Эрүүл мэндийн даатгалын гажгийг засна
2012.04.10

Эрүүл мэндийн даатгалын гажгийг засна

“Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д өчигдөр боллоо.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “”Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн стратеги”, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуул “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөтөлбөрт суурилсан төсөв”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нь”, Эрүүл мэндийн сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Чимиддагва “Монгол Улсын эрүүл мэндийн  санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Эрүүл мэндийн төлбөрт үйлчилгээ өрхийн зарлагад нөлөөлж буй байдлын судалгааны дүн», Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Өлзий-Орших “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын институцийн судалгааны үр дүн”, АХБ-ны эрүүл мэндийн хөгжил-хөтөлбөрийн зохицуулагч Ж.Алтантуяа “Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого ба эрх зүйн орчны өөрчлөлт” гэсэн илтгэл тус тус тавьж, оролцогчид асуулт асуун өөр өөрсдийн саналыг илэрхийлэв.

Илтгэгчид болон оролцогчид “УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг удахгүй хэлэлцэх гэж байна. Өмнөхөн нь ийм хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүн жилээс жилд өсч байгаа. Үүнтэй уялдан эрүүл мэндийн санхүүжилт ч өсч буй. Гэхдээ төдийлөн хангалттай бус байна. Олон жилийн халамжийн сэтгэлгээгээрээ бус зах зээлийн нөхцөлд нийцүүлэн энэ санхүүжилтийн асуудалд хандах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгалыг бие даасан байгууллага болгох, даатгал эмнэлэгтэйгээ харьцаж, багц үйлчилгээг өвчтөнд санал болгодог байх нь зохистой. Эрүүл мэндийн санхүүжилт нь эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амын хэрэгцээнд тулгуурлан тэгш, хүртээмжтэй хүргэх, чанар, үр ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэх ёстой.

 

Хүртээмжтэй болгох үүднээс зайны оношлогоог өргөн хэрэглэх явдал чухал байна. Даатгал нь бүх нийтийг заавал хамарсан байх, шимтгэл нь мөнгөний ханшийн өөрчлөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит өртөгтэй уялдах учиртай. Төлөвлөлтөө уламжлалтаас хөтөлбөрт төсвийн хэлбэрт шилжүүлэх, төсвийг төлөвлөх, хуваарьлах, тайлагнахад олон нийтийн оролцоог дэмжих, хяналт тавих боломжоор хангах, эмнэлгийн үйлчилгээг чанаржуулан, чирэгдлийг арилгах, олон төрлийн төлбөрийг өөрчлөх, боловсронгуй болгох, даатгалын төлбөрийн карт нэвтрүүлэх, шимтгэлийн болон төрөөс даах хэлбэрийг нэг хэсэгтээ үргэлжлүүлэх, гэхдээ даатгалын сангийн 12-хон хувийг бүрдүүлдэг төр түүнийг өөрийн хяналтад байлгадгийг болиулах, эмнэлгүүдийг бие даалгах, эмнэлгийн тухай хууль гаргах хэрэгтэй байна” гэхчлэн олон санал хэлж байлаа.

Одоогийн даатгал эрүүл мэндийн санхүүжилтийн 25,4 хувийг нөхдөг юм байна. 71,2 хувийг төсвөөс санхүүжүүлдэг аж. Харин манай даатгалын хамралт харьцангуй сайн, 80 орчим хувьтай байдгийг тэд тэмдэглэв. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд дэвшилттэй заалтууд орсон ч өөрчлүүштэй зүйл нэлээд байгааг онцоллоо. Эрүүл мэндийн салбарын олон төсөл хөтөлбөр хоорондоо уялдаа муутайг ч зарим хүн дурьдав.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд дээрх хуулийн төслийг санаачилжээ. Гишүүн С.Эрдэнэ уг хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.Иргэдийн авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээ нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сан, улсын төсөв гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг байна. Гэхдээ төр яг юуг нь хариуцдаг, даатгал ямар үйлчилгээг санхүүжүүлдэг, ямар байгууллага чанарын ямар түвшний үйлчилгээг үзүүлж байгаа нь тодорхой бус өнөөдрийг хүрчээ.Гэтэл даатгуулагчид өвдсөн үедээ эмнэлгийн үйлчилгээ авахдаа хувиасаа төлбөр төлдөг. Энэ гажуудалтай байдлыг арилгахын тулд С.Эрдэнэ нарын гишүүд хуулийн төсөл санаачилжээ.С.Эрдэнэ гишүүнийг УНДГ-ын дарга байхад Завхан аймгийн эрүүл мэндийн төвд 300 сая төгрөг өг гэсэн шийдвэр иржээ. Даатгуулагчдын мөнгийг тэгж цацаж болохгүй гэсэн ч тухайн үеийн Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар мөнгийг өг гэсэн шийдвэр гарч байсныг хэлэв. Ингэж Эрүүл мэндийн даатгалын сан Төрийн сантай ижилхэн ажилладаг гэлээ.

 

Одоо “Эрүүл хүүхэд” хөтөлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө зарцуулж байгааг С.Эрдэнэ гишүүн буруу гэж үзлээ. Улсын төсвөөс, төрөөс гарах ёстой мөнгийг иргэдийн өөрсдийнхөө эрүүл мэндэд зориулах ёстой мөнгөнөөс гаргаж байгаа нь эрүүл мэндийн даатгалын гажигтай холбоотой гэж гишүүн үзэж байв. Иргэн эрүүл мэндийнхээ төлөө даатгуулсан мөнгийг төр булааж аваад Засгийн газрын ажилд зарцуулж байгаа нь төрийн сангаас, төсвөөс гарах мөнгийг иргэдийн эрүүл мэндийн даатгалаас гаргаж байгаа туйлын буруу тогтолцоо гэж С.Эрдэнэ гишүүн хэлэв. Эрүүл мэндийн даатгалын сан эрүүл бус байгаагийн тод жишээ энэ бөгөөд удахгүй энэ сан эрсдэлд хүрч болзошгүйг ч үгүйсгэсэнгүй. Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас жилд нэг сая 112 мянган төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээ бараг мэддэггүй аж. Иргэд даатгалын мөнгөө хянах эрхтэй гэдгийг мэддэггүйг далимдуулж төр тэр мөнгөөр нь “гараа угааж” иргэд хохирч буйг хуульд шинэчлэлт хийснээр засахаар болжээ.

 

Иргэд мөн эмчлүүлэх эмнэлэг, эмчээ сонгох эрхтэй. Ингэснээр сайн эмч нар эрэлт ихтэй, тэр хэрээрээ мөнгө сайн авдаг байх ёстой. Тиймгүйгээс мэргэжилдээ сайн эмч нар хэдэн сарын чөлөө авч БНСУ, Тайланд зэрэг оронд ажилладаг байна. Эрхтэн шилжүүлэх, үе, тойг солих өндөр үнэтэй мэс ажилбаруудыг монгол эмч нар гадаад орнуудад гүйцэтгэдэг болжээ. Монголд үнэлгээ нь сайн бол иргэд чирэгдэхгүйгээр нутагтаа мэс засал хийлгэх бүрэн бололцоотой аж. Хэлэлцүүлэгт оролцсон Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар ард иргэд эмчилгээнээс болж хөрөнгөө барж ядууралд ордоггүй байх, эмч нар хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг байх, Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь агентлаг болгож иргэд даатгалын мөнгөө хянадаг байх хэрэгтэйг хэлж байсан юм. Удахгүй уг хуулийн төслийг УИХ-д өргөн барьж ойрын үед хэлэлцүүлэх шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогсод хэлцгээж байв.

Эх сурвалж: Монцамэ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.