Д.Цэвээнжав: Хуулийн хэрэгжилтэд судалгаа хийж дүгнэлт гаргах  шаардлага байгаа
Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
2014.10.13

Д.Цэвээнжав: Хуулийн хэрэгжилтэд судалгаа хийж дүгнэлт гаргах шаардлага байгаа

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хөндлөө.

Бид энэ удаад хуулийг хэрэгжүүлэх нэгэн субьект болох Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай ярилцлаа. Тус байгууллага нь 2011 онд батлагдсан даатгалын тухай  хуулийн нэмэлт  өөрчлөлтийн дагуу байгуулагдсан бөгөөд хэдийгээр холбоо ТББ нэртэй ч төр, даатгагчдаас санхүүждэг, төрийн өмнөөс үйлчилгээг үзүүлж үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, даатгагч, даатгуулагч хохирогчдын эрх  ашгийг хамгаалах зорилготой ашгийн бус хуулийн этгээд юм.

-Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг Албан журмын даатгагчдын холбооноос юу гэж дүгнэж байгаа вэ. Танай холбоо энэ хуулинд ямар үүрэгтэйгээр оролцдог вэ. Хохирогч, ард иргэдийг хамгаалах тэр зорилтдоо хэрхэн хүрч байна гэж боддог вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны 10 сарын 6-нд УИХ-аас батлан гаргаад хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Хууль гарах шалтгаан  юу байв.  Монгол улсад зам тээврийн осол их хэмжээгээр гарч, жилд дунджаар 400 гаруй зам тээврийн ослоор нас барж, 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа нь үндэсний хэмжээний эмгэнэл.  

Энэ хүмүүс нас барах, тахир дутуу болоход хэн буруутай вэ? Зам тээврийн ослын 2013 оны шалтгааны  судалгаагаар жолоочийн  буруугаас 97,2 хувь нь;  зорчин явагчдын буруугаас  2,6 хувь нь хамааралтай гэсэн дүгнэлт гарсан байгаа.

Судалгаанаас үзэхэд энэ аюулаас хамгаалах ямар  хүчин зүйл байгааг судалж, улс орнуудад Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийг  баталж хэрэгжүүлдэг болохыг олж мэдсэн. Ингээд хуулийг батлан гаргасан.

 Энэ хуулийн гол санаа нь  замын  хөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх зам тээврийн осол аваарын хохирогчийн хохирлыг  ямар  нэг хэмжээгээр багасгах, арилгахад онцгой анхаарч, шийдвэрлэхэд чиглэгдсэн хохирлыг зуун хувь барагдуулдаг байхаар шийдвэрлэсэн.

2013 оны судалгаагаар орон нутагт гарч буй нийт ослын 95 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болсон байна. АЖДХ-2014 он

Зам тээврийн ослоос болж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, ажил албаараа хохирох, улмаар хөдөлмөрийн чадвараа алдаж, ядуурал руу түлхэх аюултай. Тиймээс хохирогчдын хохирлыг барагдуулах ажлыг шийдвэрлэж өгсөн нь үнэхээр  чухал ач холбогдолтой оновчтой шийдвэр болсон.

Жишээлбэл 2013 оны байдлаар даатгалын тохиолдол буюу  автын аваар осол, зөрчил  19.2 мянга гаруй гарч, нийт 10,7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөж өгсөн. 2014 оны хувьд эхний найман сарын байдлаар 13,1 мянган даатгалын тохиолдол гарч, 6,7 тэрбум төгрөгийн хохирлыг  даатгалаас олгосон байна.

Ингэхээр жолоочийн даатгалын тухай хуулийн нэг зорилго амжилттай хэрэгжиж байна гэсэн үг. Жолоочийн хариуцлагын даатгалын хамрагдалт муугүй байгаа нь  бидний амжилт гэж болно.

-Жолооч нарын хэдэн хувь нь даатгалд хамрагдсан бэ?

Хуулийн бас нэг зорилго нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн эзэмшигчид болон жолооч нарыг даатгалд заавал хамрагдахыг шаардаж байгаа. Эхлээд манай жолооч нар тэр бүр сайн ойлгохгүй, даатгалыг татвартай адилтгаж ойлгох хандлага байсан учир хуулийн сурталчилгааг сайжруулах даатгалын тухай мэдээллийг иргэдэд  хүргэх ажилд  багагүй хугацаа зарцуулсан.

2013 оны жилийн эцсийн дүнгээр замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа буюу авто тээврийн үзлэг оношлогоонд хамрагдсан тээврийн хэрэгслийн тооноос даатгалд хамрагдсан нь илүү байгаа.

Тодруулж хэлбэл замын  хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа тээврийн хэрэгслийн 93 хувь нь даатгалд хамрагдсан байна  гэсэн үг. Солонгос улсад анх 1963 онд жолоочийн даатгалын хууль батлагдаад тавь гаруй жил хэрэгжүүлэх хугацаанд хамрагдалт 99 хувьтай. Харин хууль хэрэгжүүлээд 10 гаруй жил болж буй ОХУ-ын хувьд хамрагдалт их доогуур.

Манай улсын хувьд бусад улс орны туршлагыг судалж, өөрийнхөө үйл ажиллагаанд  амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд, мөн  албан  журмын даатгагчдын  холбоо, түүний орон нутаг дахь салбаруудыг идэвхтэй сайн  ажиллуулсаны үр дүнд богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаадаа  даатгалын  системийн хамт олондоо талархалтай хандаж явдаг  шүү.

Манай Албан журмын даатгагчдын холбоо даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, орчин үеийн техник технологийг ашиглаж, сангаа амжилттай бүрдүүлэн ажиллаж байна.

Бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүнгээр жолоочийн хариуцлагын  даатгалд хамрагдалт 93 хувьд хүрсэнийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

Бид орон нутаг дахь авто тээврийн байгууллагууд, автын үзлэг оношлогооны үндэсний төв, мөн замын цагдаагийн байгууллагуудтай хяналтын үүрэг гүйцэтгэх чиглэлд  хамтран ажилладаг. Бид бүгдийн хамтын ажиллагааны үр дүнгээр жолоочийн хариуцлагын  даатгалд хамрагдалт 93 хувьд хүрсэнийг зориуд тэмдэглэж хэлэхийг хүсч байна.

-Албан журмаар даатгаж байгаа хураамж төлүүлж байгаа учраас заавал нөхөн төлбөр өгдөг байх ёстой. Гэтэл амьрал дээр согтуугаар осол гаргасан болон зөрчил гаргасан буруутай этгээдэд зарим компаниуд нөхөн төлбөр өгөхгүй гэх хандлага байгаад иргэд шүүмжлэлтэй хандсан. Та үүнийг юу гэж бодож байна?

Энэ асуудал хоёр талтай. Нэгдүгээрт даатгалын  тохиолдлоос хохирсон иргэний хохирлыг заавал барагдуулах нь даатгалын гол зарчим. Гэтэл сайн дураар сонгож даатгуулдаг тээврийн  хэрэгслийн даатгалын гэрээнд согтуудаа аваар осол хийсэн бол олгохгүй гэж тусгагдсаныг жолоочийн хариуцлагын даатгалтай хольж хутгаад тийм яриа гаргасан байж болох талтай.

Хоёрдох нь хүнд сурталтай холбоотой зарим нэг зүйл бий. Тухайн даатгалын тохиолдолд хохирогч иргэн бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй байх эсвэл хугацаа алдаж удаашруулах  зэрэг шалтгаанаас болж  даатгалын компаниуд мөнгө гаргахдаа хугацаа алддаг тал бий. Ер  нь хохирлын хэмжээ их байвал гүнзгийрүүлж шалгах  шаардлага байлгүй яах вэ?

-Жолоочийн хариуцлагын  даатгалын үр дүнд хохирлоо барагдуусан хүмүүс сэтгэл хангалуун байгаа нь манай хэлэлцүүлгийн сэтгэгдлээс харагдаж байна. Гэхдээ хууль хүний эд хөрөнгийг аврах тал руу нэлээн зохицуулагдаад амь нас, эрүүл мэнд хохирвол яах вэ гэдэг нь байхгүйд санаа их зовж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой даатгалын тохиолдол гарвал олгох нөхөн төлбөрийн  80 хүртэлх хувийг хүнд зориулж түүнд нь зарцуулахыг хуулиар заачихсан. Огт байхгүй гэж болохгүй. Түүнээс гадна даатгалын сан, даатгалын компаниас хохирол нөхөн олгож байгаа чинь иргэн хүний санхүүгийн эрсдлийг хуваалцаж байгаа нь нэг талаар хүнээ хамгаалж байна гэсэн үг.

Хэрвээ хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол хохирлын үнэлгээг эмнэлэг, эмчийн дүгнэлтийг үндэслэж нөхөн төлбөр олгоно. Тухайн хүний эмчлүүлсэн зардал зэргийг нөхөж өгч байгаа гэсэн үг.

Солонгос улсын хувьд жолоочийн даатгалыг эд хөрөнгө тал руу бус, эрүүл мэнд, амь насны талын хохирлыг нь эхэлж төлөх чиглэлийг илүү авч үзэж хэрэгжүүлсэн юм билээ. Манай хохирол үнэлгээний компаниуд энэ тал дээр үнэхээр орхигдуулчихсан байгааг засах ёстой шүү. Тиймээс үнэлгээчид чадваржиж, мэргэших, мэргэжлийн  багтай байх, чадахгүй гээд суух биш, хүний эрүүл  мэндийг үнэлдэг болох хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооноос Хохирол үнэлгээний зөвшөөрлийг олгохдоо эрүүл мэнд амь настай холбоотой хохирлыг үнэлэх ёстой гэдгийг шаардах, шалгуур үзүүлэлт болгож болох талтай.

-Гэхдээ хохирол үнэлгээчдийн зүгээс даатгалын хураамж бага, нөхөн төлбөрийн хэмжээ тав арван сая гээд заачихсан учир түүндээ л таарсан үнэлгээг хийдэг хэмээн учирлаж байсан.

Үнэний талтай ч гэхдээ нэг хүний хандлагаар асуудлыг шийдэж болохгүй. Төр нэгэнт бодлогоор шийдвэрлэх зорилт тавьж байхад зөв  гарцыг нь олж хийх л ёстой. Хийж бүтээхийг зорьсон нь зөв гарц олж байхад залхуу зарим нь шалтаг ярих нь  бий дээ.

-Хууль хэрэгжээд гурав дах жилдээ явж байна. Даатгалын компаниуд хураамжийн хэмжээг хуулинд хатуу зааж өгснийг өөрчлөх хүсэлтэй байгаа бөгөөд жолоочийн даатгалаас болж алдагдалд орж байгаа гэдгийг хэлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

Жолоочийн хариуцлагын даатгал нь ашиг олох  бүтээгдэхүүн биш  шүү дээ. Ер нь хуулинд оруулах өөрчлөлт олон бий. Ажлын хэсэг гаргаад тал талаас нь авч үзэх хэрэгтэй. Даатгалын компаниуд  энэ

Даатгалын 17 компаниас 16 нь жолоочийн хариуцлагын даатгалыг хийж байна.

хариуцлагын даатгал хийхэд ямар зардал гаргав. Мөн сайн дурын даатгал хийхэд ямар зардал гаргасныг ялгаж үзэх хэрэгтэй. Заавал даатгалыг сайн дурын даатгал эрхлэх компанид зөвшөөрөл өгөхгүй ч байж болно шүү дээ.

Би хувьдаа жолоочийн даатгалаар нэг их  ашиг олоогүй ч алдагдалтай ажилласан компани байхгүй л дээ. Тийм даатгалын компани байвал зөвшөөрөлөө буцаагаад өгчих боломж байгааш дээ. Тухайлбал жолоочийн даатгалын тухай хууль маань нэг талаар жолоочоо дагасан юм шиг, заримдаа тээврийн хэрэгслээ дагаад байгаа юм шиг ойлгомжгүй зүйл заалт байгаа.

Хууль батлагдах үед УИХ-ийн эцсийн хэлэлцүүлэгт нэлээн маргаан гарсан учир хоёрдмол байдлаар алхаа цохьчихсон юм болов уу. Жишээлбэл мэргэшсэн жолоочийг заавал даатгалд хамрагд гэсэн мөртлөө хэрвээ мэргэшсэн жолооч ямар нэгэн хохиролд өртвөл ямар хэмжээний нөхөн төлбөр өгөх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа.

Мөн хууль  хэрэгжүүлэхээр дагаж гарсан дүрэм, журамд өөрчлөлт оруулах зүйл зөндөө бий. Түүнээс гадна нэг нэмэлт бүлэг болгож оруулмаар том өөрчлөлт байгаа нь Хяналтын системийн тогтолцоо байна . Энэ хууль  зөрчсөн этгээдэд Санхүүгийн зохицуулах  хорооны даатгалын хяналтын улсын байцаагч хянан шалгагч, хяналт тавина гэсэн ч орон нутагт Санхүүгийн зохицуулах хорооны ямар ч хянан шалгагч байхгүй шүү дээ.

Манай холбоо сайн дураараа хотын техникийн үзлэгийн үеэр шалгалт хийхэд зөрчлүүд их байсан. Ингээд үзэхээр хяналт маш сул байгаа юм. Жинхэнэ амьдрал дээр  хууль хэрхэн хэрэгжиж байгааг хянах , шалгах боломжийг бий болгох  нь чухал байна. Хоёрдугаарт Оросын жишээнээс харахад манайх шиг шуурхай алба нь даатгалгүй этгээдийн дуудлагаар тэр бүр гүйж очиж, өмнөөс нь нөхөн төлбөр өгөөд мөнгөө төлөөч гэж толгойг нь илдэггүй.

Тэд дуудлагын үйлчилгээ авахыг хүсвэл зохих хэмжээний зардлыг төлнө. Даатгалгүй этгээд сангаас нь мөнгө авахын тулд нэлээд бичиг баримт бүрдүүлж хууль хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг  бүрэн ухамсарлах түвшинд хүргэдэг юм билээ.

Тэгж байж буруутай этгээд даатгал хийлгэх минь яалаа гэж бодож, ойлгохоор болдог юм билээ. Гэтэл манайд байдал шал эсрэгээрээ явж байгаа нь төр өөрийнхөө гаргасан хуулийг өөрөө булшилж байгаа хэлбэр. Төрийн баталсан хууль хэрэгжүүлээгүй этгээдтэй хатуу л харьцах ёстой.

-Танай холбооны Даатгалын сан даатгалгүй жолооч бусдад хохирол учруулбал нөхөн төлбөр өгч, дараа нь буруутай хүнээс нэхэмжилдэг. Одоогийн байдлаар танай санд хичнээн төгрөг төвлөрсөн бэ. Хичнээн хүнд даатгалын сангаас нөхөн төлбөр олгоод  байна вэ?

Даатгалын  санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг хуульд  заасан тэр эх үүсвэрээс төвлөрсөн хөрөнгийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулах заалттай хөрөнгө шүү дээ. Даатгалын  сангийн нэг зориулалт гэхэд хохирогчид нөхөн төлбөр олгох, хэрэв даатгагч дампуурчихвал даатгуулагчийн хохирлыг даатгалын  сан хариуцах үүрэгтэй.

Тэгвэл жолоочийн даатгалын нэг  жилийн хураамжийн хэмжээ 16.6-18.0 тэрбум төгрөг  шүү дээ. Хамгийн багаар тооцоход энэ хэмжээний нөөц сан  бүрдүүлбэл зохино. Ирээдүйд ийм  нөөц бий болгоно  биз дээ.  Одоо  бол байдал хүндхэн байна  шүү дээ. Энэ хуулийн нэг онцлог гэвэл даатгалд хамрагдаагүй этгээд, мөн даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд, даатгасан компани нь дампуурсан зэрэг тохиолдлуудад даатгуулагчийн эрх ашиг хохирвол төрийн мэдлийн даатгалын сангаас тэр хохирлыг арилгаж байгаа. Энэ асуудлыг хуулиар зохицуулсан.

Даатгалгүй этгээд бусдад учруулсан хохирлыг сангаас гаргаж, дараа нь буруутай этгээдээс нэхэмжилж даатгалын сандаа буцаан оруулах үүргийг А лбан журмын даатгагчдын  холбоо  хүлээж байгаа. Хуулийн энэ заалт 2013 оноос эхэлж үйлчилсэн. 2013 онд даатгалггүй этгээд нийтдээ 98 тохиолдол гаргаж, 120,2 сая төгрөгийн хохирол учруулсан. Хуулинд хэрвээ хохирогч, хохируулагч хоёр хоорондоо тохиролцоод газар дээр нь барагдуулж болно гэсний дагуу 48 тохиолдол нь шийдэгдсэн.  

Харин тохиролцоогүй, нэг ёсны буруутай этгээд нь шууд төлбөр хийх чадваргүй бол хохирогчийн хохирлыг даатгалын сангаас нөхөж өгөөд, графикаар барагдуулахаар тохирдог. Төрөөс энэрэнгүй хандаж, орлогын боломжийг нь харгалзаж, графикаар төлүүлж байгаа юм л даа. 2014 оны 9 сарын 19-ны байдлаар 79 тохиолдол гарч,  165 сая төгрөгийн хохирол гарсан.

Эдгээрээс миний түрүүн хэлдэг шиг хорондоо тохиролцсон нь 12, даатгалын сангаас 41 тохиолдлын 91 сая төгрөгийг барагдуулсан. Гэхдээ буруутай этгээд буцааж төлөх нь их хангалтгүй байгаа 2013 , 2014 онд даатгалын сангаас нөхөн төлбөр авсан  хүмүүсээс  15 хүн буцаан төлөх графикт хугацааг хэтрүүлсэн 2 этгээд нь оргон зайлж, бүртгүүлсэн хаяг дээрээ байхгүй  болсон. Тэр хүмүүсийг хуулийн дагуу шүүхэд шилжүүлээд байна. Иргэний журмаар төлөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага оролцох  болно.

-Буруутай этгээдийн өмнөөс нөхөн төлбөрийг нь өгөхдөө ямар шаардлага тавьдаг вэ. Хуулиас харахад батлан даагч гаргуулдаг юм билээ. Зарим хохирогчдын зүгээс хөрөнгийг нь барьцаалах санал  ч гарч байсан?

Хуулинд барьцаа хөрөнгийн асуудал тусгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарахаар ямар хүндрэл гарах нь харагдах байх. Ер нь энэ хуулийн нэмэлт  өөрчлөлтийн асуудлыг 2015 оноос Улсын их хуралд оруулах болов уу. Энэ үедээ тийм бэрхшээлтэй тэр асуудлыг хэлэлцүүлье гэж бодож байгаа.

Эхлээд бид нар барьцаа хөрөнгө авч байсан. Гэтэл хөрөнгийг яаж хадгалж, хамгаалах, хаана хадгалах вэ гэдгээс эхлээд асуудал үүссэн учир ард иргэдийнхээ ухамсарт найдаад тэр хүн хэдийгээр буруутай үйлдэл гаргаад хүний өмнө бүлтэгнээд айж, чичрээд ядарч явахад нь төр сэтгэл гаргаад өмнөөс нь төлөөд, дараа нь өгчихөөрэй гэж байхад итгэл даах байх гэж л  найдаж байгаа.

-Даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлэх эх  үүсвэр нь юу вэ? Татвар төлөгчдийн мөнгө байгаа юу?

Даатгалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 22-р зүйлд сангийн орлого хэрхэн бүрдэх вэ, яаж зарцуулах ёстой вэ гэдгийг бүгдийг нь заагаад өгчихсөн.

Үүнд:

  1. Жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа эрхлэгч компаниудын  тухайн жилд олсон орлогоос Санхүүгийн зохицуулах  хорооны дарга , Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр тогтоосон хөрөнгө
  2. Хуулийн хэрэгжилттэй холбогдуулаад зам тээврийн зөрчилд ногдуулсан торгуулийн орлогын 50 хувь
  3. Буруутай этгээдээс буцаан нэхэмжилж авсан нөхөн төлбөрийн орлого
  4. Авто тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн татварын орлогын 10 хувь / орон нутгийн төсөвт ордог орлого/.
  5. Мэдээллийн санг бусдад /  гишүүн, компаниуд  ашиглуулсаны төлбөрөөс чөлөөлөгдөнө / орлогоос тус тус бүрддэг. Харин тус хуулийн 23 дугаар зүйлд заасан зориулалтын дагуу зарцуулдаг. Үүнд даатгалын тохиолдлын  хохирогчид  нөхөн төлбөр олгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, түүнийг ажиллуулах үйл  ажиллагааны зардал, шуурхай албаны болон даатгалын сан бүрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулж байна. Түүнчлэн зам тээврийн ослыг бууруулахтай холбоотой сурталчилгааны ажилд зарцуулдаг. Эндээс харахад орон нутгийн төсвийн  хөрөнгө, даатгалын компанийн хөрөнгөнөөс даатгалын  сан бүрдэж зам тээврийн ослын хохирогчийн хохиролд болон сан бүрдүүлэх үйл ажиллагаанд зарцуулж байна гэсэн үг.
-Даатгалын компаниуд хураамжийн хэмжээг нэмэх сонирхолтой байгаа, үнэлгээчдийн хувьд ч гэсэн дэмжиж байсан. Та санал нийлж байна уу. Нэмэх шаардлага байгаа юу?

Би өөр саналтай байна. Нэгдүгээрт жолоочийн даатгалын тухай хууль бол бизнесийн зорилготой хууль биш. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан зам тээврийн ослоос үүссэн хохирлыг барагдуулах, санхүүгийн эрсдлээс хамгаалахад  зориулагдсан хууль.

Хураамжийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, хэн нэг хувь хүний ашиг завшаан хайхад зориулагдаагүй. Хэн нэгэн хүн тахир дутуу болж, аваар осолд орж буй байдлыг далимдуулаад нөгөөдөх нь ашиг хонжоо олдог зүйл биш.

 Ийм зорилго Монгол хүний сэтгэхүйд байхгүй гэж найдаж байна. Тиймээс ашгийн бус, ашиг олох зорилготой хууль биш учраас хураамжийн хэмжээг  тийм амархан нэмэхгүй л  болов  уу. Ер нь хуульд гар  хүрэхгүй шийдэх гарц байгаа л даа.

Хоёрдугаарт Монгол улс иргэнээс авах татвар, хураамжийг зөвхөн хуулиар тогтооно  гээд заачихсан. Тиймээс суурь хураамжийн хэмжээг хуулиар заасныг зөв гэж боддог. Харин суурь хураамжийн хэмжээг зохицуулах үүрэгтэй есөн төрлийн илтгэлцүүрийг  ашиглах журмыг Санхүүгийн  зохицуулах хорооноос баталдаг учир компаниуд  энэ журам дээр судалгаа хийж ажиллах хэрэгтэй болов уу. Түүнээс хууль өөрчлөхгүй.

Гэхдээ энэ хууль бусад улс орны жишгээр цаашид улам бүр боловсронгуй болох байх. Зарим орны жишээг харахад заавал бүх даатгалын компаниудаар албан журмын даатгалын үйлчилгээг хийлгэх алба байдаггүй. ОХУ гэхэд даатгалын 400 компанийнхаа 100 нь албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл манайд сайн дурын даатгал  эрхэлж байгаа компаниуд бүгдээрээ албан журмын даатгалын зөвшөөрөл авчихаад алдагдалтай байна гэж ярих нь утгагүй. Угаас ашиг олоход зориулагдсан даатгал биш.

Тэгээд ч  даатгалын компаниудыг үнэхээр жолоочийн даатгалаас болж алдагдал хүлээж байгааг ялгаж салгах бүртгэлийн систем бий болгох шаардлага ч гарах байх.  Ер нь цаашид арилжааны хэдэн компанид ямар нөхцөлтэйгээр албан журмын даатгал  эрхлүүлэх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.

Бид Туркийн туршлагыг анхааралтай судлах ёстой. Турк улсад даатгалын гэрээ хийх, нөхөн төлбөр олгох үйлчилгээг манайх шиг хавтгайруулж  хэрэгжүүлдэггүй. Даатгалынх нь орлого төвлөрүүлэх үйл ажиллагааг  Албан журмын даатгагчдын холбоонд төвлөрүүлж, нөхөн төлбөр олгохдоо даатгалын компаниар биш банкны системээр дамжуулан нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар олгож болох  шүү дээ. Нээлттэй ярилцъя. Зөв шийдвэрт хүрч чадна байх.

-Ярилцсанд баярлалаа.Та бүгдийн ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.