Цэргийн хээрийн эмнэлэг үүдээ нээлээ
2012.05.23

Цэргийн хээрийн эмнэлэг үүдээ нээлээ

Налайх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн хээрийн эмнэлэг үүдээ нээжээ. Энд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед буюу улс орны хэмжээнд учирсан гамшгийн үед ард иргэдэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлэх явуулын эмнэлэг үзүүлэх сургуулилт хийж байгаа юм.

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай зөвлөл”-өөс болзошгүй гамшгийн үед бэлэн ажиллуулах цэргийн хээрийн эмнэлэг байгуулах зөвлөмж өгч байсан. Энэ  зөвлөмжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб бэлэн байдлаа хангасан эсэхтэй Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд танилцлаа.

Албаны хүмүүсийн хэлснээс үзвэл Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 1972 онд байгуулагдсан цэргийн аэродромийг шинэчилж, суулт өгсөн талбайг засч янзлан, хоёр талаасаа онгоц хүлээж авах боломжтой болгосон байна.

2800 метрийн урттай, 40 метрийн өргөнтэй уг аэродромын орчин тойрныг 1,5 тэрбум төгрөгөөр иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгосны зэрэгцээ нэг дор 100-150 зорчигч хүлээн авах хүчин чадалтай Аэровокзал барьж эхэлжээ. Аэродромыг тайван цагт ч иргэний зориулалтаар ашиглаж болох юм байна.

Болзошгүй гамшгийн үед ойролцоогоор 10-15 мянган иргэнд эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэргийн хээрийн эмнэлэгийн бэлэн байдлыг хангасан тухай холбогдох байгууллагын удирдлагууд мөн хэллээ.

Тухайлбал 1990,1991 онд Налайх дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд болсон уул уурхайн ослын үед дэлгэн ажиллуулж байсан туршлагатай энэ эмнэлгийг 240 ортой, сард 5 мянган хүн эмчлэх, хоногт 800 хүнд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, 50 хүнд мэс засал хийх хүчин чадалтай болгосон байна.

Болзошгүй гамшиг тохиолдсон үед энэ хээрийн эмнэлэг мэс засал, сэтгэц эмчилгээ, бүх төрлийн халдварт өвчин, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй. Нийт 38 ширхэг хээрийн эмнэлгийн тоноглол бүхий автомашины 29 нь ажиллаж байна.

Цаашид хээрийн эмнэлгийг өргөжүүлэх, үйл ажиллагааны байнгын бэлэн байдалд байлгахын тулд хөрөнгө шаардлагатай байна. Тухайлбал техник, тоног төхөөрөмжийг нь сайжруулах, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд шаардагдах 1 тэрбум төгрөгийг ирэх оны II улиралд багтаан шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Мөн  дэлхий нийтэд өргөнөөр ашиглаж байгаа тусгай зориулалтын автомашин дээр байрлуулсан хээрийн хөдөлгөөнт иж бүрэн эмнэлэг худалдан авах 18 сая ам.долларын хөрөнгийг 2014 оны улсын төсөвт тусгахад дэмжлэг үзүүлэхийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдоос хүссэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.