С.Ганбаатар: Даатгалтай иргэд эрүүл мэндийн үйлчилгээ гуйж авдгийг болиулна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.08.23

С.Ганбаатар: Даатгалтай иргэд эрүүл мэндийн үйлчилгээ гуйж авдгийг болиулна

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Л.Эрдэнчимэг нараас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж буй. Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гол нь ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?

-Энэ хуулийн төслийг боловсруулах ажпын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж байгаа. Ажпын хэсгийн гишүүд энэ зуны турш ард иргэдтэй уулзаж, иргэний эрүүл мэндийн даатгалын талаар санал бодлыг нь сонссон. Даатгалд мөнгө төлсөн иргэд эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээг гуйж авдгийг болиулахад энэ хуулийн гол үзэл баримтлал оршино. Үүнийг шийдэхийн тулд эмнэлгүүд сайд дарга нарт таалагдаж ажиллах гэж мэрийх биш мөнгө төлсөн даатгуулагч, өвчтнүүдэд сайн үйлчилгээ үзүүлж ажилладаг болгох зорилго өвөртөллөө.

Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлсөн даатгуулагчид авсан үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй байх юм бол тухайн аймаг, дүүргийнхээ Эрүүл мэндийн даатгалын газарт хандаж, гомдлоо шийдүүлдэг байх ёстой.

Өөрөөр хэлбэл, мөнгө төлсөн хүн хөгжмөө захиална. Хэрвээ хөгжмийг захиалснаар нь тоглохгүй бол мөнгөө өгөхгүй байх эрхийг иргэдэд өгдөг болох юм. Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлсөн даатгуулагчид авсан үйлчилгээндээ сэтгэл ханамжгүй байх юм бол тухайн аймаг, дүүргийнхээ Эрүүл мэндийн даатгалын газарт хандаж, гомдлоо шийдүүлдэг байх ёстой. Гомдолтой гэвэл мөнгөө өгөхгүй байх эрхийг нээж өгнө. Энэ эрхийг бий болговол эмч, эмнэлгийн ажилтнууд сайд дарга нарт бус өвчтөн, үйлчлүүлэгч нарт чин сэтгэлээсээ үйлчилнэ. Мөн Эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөгчийг даатгуулагч, өвчтнүүдийн төлөөллөөс тавьдаг болъё гэж байгаа юм. Одоогийн зарчимд сайд нар томилгоо хийдэг.

-Даатгал төлсөн иргэд одоогийн мөрдөгдөж буй хуулиар харьяа дүүргийнхээ анхан, дунд шатны эмнэлэгт үзүүлдэг. Шинэ хуулиар даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авахаар төлөвлөж байгаа гэсэн үү?

-Даатгуулагчдад үйлчлүүлэх эрхийг нь нээж өгнө. Энэ зүйл заалтыг хэрхэн шингээж өгөх талаар ажпын хэсэг ид ярьж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд дотооддоо сайн аваад эхэлбэл жилд 40 тэрбум төгрөг гадаад руу урсахгүй.

Энэ бүх мөнгө дотооддоо зарцуулагдаж тэр хэрээр эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхи сайжрах учиртай. Эмнэлгийн салбарын тогтолцоо муу байгаагаас манай эрүүл мэндийн салбарынханд сөргөөр нөлөөлдөг.

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд даатгуулагч мөнгөө гэр бүлийнхээ гишүүнд шилжүүлж болно гэсэн заалт оруулах болсон гэсэн. Хуульд үүнийг хэрхэн нарийвчилж тусгах вэ?

-Зарим хүнээс энэ талаар санал гарсан ч би төдийлэн дэмжихгүй байгаа. Мөнгөтэй эрхмүүд сайн үйлчилгээ авч, ядуу зүдүү гэр бүлүүд үйлчилгээ авахад хүндрэлтэй болно. Энэ талаар ажлын хэсэг ярьж байна. Хэрэв энэ зүйл заалт батлагдвал маш олон хүн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны гадна үлдэнэ. Тэр хэрээр нийгэмд тогтворгүй байдал үүсч болзошгүй. Монголчуудын ихэнх нь орлого багатай. Хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байгаа өрх олон бий. Бид эв санааны нэгдэлтэй байх ёстой. Даатгалд төлсөн мөнгөө өөртөө зарцуулах нь хуримтлалын тогтолцоо юм.