Дуншиж байгаа Оюутолгой, Тавантолгой зэрэг бэлэн болсон төслүүдээ шийдчихвэл мөнгө нь ороод ирнэ
Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа
2015.04.21

Дуншиж байгаа Оюутолгой, Тавантолгой зэрэг бэлэн болсон төслүүдээ шийдчихвэл мөнгө нь ороод ирнэ

Нүүрсний салбарын хүндрэл бэрхшээл, өрсөлдөх чадварын талаар Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Өнөөдөр Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар ямар түвшинд байна вэ?

Өнөөдөр Монголын нүүрсний өрсөлдөх чадвар хамгийн бага, хамгийн муу түвшинд байгааг “Coal Mongolia 2015” хурлын гол гол илтгэлүүдээс сая бүгдээрээ харлаа. Харамсалтай нь ойрын хугацаандаа ч нүүрсний үнэ сайжрах төлөв яригдахгүй байна. Манайх өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд гурван асуудлыг л шийдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, зардал, тэр дотроо тээврийн зардлыг бууруулах нь нэн чухал. Хоёрдугаарт, чанар, дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд сайн чанартай байх шаардлагатай.

Гуравдугаарт, хэрэглэгчиддээ тогтмол тасралтгүй нийлүүлэлтийг хийж байх ёстой. Гэтэл манай улсад ямар асуудал үүсдэг вэ гэхээр авто замын тээврийг иргэний хөдөлгөөнүүд зогсоох ч юмуу эсхүл төмөр замын асуудлыг өдий хүртэл шийдвэрлээгүй зэрэг өрсөлдөх чадварыг хангах ёстой дэд бүтэц нь байхгүй. Дээрх гурван асуудлын' зөв шийдэж байж сая Монголын нүүрс өрсөлдөх чадвартай болно.

-Өнөөдөр нэг тонн экспортын нүүрс хэдэн төгрөгөөр үнэлэгдэж байгаа вэ. Өнгөрсөн жилийнхээс 20 хувиар буурсан нь бодитой юу?

Өнгөрсөн жилийн өдийд коксжих нүүрс 126 ам.доллар байсан бол энэ жил 98 ам доллар болж буурсан байна. Гэтэл энэ коксжих нүүрсийг гаргаж байгаа Энержи Ресурс компанийн өөрийн зардал 100 доллараас давчихсан байна.

Өөрөөр хэлбэл энэ компани урт хугацаанд тогтмол үйл ажиллагаатай байж, зах зээлээ хадгалахын тулд алдагдалтай байсан ч ажиллаж байна шүү дээ. Хэрэглэгчээ алдвал эргэж олж авна гэдэг хэцүү Тиймээс хүндрэлтэй байсан ч нийлүүлэлтээ таслахгүй байх нь чухал алхам.

-Таны бодлоор хөрөнгө оруулагчдын алдагдсан итгэл эргэн сэргэх боломж бололцоо хэр байгаа бол?

Ер нь боломж бол байгаа. Яагаад гэвэл энэ дуншиж байгаа Оюутолгой, Тавантолгой гэх мэт бэлэн болсон төслүүдээ шийдчихвэл мөнгө нь бэлэн байна. Хаагдсан крантыг нээх асуудал л үлдээд байна. Хамгийн түрүүнд энэ хоёрыг шийдэх ёстой. Дараа нь мэдээж Гацуурт байна.

Тэгээд нүүрсний чиглэлээр дэмжих ёстой төслүүд гэвэл экспортод чиглэсэн Өмнийн говийн элс, Ховдод Мон- Энко, хойшоогоо Сэлэнгийн Улаан-Уул төсөл, Хөвсгөлийн коксжих нүүрсний төсөл гэх мэт бэлэн бодсон төслүүддээ ямар нэгэн .байдлаар хөрөнгө оруулалт татах боломжтой. Манайд шийдэх дэмжлэг нь дутаад байна. Монголчууд биднээс өөрсдөөс хамаарна гэсэн үг.

-Тавантолгойн үзэглэх гэж байсан гэрээ хууль, тогтоомжид нийцсэн эсэх дээр улстөрчид зөрүүтэй үзэл бодолтой байх шиг. Энэ талаарх таны бодол?

Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан илтгэлдээ, энэ гэрээ нь ямар,ч хууль тогтоомж зөрчөөгүй гэж хэллээ шүү дээ. Хууль тогтоомжид нийцэхгүй гээд байгаа нь 2010 оны УИХ-ын нэг тогтоол мөн Төмөр замтай холбоотой гурван бичиг баримттай холбогдож гарсан яриа л даа. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, төмөр замын тухай хууль, концессийн хууль. Энэ гурван бичиг баримтын зүйл заалт хоорондоо зөрчилтэй учраас аль нэг тал нь өөрсөддөө ашигтай хувилбараараа яриад тайлбарлаад байгаа юм.

Өөрт нь таалагдсан заалтаа бариад яриад байхаар энэ асуудал дуусахгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг ойлгохын тулд энэ гурван хуулийн зарчмыг нэгтгэж хараад ямар зөрчил байна түүнийг нь арилгаад тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зөвшилцөж шийдэж болно шүү дээ. Түүнээс биш улсын болоод хэн нэгний эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуулийн заалтыг өөр өөрийн өнцгөөс өөр өөр эрх ашгаар тайлбарлаад байгаагаас өөр зүйлгүй.

-Тавантолгойн асуудлаар бид олон жил улстөржиж, асуудал шийдэгдэхгүй удаж байна. Үүний хор уршигийг та яаж харж байна вэ?

Одоо энэ төслийн хөрөнгө оруулагчдын тавьсан санал, ажлын хэсгийнхэнтэй тохирсон гэрээ хэлцэл зурагдахгүй бол лав Шиньхуа Энержи компани дахиж энэ төслийг сонирхож орж ирэхгүй. Пийбоди компани дөрөвдүгээр сарын 1-нээс Монголоос гараад явсан. Энэ төсөл одоо зогсвол дахиад таван жил хөдлөхгүй. Бүхэл бүтэн 10 жил Монголчууд ганц төсөлтэй зууралдлаа.

Энэ нь маш их хортой. Хөрөнгө оруулагчид дахиж Монгол руу зүглээд хэрэггүй юм байна гэдэг сөрөг ойлголттой л үлдэх байх. Итгэлийг буцааж авчрахад хэцүү шүү дээ. Өнөөдрийн байдлаар 10 жилийн дараа Монголчууд дэлхийг тойроод өвдөг сөхрөөд гуйхаар тийм нөхцөл байдалд орчихоод байна. Ийм нөхцөл байдалд хүргэж болохгүй.

-Энэ төсөл хөдлөхгүй байх нь манай эдийн засагт ялангуяа жирийн ард иргэдэд хүндээр тусч байгаа нь өдөр ирэх тусам , мэдрэгдэж байна л даа?

Тэгэлгүй яахав. Энэ төслийг хурдан шуурхай өрсөлдөх чадвартай байлгаж, том үйлдвэрлэл, том тээвэрлэлт, том борлуулалт хийснээр нөгөө бидний 1072 хувьцаа амилах байсан. Өнөөдөр бодит байдал дээр энэ хувьцаа зүгээр л брокерийн пүүсүүдэд бүртгэгдсэн хэмжээнд л байна. Засгийн газар үнэ тогтоох гэж оролдсон, уучлаарай тэр үнэ өнөөдөр байхгүй шүү дээ. Нөгөө 1072 хувьцаа маань үнэгүй цаас болчихоод байна. Үүнийг үнэ цэнэтэй болгох ёстой төсөл бас зогсонги байдалд байна.

-М.Энхсайхан сайдын ажлын хэсгийг 1072 хувьцааны асууддыг шийдэхгүй байна, энэ талаар ярихгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ талаар?

Энэ бол хөрөнгө оруулагчийн шийдэх асуудал биш, яагаад гэвэл Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа шүү дээ. Эрдэнэс Тавантолгой компанид тусгай зөвшөөрөл нь байна. Үйл ажиллагаагаа томоор явуулахын тулд энэ консорциумтай гэрээ хийгээд хамтын ажиллагааны төлбөр аваад, ямар ч зардал гаргахгүйгээр тохирсон төлбөр өөрөө нөгөө хувьцаагаа амилуулах механизм нь байж байна. Даанч энэ төсөл нь явахгүй болохоор яах ч юм билээ дээ.

Өнөөдөр Тавантолгой нүүрс их гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ дан өрөнд яваад байгаа учраас мөнгө орж ирэхгүй байна. Харин консорциум ажиллаж эхлэхээр өрнөөсөө салаад мөнгөтэй болно доо. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаанаас, том борлуулалтаас орж ирэх мөнгөөр энэ 1072 хувьцааг амилуулах боломжтой.

Тэгэхээр энэ 1072 хувьцаа манай дотоодын, Монголчуудын шийдэх асуудал. Консорциум бол зөвхөн Эрдэнэс Тавантолгойд ажил хийж өгөх гэж байгаа юм шүү дээ, тиймээс хөрөнгө оруулагчдьн энэ хувьцаатай яаж ч холбох арга байхгүй. Ямар утгаар холбож болох вэ гэхээр том борлуулалт хийгээд хамтын ажиллагааны төлбөр, татвараас гадна лицензээр олгосон эрхээ эдлүүлсний төлөө төлбөр авах гээд энэ нь борлуулалтын орлогоос 2.5-8 хүртэл хувь байхаар яриад хэлэлцээд явж байсан.

-Тавантолгойд заавал төрийн оролцоо байх ёстой, Эрдэнэс Тавантолгой байх ёстой гээд байгаа. Энэ тухайд?

Эрдэнэс Тавантолгой өөрөө 80 хувийн төрийн өмчит компани шүү дээ. Оролцоо нь 80 хувиар хангагдсан байгаа. Үлдсэн 20 хувиа үнэгүй тарааж өгчихөөд ямар оролцоо шаардаад байгааг огт ойлгохгүй байна. Ер нь хүмүүс нэг зүйлийг зөв ойлгомоор байгаа юм.

Эрдэнэс Тавантолгой төрийн  өмчит компанийн 80 хувь өөрт нь, 20 хувь нь иргэдэд байгаа. Төсөл эхэлбэл тэр тусгай зөвшөөрөл нь хэвээрээ байна, шилжихгүй. Консорциум зөвхөн олборлох, борлуулах эрхийг нь аваад ажил хийж өгөөд хамтын ажиллагааны төлбөрөө төлнө. 1072 хувьцаа эзэмшигч Монголын 3 сая иргэнд 20 хувийн эрх үлдэнэ. Санаа зоволтгүй. Түүнийг ямар нэгэн консорциум юмуу Хятадын компанид өгөх ойлголт огт байхгүй.

Харин энэ эрхийг цуцлахгүй, шилжүүлэхгүй байх ажлыг л Засгийн газар хүлээх ёстой. Жилийн энэ гэрээ дууслаа гэхэд Эрдэнэс Тавартолгойд тусгай зөвшөөрөл, газар доорхи нөөц нь үлдэнэ шүү дээ. Тусгай зөвшөөрөл нь 30 жилээр Эрдэнэс Тавантолгойд хадгалагдана гэж гэрээнд заасан байгаа. Харин Эрдэнэс Тавантолгойг Монголчууд Эрдэнэт үйлдвэртэйгээ хамт, Шивээ Овоотой нь хамт, Баганууртай нь хамт Эрдэнэс Монгол гэдэг компани дээрээ зангидаад энэ олон тархсан төс- лүүдийг үр ашигтай болгож, 1072 хувьцаагаа үнэд хүргэх нь Монголчуудын л асуудал.

Энэ талаарх мэдээлэл үнэхээр дутуу байна уу эсвэл ойлгохыг хүсдэггүй юмуу, яаж хэлэхээр хүмүүс ойлгох бол хэлж мэдэхгүй юм. Миний бодлоор Эрдэнэс Таван толгой дээр байгаа 1072 хувьцааг Эрдэнэс Монгол компани уу татаж авчирч шилжүүлээд, энэ хувьцаагаа илүү өгөөжтэй болгох талаас нь бид өөрсдөө шийдэх хэрэгтэй. Монголчуудын дотоодын асуудал учраас Монголын төрийн компанийн хувьцааны асуудлыг өөр хэн ч шийдэж өгөхгүй шүү дээ.