“ХҮРТЭЭМЖТЭЙ ДААТГАЛ-2014” олон улсын форум
Даатгалын зах зээлд шинэ урсгал, үзэл баримтлал бий болж байгаа нь даатгалын зах зээлийн өнөөгийн онцлог бөгөөд шинээр үүсч бий болж буй хөгжлийн эдгээр шинэ чиг хандлага нь Монгол Улсын даатгалын салбарт шинэ боломжуудыг нээж өгөх онцлогтой.
Дэлхийн хэмжээнд даатгалын салбарын өсөлт сүүлийн арав орчим жилийн хугацаанд саарч, үндсэндээ зогсонги байдалтай байна. Дэлхийн хүн амын дийлэнх хэсэг болох, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүн ам нь тэдний өдөр тутмын амьдралд учирч болзошгүй томоохон эрсдэлээс хамгаалах даатгалд хамрагдах боломжоор хязгаарлагдмал байсаар байна.
Эдгээр зорилтот бүлгийн иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах, даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх үүднээс бичил даатгалыг зах зээлд нэвтрүүлж, хөгжлийн явцад боловсронгүй болгож ирсэн нь даатгалын зах зээлд томоохон амжилтыг авчирсан.
Бичил даатгалын энэхүү амжилтыг нийт хүн амын дунд даатгалын талаар мэдлэг боловсрол хангалтгүй буюу даатгалд хамрагдах боломжоор хязгаарлагдмал байсан иргэдийн тоо илэрхийлнэ. Хүн амын дунд дийлэнх хэсгийг эзэлдэг бага орлоготой иргэд даатгалд хамрагдах боломжтой, иргэн бүрт хүртээмжтэй байх даатаглыг “хүртээмжтэй даатгал” хэмээн томъёолдог.
Энэхүү форумаар манай орны даатгалын зах зээлийн хөгжлийн ололт амжилт, тулгамдсан асуудлыг танилцуулан, шийдвэрлэх арга замыг хэлэлцэхийн зэрэгцээ хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх талаар бусад орны мэдлэг, туршлагыг сонсох замаар өөрийн орны иргэн бүрт даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцох боломжийг олгох үндсэн зорилтыг тавьж байна.
Санхүүгийн Зохицуулах Хороо болон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Монгол улсын санхүүгийн салбарт анх удаа болж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотноо 2 өдрийн турш явагдах тус форумын үеэр хүртээмжтэй даатгал нь Монгол Улсын санхүүгийн салбар төдийгүй улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг зохион байгуулагчдын зүгээс онцлон танилцуулах болно.
Форумд даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсын зөвлөхүүд, гадаад орны даатгалын зохицуулагч байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд, даатгалд хамрагддаг болон даатгалын зуучлагч дотоодын хувийн хэвшлийн, санхүүгийн салбарын төлөөлөл, даатгалын компаниуд болон бусад байгууллагуудын төлөөллүүд нэгэн дор чуулах болно.
Түүнчлэн форумын үеэр Монголын Даатгагчдын Холбооноос даатгалын, даатгалын зуучлагч компаниудыг оролцуулсан үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын зах зээл дэх үйл ажиллагааны цар хүрээг олон нийтэд болон бизнесийн байгууллагуудад танилцуулах болно.
НҮБХХ-ийн Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран хэрэгжүүлж буй Люксембургийн Засгийн Газрын санхүүжилттэй “Бичил даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төсөл” нь 4 жилийн туршид хэрэгжсэний эцэст энэ оны 5-р сард дуусгавар болж байна. Түүнчлэн, Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой, Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тус тус тохиож буй, түүхэн тэмдэглэлт онд энэхүү форум зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна
Дэлхийн хөгжиж буй ихэнхи орнуудад даатгалын зах зээлийн хамрах хүрээ хязгаарлагдмал байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ч мөн даатгалын хүртээмж бага байна.
НҮБХХ, СЗХ-ны хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийн үндсэн зорилт нь Монголын нийт хүн амын дийлэнх хэсгийг эзэлж байгаа бага орлоготой иргэдийн даатгалд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино. Даатгагдсан хүн амтай улс орон эдийн засгийн аливаа цочролыг даван туулах чадамж өндөр байдаг тул даатгалыг улс орны хөгжлийг дэмжих хүчирхэг хэрэгсэл гэж үздэг.
Форумд оролцогчид дотоод, гадаадын зөвлөх, мэргэжилтэн, байгууллагын төлөөллүүдийн даатгалын өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр бэлтгэсэн илтгэлийг сонсч, нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцох ба санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мөн бизнес харилцаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжтой.
Форумын дотоод, гадаад илтгэгчид дараах гол сэдвүүдээр илтгэл тавина. Үүнд:
- Монгол Улсын эдийн засгийн хөгжилд даатгалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол
- Иргэдийн амьдралын баталгааг сайжруулахад даатгалын гүйцэтгэх үүрэг
- Даатгалын тогтвортой тогтолцоог бий болгоход шаардагдах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ба зохицуулагчийн үүрэг
- Хүртээмжтэй даатгалын тогтвортой тогтолцооны хөгжлийн арга зам
- Хүртээмжтэй даатгалын тогтвортой тогтолцооны хөгжлийн арга зам
- Даатгалын салбарт шаардагдах мэдлэг, ур чадвар
- Монголын даатгалын зах зээлийн хөгжлийг дэмжих боломжууд
- Эрсдэлийн удирдлагыг дэмжих даатгалын хэрэгслүүд
- Хүн амын нийгмийн эмзэг бүлэгт зориулсан даатгалын бүтээгдэхүүн зэрэг сэдвүүд багтана
Форумд оролцсоноор та дараах мэдлэг, боломжийг олж авна:
- Монголын даатгалын салбарын үйл ажиллагаа, түүний цар хүрээ, даатгалын зах зээлд хэрхэн ажилладаг талаар
- Хүртээмжтэй даатгал ба Монгол Улсын хөгжилд даатгалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар
- Монгол Улсад даатгалын салбарыг хөгжүүлэх боломжуудын талаар
- Даатгалтай холбогдох бусад асуудал, үүний дотор даатгалын зах зээлийн ололт амжилт, авсан сургамжийн талаар
- Даатгалын үйлчилгээг тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдлаар зорилтот бүлэгт хэрхэн хүргэх талаарх туршлага
- Монгол Улсын санхүүгийн салбарын цаашдын хөгжилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх гадаад, дотоодын даатгалын зөвлөх, мэргэжилтнүүдтэй харилцаа холбоо тогтоох боломжтой