Б.Нямаа: Төр өөрөө хамгийн том даатгуулагч болно
Сангийн яамны Санхүүгийн бодлого, Өрийн удирдлагын газрын дарга Б.Нямаатай даатгалын салбарт төрөөс баримтлах болдлого болоод авч хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлаа.
-Доголон хөлтэй хэмээгдэх санхүүгийн зах зээлтэй манай улсын хувьд даатгалын салбарт ямар өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна вэ.
Манай улсын хувьд санхүүгийн зах зээлд банкны салбар голлож байгаа нь үнэн. Санхүүгийн зах зээлд буй нийт активын 95 хувь нь банкных, үлдсэн нь банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгийн бирж, даатгал, үнэт цаас, санхүүгийн лизинг эзэлдэг.
Санхүүгийн сектор нь бусад бизнес эдийн засгийн салбарын тулгуур дэд бүтэц болж өгдгөөрөө давуу талтай. Ялангуяа эдийн засаг өөрөө төрөлжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа үед банк дангаараа хэрэгцээг хангаж чадахаа больж, банкны үйлчилгээнээс өөр төрлийн үйлчилгээг авах шаардлага үүсчээ.
Томоохон бизнест юун түрүүнд эрсдлийг хардаг учир түүнийг шийдэх санхүүгийн хэрэгслийг ашигладаг нь даатгалын механизм юм. Даатгалын салбар хөгжөөд ирэхээр түншлэгч талуудын хоорондын итгэлцэл улам нэмэгдэж, төсөл цаашид амжилттай үргэлжилдэг.
Ингэснээр төр өөрөө идэвхтэй хэрэглэгч болно.
Хамгийн ойрын жишээ гэхэд монголчууд өнөөдөр маш ихээр моргейжийн зээлийг авч байна. Урт хугацааны зээл учир тухайн зээлдэгч болон орон байрт ямар нэгэн гэнэтийн эрсдэл гарах аюултай учир эрсдлийг даатгалаар шийдэж байгаа. Ингэснээрээ зээлээ эргэн төлөх баталгаа гаргаж байна гэсэн үг.
Ялангуяа урт хугацааны санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажил дээр даатгалын салбарын оролцоо маш чухал.
-Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны хөгжлийн стратеги батлагдсан. Даатгалын салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?
Хөгжүүлэх чиглэлд зах зухаас нь арга хэмжээ аваад ажилаж байна. Нэгдүгээрт даатгал байх ёстой зүйл гэдгийг хувь хүмүүс болон бизнес эрхлэгчид хүлээн зөвшөөрч, хэрэгцээг нь ойлгож, мөнгө зарцуулдаг болох хэрэгтэй. Энэ хүрээнд сайн дурын болон албан журмын даатгалын хуулиуд үйлчилж эхэлснээр хүмүүс даатгалыг ойлгох нь нэмэгдэж байгаа.
Албан журмын жолоочийн хариуцлагын даатгалаас эхлээд хуульч, өмгөөлөгч, эмч, шүүгч гээд эрсдэлтэй хэсгийг даатгалд хамруулах шаардлага үүсч, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс ажиллаж байна.
Харин сайн дурын даатгалын төрлүүдийг нэмэх бодлогыг Сангийн яамнаас барьж, ойрын хугацаанд бичил даатгалын бүтээгдэхүүнийг бий болгохоор зорьж байна. Даатгал гэдэг нь нэг талдаа нэмэлт зардал учраас орлого багатай хүмүүст тохирсон бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
Хоёрдугаарт даатгалын зах зээлийг хөгжүүлэхийн тулд төр өөрөө хамгийн том даатгуулагч байх ёстой. Эрсдэлтэй ажил хийж буй албан хаагчийнхаа амь насны даатгал, үл хөдлөх хөрөнгийн, галын даатгал гэх мэт. Ингэснээр төр өөрөө идэвхтэй хэрэглэгч болно.
-Үндэсний давхар даатгалын компани байгуулах шаардлагатай гэдгийг зарим хувийн хэвшлийнхэн хэлж байсан. Зарим нь эсэргүүцэж байна.
Төр өөрөө хувийн хэвшлийн хийж чадахгүй байгаа даатгалыг хийнэ. Жил бүр гадагшаа урсдаг давхар даатгалыг Үндэсний давхар даатгалын компаниар шийдэх боломжтой. Компаниуд ч үүнийг хүссэн. Одоогийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зуун хувь төрийн
өмчийн оролцоотой байх уу, хувь нийлүүлж оролцох уу гэдгийг судалж байгаа.
Төр зайлшгүй оролцох ёстой тодорхой төрлийн даатгалын хамгаалалтуудыг бий болгохоор ажиллаж, үүнд гамшгийн төрлийн даатгалуудыг төрийн оролцоотой хийнэ. Өөрөөр хэлбэл хувийн даатгалын компани хүлээж авах бололцоогүй, хэтэрхий өндөр үнэтэй байгалийн эрсдлийг төр даана гэсэн үг.
Эхний ээлжинд малын индексжүүлсэн даатгал. Сая хууль нь батлагдсан. Байгалийн эрсдлийг арилжааны даатгалын компани хийхэд маш төвөгтэй. Тэгэхээр гамшгийн эрсдлээс хамгаалдаг олон улсын туршлагыг судлаад даатгуулагч буюу малчид, нөгөө тал нь хувийн хэвшил, төр хамтарч ажилладаг механизмыг амжилттай туршиж үзээд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр болсон.
Одоогийн схемээр 6 хувь хүртэлх малын хорогдолтой хэсгийг малчин өөрөө хариуцаад, 6-30 хувийг даатгалын компани, 30-иас дээш давсан эрсдлийг төр хариуцаж хураамжийг нь төлж байхаар зохицуулсан. Ингэснээр Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани байгуулах эхлэл тавигдаж, таван хошуу малаас гадна гахай, тахиа, ургамал, газар тариалангийн даатгалыг хувийн хэвшилтэйгээ хамтран хийнэ.
Энэ нь давхар даатгалын компани учраас арилжааны даатгалын компаниудтайгаа өрсөлдөхгүй. Аль болох шинээр бүтээгдэхүүн бий болгох тал дээр компаниудтайгаа хамтраад туршиж үзээд зах зээлд нэвтрүүлэх ажлыг л хийнэ.
-Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани эхэлж байгуулагдах нь. Үүний дараа үндэсний даатгалын корпораци байгуулах нь тодорхой байгаа. Дээрээс нь давхар даатгалын компанийг бас байгуулна гэхээр төр даатгалын олон компанитай болох нь ээ. Хувийн хэвшлийнхэн үүнээс маш их сэрэмжилж, эсэргүүцэж байсан. Төрийн оролцоог багасгах ёстой гэж үзэж байгаа?
Тийм. Давхар даатгалын хувьд байгуулах хэрэгцээг судлаад байгаа. Одоохондоо хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийг байгуулах хооронд үндэсний давхар даатгалын туршлага судлаад тодорхой салбаруудад хийгээд Үндэсний давхар даатгалын компани болгож өөрчлөх бололцоотой.
Харин үндэсний даатгалын корпорацийг байгуулахад хувийн компаниудын зүгээс хэд хэдэн асуудалд болгоомжилж байгааг хэлэх хэрэгтэй.
Нэгдүгээрт томоохон хэмжээний дүрмийн сантай, хөрөнгөтэй компани бий болохоор тэдний зах зээлээс хэрэглэгчдийг нь булааж, бусад орлогыг хуваалцаж, өрсөлдөх вий гэхээс айж байгаа.
Хоёрдугаарт ТӨК учраас төр өөрийнхөө даатгалаа шилжүүлж, зах зээлийг хумих эрсдэлтэй гэж үзэж байгаа. Уг нь үндэсний даатгалын корпорацийг урт хугацааны төслийн санхүүжилтэд даатгал хийлгэх зорилгоор гаргасан. 200 сая долларын төслийн хэмжээнд бодох хэрэгтэй.
Өнөөдөр даатгалын компаниуд нийлээд 100 орчим тэрбум төгрөгний хөрөнгөтэй байгаа учраас томоохон хэмжээний даатгалыг хийхэд чадал нь хүрэхгүй. Нэг талдаа хэрэгцээ, нөгөө талд хувийн даатгалын компаниудын болгоомжлол байгаа учраас энэ хоёрыг огтлолцуулж байж зөв гаргалгааг олох ёстой.
-Гэхдээ Төрийн банк анх байгуулагдахдаа хувийн банктай өрсөлдөхгүй гэж байснаа одоо төрийн бүх албан хаагчдын цалингаа татаад өөрийн банкаараа явуулдаг боллоо гэх шүүмжлэл байна. Үүн шиг эрсдэл гарах уу?
Ашигтай ажиллахын тулд тодорхой хэмжээний өрсөлдөөнд заавал оролцоно. Оролцоод эхлэхээр төрийн оролцоотой учраас төр давуу тал өгөөд эхлэх үү гэдэг болгоомжлол бий. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх бас хэцүү. Нөгөө талд нь төр оролцохгүй гээд орхихоор яах аргагүй хэрэгцээ байгаад байдаг. Зөв гаргалгааг гаргах ёстой.
-2016 он гэхэд даатгалын салбарын хөгжил ямар түвшинд хүрэх вэ?
Засгийн газрын хувьд одоогоор хүний нүднээс далд явдаг суурь дэд бүтэц, үндсэн хэсгийг засах янзлах ажлуудыг хийж байна. Санхүүгийн зах зээл хөгжих дэд бүтэц бий болсны дараа тодорхой ажлуудыг хийхэд түлхэц болно.
Хөрөнгө оруулалтын сан, даатгалын сангууд хөрөнгийн зах зээл дээр оролцоод явахад тааламжтай болно гэсэн үг. Тиймээс бид одоогоор хууль эрх зүйн орчны хувьд анхаарч байна.