Ардчилал хэмээх дайны зэвсэг
Энхтайван бол дайны завсарлага гэж ярьдаг. Үнэндээ дэлхийн эдийн засаг жам ёсоороо хөгжихийн тулд хэдэн жилийн давтамжтай дайн болох ёстой гэж үү? Үе үе гарах зэвсэгт мөргөлдөөний шалтгаан, хугацааг зохицуулдаг хувь хүн эсвэл бүлэг байдаг уу? Дайнаас олсон мөнгө хэний хармаанд очдог вэ? Америкчуудад ашигтай байдаг болохоор тэд дэлхийн өнцөг булан бүрт дайнд оролцож, асар хэмжээний мөнгө зардаг уу? Ямартаа ч аль ч улс дайнд оролцохдоо бусдад туслах чин сэтгэл өвөрлөх нь ховор.
Дайн гэдэг хэн бүхний хийгээд ашиг олдог ажил биш. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дайны зардлын талаар олонтаа бичдэг ч дайны орлогын талаар огт бичдэггүй.
Дайн бол эрх мэдэл, нөөцийн төлөөх тэмцэл
Бүх хүн төрөлхтний хувьд дайн гэдэг санхүүгийн сүйрэл. Дайн хоёр талд хоёуланд нь хохирол авчирдаг ч эцсийн бүлэгтээ соёл иргэншлийн үйл явцыг хурдасгадаг. Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал нэг бус удаа дайны шалтгаан болж байсан ч түүнээс дутуугүй дайныг өдөөдөг зүйл бол байгалийн нөөц баялаг. АНУ шиг хэт гүрэн түр зуурын ашиг олохын тулд дайн хийдэггүй. Энэ улсын хувьд хэт гүрний байр сууриа хадгалж, түүнээсээ удаан хугацааны турш ашиг олох нь чухал. Мэдээж дайн болоход зэвсэг нийлүүлэгчид хождог ч энэ нь эдийн засгийн бусад салбараас шалтгаална. Дайны үйл ажиллагаа богино хугацаандаа ашиггүй, харин алс хэтдээ өгөөжтэй. Гэхдээ хэр өгөөж авчрах нь дайны үйл ажиллагаа хэр амжилттай явагдахаас хамаарна.
Ардчилал хэмээх дайны зэвсэг
АНУ эсвэл ОХУ хар хүчээр ардчиллыг ардчилал хэзээ ч байгаагүй улс орнуудад тулгахыг оролддог. Ингэж тэд шинэ холбоотонтой болохыг хүсдэг. Гэхдээ энэ оролдлого улс төрийн шалтгаантайгаас гадна эдийн засгийн шалтгаантай. Холбоотон болгох гээд байгаа тэр улсууд нь голдуу байгалийн баялаг ихтэй (Ялангуяа Ойрхи Дорнодын орнууд). Зарим нь ашиг олохын тулд дайтдаг байхад зарим нь дайснаас өөрийгөө хамгаалахын тулд байлддаг. АНУ-ын ноёрхол олон оронд таалагддаггүй. Америкчуудын явуулж буй валютын дайны тухай тэр болгон бичихгүй байна. Өнөөдөр “ардчилал” гэсэн нэртэй дайн байлдааны илүү нарийн арга бий болжээ.
Хэрвээ АНУ Афганистан, Иракт дайн хийгээгүй бол төсвийн ямар ч алдагдал гарахгүй байх байлаа. Гарвардын эдийн засагчдын тооцоолсноор Афганистан, Иракт хийсэн хоёр дайн, Сири, Украйны мөргөлдөөн америкчуудын халааснаас 4,3 их наяд долларыг авчээ. Удахгүй энэ тоо 6 их наядад хүрэх магадлалтай байна. Хэрэв АНУ Иранд цэргээ оруулвал ахиад 3 их наяд доллар хэрэгтэй болно.
Дэлхийн улсуудын дайны зардал
Дэлхий нийтийн асуудлыг судалдаг Стокгольмын институт (SIPRI) дэлхийн улс орнууд хэрхэн зэвсэглэж буй талаарх 2015 оны илтгэлийг олонд танилцуулсан.
Дэлхийн хамгийн том зэвсэг нийлүүлэгчид болон тэдний гол үйлчлүүлэгчид
Хамгийн их зэвсэг нийлүүлдэг орноор АНУ шалгарч, аман хүзүүнд ОХУ оров.
АНУ-ын зэвсгийн нийлүүлэлт сүүлийн 4 жилийн дотор 23 хувиар өсч дэлхий дээрх зэвсгийн 31 хувийг нийлүүлдэг болжээ. Америкийн зэвсгийг худалдаж авдаг 94 орон байна. Худалдан авагсдын 32 хувь нь Ойрхи Дорнодын орнууд.
ОХУ-ын зэвсгийн экспорт 37 хувиар өсч дэлхийн нийт зэвсгийн 27 хувийг нийлүүлдэг болжээ. Худалдан авагч орны тоо 56. Үүнээс Оросын зэвсгийн 60 хувийг Энэтхэг, Хятад, Алжир улсууд худалдаж авчээ.
2010-2014 онд Хятадын зэвсгийн үйлдвэрлэл 143 хувиар өсчээ
Экспортолсон зэвсгийн хэмжээгээр саяхныг хүртэл есдүгээр байр эзэлж байсан Хятад улс энэ удаа гуравдугаар байрт оров. 2010-2014 онд хятадууд зэвсгийн үйлдвэрлэлээ 143 хувиар өсгөснөөр өнөөдөр дэлхий дээрх зэвсгийн 5 хувийг нийлүүлдэг болжээ.
Европын холбооны улсуудын экспортын зэвсэг 5 жилд 16 хувиар буурч нийлбэр дүнгээрээ ОХУ, АНУ-аас ч бага болов.
Дэлхий дахинд зэвсгийн худалдаа 2005-2009 оны үетэй харьцуулахад 16 хувиар өсчээ. АНУ, ОХУ, Хятад, Герман, Франц гэсэн 5 том зэвсэг үйлдвэрлэгч орон нийт зэвсгийн зах зээлийн 58 хувийг эзэлж байна.
Дэлхийн хамгийн том зэвсэг худалдан авагч нь Энэтхэг
2010-2014 онд хамгийн их зэвсэг худалдаж авсан орноор Энэтхэг, Саудын араб, Хятад, АНЭУ, Пакистан шалгарчээ.
Европын орнууд өмнөх үеэс 36 хувиар бага зэвсэг авсан байна. Ингэснээр дэлхий дээр импортлогдсон нийт зэвсгийн дөнгөж 12 хувийг худалдаж авчээ. Харин Персийн булангийн Арабын орнуудын Хамтын ажиллагааны Зөвлөлийн гишүүн орнуудын зэвсгийн импорт 71 хувиар өссөнөөр Ойрхи Дорнодод нийлүүлсэн зэвсгийн 54 хувийг худалдаж авчээ. Харин дэлхийн хэмжээний импортоос 22 хувийн зэвсгийг өөртөө авсан байна.