даатгуулсан. Эхний жилдээ даатгалын тохиолдол гараагүй. Дараагийн жил нь нөхөн төлбөр гаргуулахтай холбоотой харилцаанууд үүсээд хүмүүс нөхөн төлбөр авч байна гэж сонсоод эрх зүйг нь сонирхож, Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг уншиж байсан. Үнэхээр жолооч нар, иргэдийнхээ наанадаж эд хөрөнгө, цаанадаж амь нас, эрүүл мэндийг зуун хувь хамгаалах хууль болсон гэдгийг ойлгосон.

Зарим хүмүүс тавхан сая төгрөг өгдөг гээд бухимдалтай явдаг юм шиг байна лээ. Гэхдээ хэдэн төгрөг төлчихөөд тийм мөнгө авч байгаагаа бодох хэрэгтэй. Үнэгүй юм гэж байхгүй. Би жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг “Амь авардаг хууль” гэж хэлнэ.

-Та яагаад “Амь авардаг хууль” гэж хэлэх болов оо. Таныг яаж аварсан  хэрэг вэ?

Өнгөрсөн 8 сарын 30-ны өдөр зөвшөөрөгдсөн зогсоолын талбайд машинаа байрлуулчихаад зогсч байтал өөдөөс Nissan sunny маркийн машин шууд ирээд мөргөсөн. Би машинхаа хойно зогсч байсан учир машины доргилтонд цохигдон унасан. Юу болов гээд гайхаад босоод иртэл нөгөө мөргөсөн машины хөдөлгүүр нь унтраагүй зүтгэсэн чигээрээ байсан.

Ойр хавийн хүмүүс гарч ирээд тэр машиныг нь унтрааж, жолоочийг нь буулгаад иртэл хөл дээрээ ч тогтож чадахааргүй согтуу хүн байсан. Өөрийнх нь буруу байтал намайг зодно гэж дайраад, хэл амаар хараасан. Цагдаа ирээд хэмжилт үзлэг хийсний дараа даатгал руугаа ярьтал миний буруу биш учир даатгал хамаарахгүй гэсэн.

Харин нөгөө буруутай этгээдийг даатгалтай эсэхийг лавлатал жолооч биш байсан бөгөөд даатгалгүй хүн байсан. Ингээд хэрэг бүртгэл нь мөрдөн байцаалтын шатанд очсон. Хэрвээ эрүүгийн хариуцлагаар явбал буруутай этгээд 9,8 сая төгрөгийн торгууль төлж, шоронд ч орж мэдэхээр байсан.

-Тэгээд яаж шийдсэн гэсэн үг вэ?

Гэхдээ миний хувьд хохирлоо барагдуулж, машинаа засуулах нь чухал учир Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг эргүүлээд хартал 18.1.1 дээр жолоодох эрхгүй мөртлөө согтуугаар тээврийн хэрэгсэл барьж байгаад даатгалтай жолоочид хохирол учруулвал хохирлыг нөхөн төлнө гэдэг заалт байсан.

Өөр хүнд яривал үлгэрийн юм шиг сонсогдох байх. 

Үүний дагуу Албан журмын даатгалын холбооны мэргэжилтэнтэй уулзаад зөвлөгөө мэдээлэл авч, болсон явдлыг ярьсан. Нөхөн төлбөр авах боломжтой гээд буруутай этгээддээ хэлээд гурав хоногийн дотор материалаа бүрдүүлээд өгтөл дөрөв дэх хоногтоо хохирлоо гаргуулж авсан.

Өөр хүнд яривал үлгэрийн юм шиг сонсогдох байх. Гэхдээ үнэхээр хурдан шуурхай, жолоочийн эрсдлийг сайн хариуцаж ажилладаг, сайн хууль, сайн систем суусан юм билээ. Энэ дашрамд Албан журмын даатгалын холбооныхонд ажлын амжилт хүсье.

-Ингэхэд таны хохирлын хэмжээг бодитой тогтоож чадсан уу. Хэдий хэмжээний хохирол гарсан юм бэ?

Харьцангуй юм билээ. Миний машины бодит хохирлын 73-74 орчим хувийнх нь үнэлгээгээр үнэлгээ хийсэн. Тэрийгээ л зуун хувь гаргуулж авсан. Үнэлгээ нь зөвхөн хохирол үнэлгээний компанитай холбоотой байдаг.

Надад хохирол учирхад хохирол үнэлгээний компаниуд, даатгалын компаниуд албан журумын даатгалын холбоо тулгын гурван чулуу шиг оролцдог. Гэтэл даатгалын компани, албан журмын даатгалын холбоо хоёр нэг судлаар яваад хэрнээ үнэлгээний компаниуд гадна нь үлдэж, хаягдчихдаг.

Үнэлгээтэй холбоотой маргаан гарах, үнэлгээх тогтоох, ихэсгэх, багасгах, олгосон эсэх мэдээлэл нэг санд төвлөрөх ёстой. Ингэвэл илүү боловсронгуй болж, шуурхай статистик мэдээлэл гарах болов уу.

-Та 16 жил жолоо барьж байгаа гэсэн. Жолоочийн даатгалын хууль гарахаас өмнө ямар нэгэн осол, зөрчил гарахад асуудлаа хэрхэн шийддэг байсан бэ. Хуультай болсноор ямар өөрчлөлт мэдрэгдэж байгаад нэг дүгнэлт өгнө үү?

Зарчмын маш том ялгаа гарсан. Өмнө нь хоёр автомашинаа дандаа гадны нөлөөтэй мөргүүлж байсан. Нэг нь автобус байсан. Хажуу талаас орж ирж мөргөчихөөд маш их маргалдсан. Цагдаа ирээд хоорондоо зохиц гээд эцэстээ тэр автобусны жолоочоос юу ч авч чадаагүй. Өөрөө цалингийн зээл аваад машинаа засуулсан.

Нөгөөдөх нь нэг challenger маркийн машинтай нэг эмэгтэй ирээд мөргөчихсөн хэрнээ 50 мянган төгрөг өгөөд л сүртэй юм гээд явчихсан. Цагдаа ирсэн ч та хоёр зохицчихсон юм чинь гээд өнгөрсөн. Харин одоо дээрх хоёр тохиолдолд ослын газар даатгалынхан өөрсдөө ирж, төлөх асуудал яригдаж, хэрвээ даатгалгүй байвал сангаас хохирол төлж байна. Үнэхээр маш их асуудал цэгцэрсэн. Энэ бол эрх зүйн хувьд дэвшил болсон.

Би жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг амь нас авардаг, эд хөрөнгө авардаг хууль гэж хэлмээр байна.

-Нэг талаар хохирсон жолооч сангаас нөхөн төлбөрөө гаргуулж авч байгаа ч гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой биш гэж үү. Энэ хэр шударга вэ?

Би өөрөө хууль зүйн сургуулийн багш, судлаач хүний хувьд хуулинд логикийн нэг алдаа байгааг анзаарсан. Жолоочийн хариуцлагын даатгалын хуулинд албан журмын даатгалын санг оруулж өгсөн нь үнэхээр шийдлийн хувьд зөв оновчтой ч холбоо тэр мөнгөө хаанаас гаргуулж авах нь асуудалтай. Мэдээж буруутай этгээд хохирлыг төлөх ёстой ч төлөхгүй бол шүүхдэх асуудал яригдана.

Миний бодлоор хуулинд өөрчлөлт оруулаад барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэх нь зүйтэй юм шиг санагдсан. Жишээлбэл барьцаа хөрөнгөгүй хүн бараг байхгүй. Одоо үйлчилж байгаа системээр батлан даагчтай байна гэсэн ч хэрвээ маргаан үүсвэл шүүхээр шийдүүлнэ.

Гэтэл шүүхийн процесст өмгөөлөгч, хуулийн төлөөлөгч хөлсөлж, их зардал гаргаж, урт хугацаа зарцуулдаг учир хүндрэлтэй. Тийм учраас нэмээд барьцаа хөрөнгийн асуудлыг оруулах нь зүйтэй юм шиг санагдсан.

-Жолооч нарын зөрчил гаргах нь буурахгүй байгаа. Бүхнийг хуулиар хүчээр зохицуулах нь боломжгүй мэт санагдсан юм. Ослын тоо буурахгүй байгаад ямар бодолтой байдаг вэ?

Өрнөдөд бол эрхэнд дулдуйдаж үүргийг бий болгодог бардам сэтгэлгээ байдаг. Би ийм эрхтэй гээд л. Харин дорно дахинд үүрэгт тулгуурлаж, эрхийг бий болгодог бүрэг сэтгэлгээ байдаг. Өнөөдөр манай улс хуулиудыг ихээр баталж байгаа нь өрнөдийн соёл нэвтэрч байгаагий илрэл.

Жолоочийн хариуцлагын даатгал бол эрхээ эхэлж ярьдаг. Гэхдээ нэг талаар үүрэгтэй болгохын тулд жолооч нарыг тодорхой кредиттэй болгож, хоёр жил байнгын сургалтад суулгаж, зөрчил гаргавал оноо хасдаг байх хэрэгтэй гэж боддог. Мөн их эрсдэлтэй этгээдийг Албан журмын даатгалын сангаас мөнгө авахыг нь олгохгүй байхаар зохицуулж өгч болно. Ингэвэл шударга байх болов уу. 

Ярилцсанд баярлалаа.