Оюутолгойн нууц хэлэлцээний асуудлаар Ерөнхий сайдтай уулзахыг хүсэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Рио Тинто” компанитай нууц гэрээ хийх гэж байгаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрээр өмнө нь эвлэрлийн гэрээ буюу нууц хэлэлцээний тухай мэдээлж байсан юм. Хэлэлцээг хийхийн тулд ямар нэгэн удирдамжгүй, илт “Рио Тинто” компанид ашигтай гэрээ байгуулахаар улайрч байгаатай холбоотой роялти, зардлын өсөлт, төслийн санхүүжилтийн хүрээний эхний гурван баримтыг С.Ганбаатар гишүүн танилцуулав.
Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Оюутолгойн нийт борлуулалтаас нөөц ашигласны төлбөрт 600 сая ам.долларын татвар төлөх ёстой. Үүний нэг хэсэг болох 130 сая ам.долларын татварын актыг татварын байцаагчид тогтоосныг ТЕГ-ын Татварын зөвлөл 30 сая ам.доллар болтол бууруулж байсан. Харин одоо үүнийг тэглэх тал руу хандуулан Засгийн газар баталгаажуулах гарын үсэг зурах гэж байна. Татвараас зайлсхийснийг нь Засгийн газраас “Рио Тинто” компанитай хэлэлцээ хийж буй ажлын хэсэг мэдсэн ч мэдээгүй мэт хандаж гарын үсэг зурах баримт бичигтээ нэгэн зүйл асуудал болгон оруулсан байна.
Түүнчлэн “Рио Тинто” компани буулт хийж буй мэтээр Монголын талыг төөрөгдүүлж байгаа. Түүгээр ч зогсохгүй одоо УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй Татварын өршөөлийн хуулиар хүчингүй болгохоор бэлтгэж байгаа нь илэрхий байгааг тэрээр хэлсэн юм. Төслийн санхүүжилтийн тухайд ч учир дутагдалтай зүйл олон байгаа аж. Түүнд ирсэн мэдээллээр Ерөнхий сайд уг гэрээнд уржигдар орой гарын үсэг зурах гэж байна гэсэн мэдээлэл байгаа гэнэ. Гэхдээ гэрээнд арай гарын үсэг зураагүй байх гэж найдаж буйгаа ч хэллээ. Ямартай ч гэрээг хойшлуулах ямар шалтгаан байгаа талаар Ерөнхий сайд болон “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолшид захидал илгээсэн байна. Мөн тэрээр Ерөнхий сайдыг гэрээнд гарын үсэг зурахыг түр хойшлуулж, ирэх даваа гаригийн 11:00 цагт түүнтэй уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.