1072 хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах талаар тусгасангүй
УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.04.24

1072 хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах талаар тусгасангүй

УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өргөдлийн байнгын хорооноос Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зарим чухал асуудлыг нарийвчлан тусгах талаар хүсэлт гаргасан гэсэн. Энэ талаар?

Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сарын 18- ны өдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай 05 тоот тогтоол баталсан. Тогтоолд Засгийн газарт Монгол Улсын иргэдэд олгосон Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй  иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх.

Мөн хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Түүнчлэн байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах чйглэлийг өгсөн юм.

-Тэгвэл эдгээр асуудлыг хөрөнгө оруулагчтай хийх гэрээнд тусгасан уу?

Энэ талаар гэрээ хэлэлцээрт тусгайлан бүлэг болгон тусга гэж үүрэг өгсөн. Гэвч холбогдох хүмүүс хуралдаад хувьцааг буцаан эзэмшүүлэхийг зөвшөөрсүгэй гэсэн тогтоол гаргасан. Тиймээс энэ нь дээрх үүргүүдийн ганцханыг биелүүлсэн гэдгийг харуулж байна. Хамгийн гол үүрэг болох “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар гэрээнд юу ч тусгаагүй. Тусгах ч үгүй гэдгийг энэ тогтоолоороо хэлсэн байна. Гэрээний А тал нь Засгийн газар, Б тал нь бусад гэж яваа. Засгийн газарт бидний 1072 хувьцааг өг гэж хэлэхээр өөдөөс энэ жилдээ 100 мянган төгрөг өгнө. Тэгээд дуугарахгүй суу гэж байна. Гэхдээ бидний газрыг 30 жил ашиглахад нь ногдол ашиг авах хэрэгтэй.

-Гэрээнд хувьцааны асуудлыг хөрөнгө оруулагч, “Эрдэнэс Тавантолгой” компани эсвэл Засгийн газрын аль нь тусгах эрхтэй юм бэ?

Хувьцаа гаргах тухай хэн ч яриагүй. Монгол Улсын төрийн өмчийн компани ард түмэнтэйгээ нийлээд хувьцааг эзэмшиж байгаа. Эзэн нь учраас бид орно гэсэн. Орохын тулд яах ч аргагүй хувьцаагаа барьж орох хэрэгтэй. Хэрэв гэрээнд хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах' талаар заалт оруулахгүй цаашлаад байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол дараагийн алхмаа хийнэ.