Замын хуучин хучилтыг хуулалгүй суурь хийх технологи нэвтэрсэн
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.04.17

Замын хуучин хучилтыг хуулалгүй суурь хийх технологи нэвтэрсэн

Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаатай зам барилгын компаниуд болон хөрөнгө санхүүгийн талаар ярилцлаа.

-Авто замын салбарын өнөөгийн байдал ямар байна. Эдийн засгийн хүндрэл хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд 2500 км зам барилаа. Гэвч энэ онд нэлээд хүндхэн байх шинж бий. Учир нь, улсын төсөв бүрдэхгүй эдийн засгийн нөхцөл байдал тааруухан байна. Ийм учраас Засгийн газар хувийн хөрөнгөөр буюу концессын гэрээгээр замаа барих шийдвэр гаргасан. Яг үнэндээ үндэсний компани өөрийн хөрөнгөөр зам барьж чадахгүй. Ингээд гадаадын компаниуд зам барилгын ажлыг авдаг болсон. Гэтэл хуульд концессын гэрээгээр зам бариулах ажлын 30 хувьд нь дотоодын компани байгуулах заалттай. Ийм учраас бид холбогдох яам, байгууллагуудтай дээрх хэмжээнд хүртэлх хувьд монгол компани ажиллуулах талаар ярилцаж байгаа. Манай дотоодын компаниуд ажиллахгүй л бол санхүүгийн байдал хүндрэх төлөв бий. Учир нь тоног төхөөрөмж нэлээд авсан. Гэтэл ажилгүй бол үүнийгээ ашиглаж чадахгүй болж байгаа юм.

-Тэгвэл авто замын ажил гүйцэтгэдэг компаниудын банкнаас авсан өр, зээл ямар хэмжээнд байна вэ?

Замын компаниуд зээл авч ажил хийдэг. Гэтэл хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй компаниуд бий. Нийт дүнг нь нэгтгэн хэлэхэд хэцүү. Манай холбоонд хүсэлт тавьж ажил гүйцэтгэсэн хөлсөө авах талаар ярилцаж байгаа.

-Авто замын салбарт жилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Одоо хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа вэ?

Тухайн жилд хэдэн км зам тавихаар төлөвлөснөөс шалтгаалдаг. Засгийн газар бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьж байгаа.

Одоогоор 243 км зам концессын гэрээгээр барихаар гарын үсэг зураад байна. Тэгээд нэг км замыг ойролцоогоор 600 сая төгрөгөөр тавьдаг. Энэ замыг хувийн хөрөнгөөр бариулаад улс эргэн төлнө гэсэн үг.

-Жилд хэдэн км тавих боломжтой байдаг юм бэ. Манай замын компаниудын хүчин чадал ямар байдаг вэ?

Авто замын салбарт ажиллаж байгаа компаниуд жилд 500-800 км зам барих боломжтой. Гэхдээ олон км зам тавихад хоёр жилийн хугацаа шаарддаг. Хамгийн гол  нь техник,тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй болсон компаниуд тендер авч чадахгүй бол сул зогсоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тендер авч чадаагүй компани дампуурах нь тодорхой. Ийм учраас төр засгаас тодорхой бодлого гаргаж замын компаниудаа дэмжээсэй гэж хүсч байна. Одоо авто зам тавих тусгай зөвшөөрөлтэй  400 гаруй компани бий. Тэдний 30-50 нь сайн ажилладаг, томоохон компаниуд. Үлдсэн нь засвар ашиглалт, хашлага тавих ажил хийдэг. Үүнээс гадна тодорхой ажил гүйцэтгээгүй тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусч байгаа компани олон бий. Иймд манай авто замын салбарт 200 гаруй компани үйл ажиллагаагаа явуулаад үлдэх байх.

-Авто замын салбарын боловсон хүчний хүрэлцээний хувьд өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ?

Одоогоор боловсон хүчний хүрэлцээ харьцангуй сайжирсан. Хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил замын инженер байлаа. Үүнээс ҮҮДээд их дээд сургуулиуд замын инженер бэлтгэсэн. Энэ нь ч сайн хэрэг. Гэвч төгсч буй боловсон хүчин нь мэдлэг чадвар дутмаг тал бий. Учир нь зарим сургууль мэргэжлийн багшгүй, сургалтын      төлөвлөгөө боловсруулаагүй байсан нь шалгалтаар илэрсэн. Тэгэхээр мэргэжлийн төрийн бус байгууллагууд, Боловсролын яамтай боловсон    хүчин бэлтгэх талаар хамтарч ажиллах төлөвлөгөө гаргаад байна.

-Бүх    аймгийн төвийг нийслэлтэй         хэдий хугацаанд хатуу хучилттай замаар холбож дуусна гэж та боддог вэ. Та авто замын салбарт ажиллаж буй хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

Ирэх жил гэхэд холбоод дуусчих байх. Одоо 900 км зам барьчихвал бүх аймгийн төв хатуу хучилттай замаар Улаанбаатартай холбогдоно. Энэ замыг концессын гэрээгээр барина гэж Засгийн газраас зарлаад байгаа.

-Авто замын салбарт тулгамдаж буй ямар ямар асуудал байна вэ?

Манай холбооноос компаниудад эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед тоног төхөөрөмж худалдан авахгүй байх талаар зөвлөх болсон. Техник, тоног төхөөрөмжөө түрээслэж ажлаа хийх нь илүү үр дүнтэй харагдаж байгаа юм. Тэгэхгүй бол өндөр үнэтэй техник аваад мөнгийг нь төлж чадахгүй байдалд орж мэдэхээр байна. Өнөөдөр хамгийн хямд техник нь 30 сая төгрөгөөс эхлээд нэг, хоёр тэрбум хүртлэх үнэтэй юм.

-Монголчууд зам тавьж чадахгүй байна. Шинээр тавьсан зам чанар муутай, амархан эвдэрдэг гэдэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

Замын чанар тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компаниас шалтгаалдаг. Гэхдээ тухайн замыг барьсан компани гурван жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр засах ёстой. Дулааны улиралд ажлаа дуусгаж чадах эсэхээс замын чанар шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл өвлөөс урьтаж тухайн замыг- ашиглалтад оруулахаар ажил нь шахагдах тохиолдол их гарч байгаа юм. Энэ байдал замын чанарт бас нөлөөлдөг.

-Тэгэхээр цаг хугацаа давчуу үед зам барих стандарт мөрдөж чадахгүй байна гэж ойлгож болох уу. Манай улсын зам барих стандарт ямар байдаг бол?

Ер нь, стандарт мөрдөөгүигээс       шинээр тавьсан зам эвдэрдэг. Олон улстай харьцуулахад учир дутагдалтай тал бий. Хамгийн гол нь зураг, төсөв, стандартад өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал, манай улсад хатуу хучилттай замыг таван см зузаан тавих стандарт бий. Өнгөрсөн жил авто замын экспоны үеэр энэ талаар нэлээд ярилцсан. Энэ үеэр Германы хатуу хучилттай авто замын стандартыг мөрдөх санал тавьсан юм.Ингээд Зам тээврийн яамнаас Канад, Европын авто замын стандартыг судаллаа. Одоо шинэ стандарт боловсруулаад дуусч байна.

Энэ онд багтаад батлагдах байх. Гэхдээ шинэ стандарттай холбоотой нэг км зам барих өртөг өсөх магадлал бий. Манай улс урд нь Оросын стандартыг баримталж ирсэн. Замын хучилт ямар зузаантай байх тооцоог хөдөлгөөний эрчмээс хамаарч гаргадаг. Урд нь манай авто замаар цөөн машин зорчдог байлаа. Энэ үед авто замын судалгаа хийхдээ манай улсад хатуу хучилттай зам бус хайрган зам хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан юм.

Ингээд Архангай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн чиглэлд хайрган зам барьсан байдаг. Гэтэл хайрган замд дэржигнүүр үүсч бараг байгалиараа байсан нь илүү болсон. Өнөөдөр улс орон, уул уурхай хөгжөөд ирэхээр хатуу хучилттай зам зайлшгүй хэрэгтэй байгЯа юм. Нэг ёсондоо тэр замаар зорчих машин, хүнд даацын тээврийн хэрэгсэлийн тоо нэмэгдлээ. Энэ нь замын чанарт муугаар нөлөөлж байна.

-Манай авто замын салбарт орчин үеийн техник, технологи хэр нэвтэрч байгаа вэ?

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, техник хэрэгсэл их орж ирсэн. Жишээ нь Германы "Бертген"-ы техник орж ирлээ. Мөн хуучин хучилтыг нь хуулж хог дээр хаядаг байлаа. Тэгвэл цемент, тусгай бодис ашиглаад суурь хийдэг болсон. Иймд шинэ зам тавих ажил бага, өртөг хямдрах, богино хугацаанд ашиглалтад өгөх нөхцөл бүрдэж байгаа юм.

-Өнөөдөр Монгол Улсын авто замын сүлжээнд хэдэн км зам барих шаардлага байна вэ?

Одоо баригдсан замаас гадна 1900 орчим км зам тавих шаардлагатай. Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосны дараа сум орон нутаг, уул уурхайн хэрэгцээний зам барих ажил нэлээд гарах байх. Зам барих ажил яг төд өдөн км болоод зогсоно гэсэн ойлголт байхгүй.