"Засгийн газар ЭМД-ын мөнгийг ашиглахаа болих хэрэгтэй"
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.12.06

"Засгийн газар ЭМД-ын мөнгийг ашиглахаа болих хэрэгтэй"

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар өргөн бариад буй. УИХ-ын зүгээс энэ хоёр хуулийг нэгтгэхээр болоод буй. ЭМД-ын хуульд ямар өөрчлөлтүүд орох талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-ЭМД-ын хуульд оруулж буй хамгийн чухал шинэчлэл нь юу вэ?

-Эрүүл мэндийн үйлчилгээнд Монголын ард түмэн сэтгэл ханамжгүй, шүүмжлэл дагуулсаар ирсэн. Эмч эмнэлгийн ажилтнууд чадваргүй, ажлаа муу хийж байгаагаас бус Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо буруу байгааас ийм байдал үүссэн. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоонд хэн хариуцлага тооцох, хэн үр дүн гаргах нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцлага, үр дүнгийн тогтолцоогүй болсон.

Монголын ард түмэн зөвхөн 2013 онд л гэхэд урьдчилсан тооцоогоор 200 орчим тэрбум төгрөгийн  эрүүл мэндийн үйлчилгээ авахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, 200 тэрбум төгрөгийг ЭМД-д төвлөрүүлсэн гэсэн үг. Энэ их мөнгийг Засгийн газар аваад нийт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдийн 90 орчим хувьд нь өгдөг. Үлдсэн 10 хувь нь ахмадуудад үйлчилдэг сувилал, амралтын газрууд байдаг юм. Засгийн газар өөрөө өөрөөсөө худалдан авалт хийдэг гэсэн үг. Засгийн газар даатгуулагчийн мөнгийг авч эмнэлгүүдэд дамжуулж өгдөг брокер байх ёсгүй.

Эмнэлгүүд даатгуулагчид таалагдах гэж биш санхүүжилтээ авч байгаа Засгийн газарт таалагдаж ажилладаг болоод байна.

Эмнэлгүүд даатгуулагчид таалагдах гэж биш санхүүжилтээ авч байгаа Засгийн газарт таалагдаж ажилладаг болоод байна. Үүнийг зогсоохын тулд хариуцлагын механизмыг буюу муу үйлчилгээ үзүүлснийх нь төлөө хариуцлага тооцдог байх зарчим юм. ЭМД-ын мөнгийг төсвийн мөнгө шиг зарцуулж байгаагаас болж эрүүл мэндийн салбар дампуураад байна. Тиймээс хариуцлагатай болгоё гэж байгаа юм. Яаж хариуцлагатай болгох вэ гэхээр, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг бие даасан байгууллага болгох.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгал төлөгчид, ажил олгогчид, Засгийн газрын тус бүр гурван төлөөлөл байдаг. Энэ есөн хүнд дээд эрх мэдлийг өгье гэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд даатгуулагчдын 180 тэрбум /нэг жилд/ төгрөгийг нэг сайдад өгч, 40 тэрбум төгрөгийг эмнэлгүүдэд олгодог байсан. Үлдэгдэл 140 тэрбум төгрөгийг үлдэгдэл нэрийн дор Засгийн газар, тухайн сайд нь өөрөө ашигласаар ирсэн. Эрүүл мэндийн засаглалд өөрчлөлт оруулах нь ЭМД-ын хуулийн шинэчлэн найруулсан төслийн амин сүнс нь юм.

-ЭМД-ыг Үндэсний зөвлөл хариуцаж, захиран зарцуулж, хариуцлага тооцдог болно гэсэн үг үү?

-Засаглалд өөрчлөлт оруулснаар мөнгөө төлсөн бол хөгжмөө захиална. Хөг­жим захиалах боломж олгох­гүй бол эмнэлгүүдэд хариуцлага тооцдог, санхүү­жил­­тийг нь зогсоодог эр­хийг нь даат­гуулагч нарт өгөх юм. ЭМД-ын Үн­дэс­ний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын газ­рыг ажил­луулдаг. Эрүүл мэн­­дийн даатгалын га­зар нь Засгийн газрын агентлаг бус даатгуулагч нарын 180 орчим тэрбум төгрөгийн дөрөв орчим хувиар санхүүждэг. Энэ газар ЭМД-ын үйлчилгээ үзүүлсэн эсэхийг шалгаж, эмнэлгүүдэд санхүүжилт олгодог.

Эрүүл мэндийн газар хэн нэгэн сайдын харъ­яанд байхаар сайдад таалагдаж ажиллахаа бодож, даатгуулагч нарыг тоохоо больж эхэлдэг. Эрүүл мэндийн газрын удирдлагыг  халдаг, сольдог, хариуцлага тооцдог эрхийг ЭМД-ын Үндэсний зөвлөлд өгөх хэрэгтэй. Ингэснээр Үндэсний зөвлөл Эрүүл мэндийн газартаа хяналт тавьж, даатгуулагч нарт таалагдах гэж ажиллаж эхэлнэ.

Гадны орнуудад бол ЭМД-ын газар нь Мэргэшсэн мэргэжлийн хамтын удирдлагатай байгууллага гэсэн зарчмаар явдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанк шиг гэсэн үг. Энэ жишгээр л яваач гэсэн санааг хуульдаа тусгасан.

-Хуулийн төслийг тань УИХ, Засгийн газрын зүгээс хэр дэмжиж байна вэ?

-Миний өргөн барьсан хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүдээс маш их эсэргүүцэж байгаа. 20 жил энэ мөнгөний амтанд орсон хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил, олон жил үргэлжилсэн мөнгөний зуршлыг яаж болиулах вэ гэдэг зовлон болоод байна. Эрүүл мэн­дийн даатгалын Үндэс­ний зөвлөл зөвхөн даат­гуулаг­чаас хараат болгож өгөөч гэдгийг л хүсч байна.

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ та хоёрын хуулийг нэтгэж бай­гаа гэсэн. Хуулийг нэгт­гэснээр ард түмний хүсч буй мөнгөө төлөөд хөгжмөө захиалах эрх нээгдэж чадах уу?

-Би хуулийн төслөө дангаар нь явуулж өгөөч гэж хүсч байгаа. Нэгтгэнэ гэдэг нь УИХ-ын зарчим учраас би яах ч аргагүй. Ард түмний хүсэн хүлээж буй шинэчлэлийг хийж чадвал болно. Гэхдээ миний хуулийн амин судсыг нь битгий тасалчихаасай л гэж хүсч байна.

-ЭМД-ын Үндэсний зөвлөлийг бие даасан нэгж болгоод, хариуцлагатай болгохоор эмнэлгийн салбар, үйлчилгээнд ямар өөрчлөлтүүд орох вэ?

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд 180 орчим тэрбум төгрөгийг хувааж өгөх ёстой.

-Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд 180 орчим тэрбум төгрөгийг хувааж өгөх ёстой. Үүнийг бүрэн утгаар нь ард түмний эрүүл мэндэд зарцуул гэж байгаа юм. Засгийн газар үлдэгдэл нэрийн дор өөр зүйлд зарцуулдаг баймааргүй байна. 100 хувь даатгуулагчид зарцуул. Нэг жишээ дурьдахад, Монголын ард түмэн өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээг авч чадахгүйгээс болж зүдэрдэг. Хүнд өвчтэй, Монголд эмчилгээ хийлгэх боломжгүй, гадаадад өндөр өртөгөөр эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн зардлыг судлаад  нэг жилд есөн тэрбум төгрөг гарч байгаа юм. 180 тэрбумаас есөн тэрбумыг нь гадаадын өндөр өртөгтэй эмчилгээ, үйлчилгээнд нь олгоё.

Энэ эрхийг нь ЭМД-ын Үндэсний зөвлөлд олгоё гэсэн санаа. Энэ тогтолцоо бий болбол бидний өгсөн мөнгөнд хамгийн чанартай, хамгийн боломжит үнээр хамгийн шуурхай үйлчилгээг даатгуулагч нэхэх эрхтэй. Хэрэв чадахгүй бол хувийн эмнэлгүүдэд нь олгоно. Ингэж хариуцлага тооцоод ирэхээр эмнэлгүүд даатгуулагчийн үнэ цэнийг мэдэрч, чанар, үйлчилгээгээ сайжруулах болно.

-Олон жил даатгалаа төлсөн ч үүнийхээ үр шимийг хүртээгүй иргэд үр хүүхэддээ өвлүүлэх, ямар нэг байдлаар эргүүлэн авах, ашиглах боломжтой юу, хуульдаа тусгасан уу?

- Миний боловсруулсан хуулийн төсөлд энэ тухай огт тусгагдаагүй, хуульд тусгаж болохгүй. Ярихад их гоё санаа ч хийхэд аюултай. Би есөн жилийн өмнө энэ санааг их дэмждэг байсан. Гэвч судлаад, уншаад, гадны жишиг, эксперт, шинжээчидтэй уулзахад манайх шиг ийм цөөхөн хүн амтай, ажилгүйдэл, ядуурал ихтэй, цалингаараа амьдарч чаддаггүй оронд төлсөн даатгалынхаа мөнгөөр зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийг даатгуулъя гэж байгаа бол энэ нь аюултай.

Цөөхөн хэдэн мөнгөтэй болсон баячуудын төлөөх ЭМД-ын тогтолцоо болж хувирна. Ажилгүй, орлогогүй хүмүүс нийгмийн баталгаагүй болж, аюултай байдал үүсч эхэлнэ. Өвлүүлэх, эргүүлэн ашиглах буюу хуримтлалын тогтолцоог АНУ хэрэгжүүлсэн бөгөөд сүүлийн  таван жил өөрчлөх гээд чадахгүй байгаа. Олон жилийн дараа эргээд харахад АНУ-ын хүн амын 10 хувь нь ЭМД-тай, нийт массын 60 хувь нь даатгалын тогтолцоогүй, 20 хувь нь даатгалаа огт төлж чадахгүйд хүрсэн нь өдгөө тус улсын Ерөнхийлөгчийн санааг зовоосон асуудал болоод байгаа. Өөрөөр хэлбэл, хүн амын олонх нь ирээдүйд эрүүл мэндийн баталгаагүй болж байна гэсэн үг.

Тэгэхээр манайх шиг ажилгүйдэл, ядуурал ихтэй цөөхүүлээ оронд эв санааны нэгдлийн тогтолцоо буюу бие биенийхээ эрүүл мэндийн эрсдэлийг хамтаараа даадаг систем нь илүү оновчтой. Ажилтай, боломжтой  нэг нь ажилгүй, даатгал төлөх боломжгүй нэгнийхээ эрүүл мэндийг хамгаалж явах эв санааны тогтолцоо юм. Манайд  энэ тогтолцоо л явж байгаа.

Хөдөө мал маллаж байгаа малчин гадаа байгаа мал нь өөрийнх нь ирээдүйн баталгаа гэж бодож байгаа. Энэ бол буруу. Улаанбаатарт, суманд, ажилтай, ажилгүй хөдөлмөрийн чадваргүй болсон, өвчин зовлон туссан тохиолдолд миний эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгаа бол ЭМД-ын баталгаа гэдгийг хүн бүр ойлгоосой л гэж хүсч байна.

-Шинэчилсэн ЭМД-ын даатгалын тухай хууль хэзээнээс хэрэгжиж, үр дүн гарч эхлэх үү?

-Хэрэв миний хуулийн амин судас нь таслагдахгүйгээр батлагдаж чадвал нэг жилийн дотор анхны үр дүн гарч эхэлнэ. Хоёроос гурван жилийн дотор 100 хувь даатгуулагч эрүүл мэндийн үйлчилгээг сэтгэл хангалуун авдаг болно.