Ховдоглолтоос хооллолт руу шилжицгээе
2012.04.15

Ховдоглолтоос хооллолт руу шилжицгээе

Эхлээд эрүүл бай, дараа нь амжилт гарга хэмээх үгс эмнэлгийн үүдэнд өлгөөтэй байдаг. Хэрвээ та энэ үгийг эрүүл байх үедээ уншвал нэг их юм бодохгүй. Харин өвдөөд явж байхдаа уншвал толгойны орой руу чинь орох нь гарцаагүй.
 
Надад ч бас ийм зүйл тохиолдсон болохоор сайн мэдэж байна. 2011 оны 8-р сард элэг маань өвдөж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэх дээ тэрхүү үгсийг уншиж билээ. Тостой шарсан хуурсан, давстай хоол, архи пиво, чихэр амттан, исгэлэн жимс гээд бүх идэх юмийг маань хорьсон. Тэгэхэд би эрүүл байвал, элэг маань эдгэрч л байвал хамаагүй, би идэхгүй гэж өөртөө андгайлсан юм. Түүнээс хойш өөртөө дэндүү их хайртай болоод ч тэр үү, амжилт гаргахыг дэндүү ихээр хүсдэг болохоороо хоол хүнсэндээ анхаарч эхэлсэн. Та бод доо. Түр амсхийгээд.

Хүн амандаа орж байгаа зүйлээ зөвхөн өөрөө л хянаж чадна шүү дээ. Гагцхүү амтлах эрхтэн, өлбөн сэтгэл, буруу дадал зуршилдаа захирагдаж буруу хооллох нь утгагүй хэрэг. Та Iphone 5 барьж 60 саяын үнэтэй benz g-class унаж болно оо. Энэ бол таны өөртөө оруулж буй, сэтгэл ханамж авч буй том хөрөнгө оруулалт. Гэхдээ өдөр тутмынхаа амьдралд эрүүл байхын үндэс болсон хооллолтондоо өдөр бүрийн зуршлаараа анхаарал тавьж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Зөв хооллолт гэдэг бол дүрэм журам биш. Та үүнээс айх хэрэггүй.

Та өөрийнхөө эзэн нь.

shireeТа өнөөдөр атгасан гар шигээ хэмжээтэй ходоодондоо ямар хоол хүнс чихсэн бэ?

Нэг бодоод үзээрэй. Жагсааж бичвэл мөн ч их зүйл гарах бий. Эсвэл ширээн дээр бүгдийг нь дэлгээд тавьж байна гэж төсөөлвөл ямар байна? Хооллоно гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ гээд нэг эргэцүүлээд үзээрэй. Харин зөв хооллолтын тухай тодорхойлолтуудыг багцлан, тоймлож гол ерөнхий утгаар нь хэлвэл хооллоно гэдэг нь тухайн хүн бие махбодидоо хэрэгцээтэй шимт тэжээл, бодисыг авахыг хэлэх ажээ. Хоол хүнс бол хүний ажлын чадвар, эрүүл мэнд, өсөлт хөгжилт, амьдралын эрч хүчийг тэтгэгч хүчин мөн.Зөв хооллолт гэхээр хүмүүс цагаан хоолтон, ногоон хоолтон болох ёстой гэж боддог.

Заавал цагаан хоолтон, ногоон хоолтон болох ёстой юу?

Ногоон цэнхэр гараг ТББ-ын эрхлэгч Ч.Даахүү тэрээр 25 настай эрч хүчтэй эмэгтэй. Тэрээр гурван жил ногоон хоол /веган/ идэж байгаа бөгөөд нэг ч удаа эм уугаагүй гэсэн. Хааяа ханиад хүрдэг ч тэр үед эмийн аргаар бус, халуун чацарган уух зэргээр ханиалгаа дарчихдаг. Даахүүгийн ногоон хоолтон болсон шалтгаан нь их сонирхолтой. Хүн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө байвал юуг ч хийж чадна гэдгийг би түүнээс ойлгосон юм. Түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэе.

daakhuu -Яагаад ногоон хоолтон болсон тухайгаа яриач. Танд юу нөлөөлсөн бэ. Зөв хооллолт гэдэг нь таныхаар юу гэсэн үг вэ?

Эрүүл мэнд талаасаа ч, байгаль орчин талаасаа ч тэр веганыг сонгох нь зөв. Би өөрөө байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг хүний хувьд үлгэр жишээч байж, амьдралынхаа хэв маягаар харуулахыг хүссэн. Хүлэмжийн хийг ихэсгэдэг таван том шалтгааны нэг нь мал аж ахуй. Тиймээс би малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэдэг үүднээсээ ногоон хоолтон болсон. Харин эрүүл мэнд талаасаа миний ходоод маш их өвддөг, зүрх өвддөг байсан. Нүүрэн дээр битүү идээтэй үрэвсэл гардаг байсан. Ногоон хоолтон болсноос хойш тэр асуудал байхгүй болсон. Ханиадаас өөр өвчин тусаагүй. Нүүр маань өнгөлөг сайхан болсон.

-Дан ногоо иднэ гэхээр манайд зарагдаж байгаа хүнсний ногоо хятадын болоод чанарын баталгаагүй байдаг шүү дээ?

Яс юман дээр бид нар яагаад дан ногоо хэрэглэж байгаа мөртлөө тэрнээсээ болж өвдөхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг эхлээд ярих ёстой. Бид нар цэвэр ногоо идчихээд байгаа даа биш. Адилхан л хятадын ногоо хэрэглэж л байгаа. Асуудлын гол нь сэтгэлдээ л байна. Энэ сонголт зөв юм аа гэдгийг ухамсарлачихсан учраас тухайн тэр сонголт нь хүнд гайхамшгийг бий болгож чадна гэж би боддог.

-Монгол хүн мах идэхгүй бол яаж уургаа нөхөх вэ. Манай улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай орон шүү дээ.

Ургамлууд нийлээд уургийг бүрдүүлчихнэ. Гурил самар, ногоонд байдаг уургийг авч болно. Амандаа орж байгаа зүйлдээ жоохон анхаарал хандуулаад зохицуулахчих юм бол асуудалгүй. Хүн өдөрт 50 грамм уураг авах ёстой байдаг.

-Гэр бүлийнхэн чинь таныг хэрхэн хүлээн авсан бэ. Бүгдээрээ цагаан хоолтон болсон уу?

Гол нь хүмүүст мэдээлэл их сайн өгөх хэрэгтэй. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Гэр бүлийнхэн эхлээд эсэргүүцэж байсан. Би өдөр тутамдаа өөрийнхөө биед гарч байгаа өөрчлөлтийг бүгдийг нь харуулж байсан. Миний амьдралын хэв маягт ч гэсэн өдрөөс өдөрт мэдэгдэхүйц дэвшил гарч байсан учраас гэрийнхэн маань ойлгож эхэлсэн. Манай эгч 6 сарын дараагаас эхэлж цагаан хоолтон болсон. Миний ээж аав хоёр хөдөө байдаг ч одоо цагаан хоолтон болцгоосон. Ээж цэвэр ногоон хоолтон, аав цагаан хоолтон болсон.

-Сэтгэлээр унаад айж, замаасаа буцах үе гарч байсан уу?

Хүмүүс өөрсдөө сонгох хэрэгтэй. Миний тухайд би ерөөсөө сэтгэлээр унаж, замааасаа буцаж байгаагүй. Сэтгэл санааны байдлаас болж шантарлаа гэхэд зөв эх сурвалжуудтай холбогдож, мэдээлэл авах ёстой. Орчноо зөв бүрдүүлэх хэрэгтэй. Чанаргүй цагаан хоолтон гэдэг ойлголтод багтахгүй байх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өглөө будаа, өдөр будаа, орой будаа талх идсээр байгаад ухаан алдаад уначихсан хүмүүс бий. Уургаа нөхөх, кальциа нөхөх тэр зүйлээ судалсан байх ёстой, Үргэлж цовоо сэргэлэн байх орчинг бүрдүүлж, сэтгэлийн дэм өгөх найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлэх ёстой.

-Зөв хооллохын тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй хэмээн зарим хүмүүс үздэг. Энэ талаарх таны бодол?

Би хүний үйл ажиллагаанд дүгнэлт өгөхийг хүсдэггүй. Гэхдээ ерөнхийдөө судалж үзсэний хувьд хэлэхэд нэгдүгээрт эдийн засгийн хувьд, дадал зуршлаа тооцсон ч дандаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр амьдарна гэж байхгүй. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хүн хааяа жимс иддэгтэй адил хэрэглэх ёстой гэж ойлгодог. Зөв хооллолт гэж өөрийнхөө бие организмыг хохироохгүйгээр хэрэгцээт шим тэжээлээ авахыг хэлдэг. Оюун санаанд маань ном унших зуршил хэрэгтэй байдаг шиг бие организмд чанартай хоол хүнс хэрэгтэй.

Заавал махнаас татгалзах ёстой юу?

Оросын нэрт эмч, зөв хооллолтын тухай олон номны зохиогч Мариана Трифонова “АиФ” сонины уншигчдын асуултанд хариулсныг хүргэе.

mariana-Цагаан хооллолтын тухай миний бодол ийм: Хүн уураг, тос, нүүрсус, амьтны гаралтай бүтээгдхүүнийг ч идэж байх ёстой. Цагаан хооллолт манайд үүсч хөгжөөгүй, дулаан орныхон шашинаа дагаад амьтны гаралтай хүнд хоол идэхгүй байж болох. Харин манай хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд мах идэх амин чухал шаардлага бий. Мах хүнддээд байдаг бол загас, далайн бүтээгдхүүн идэх хэрэгтэй. Организм чинь хүлээж авахгүй байхад түүнийг ямар нэгэн байдлаар тамлан зовоож угаас хэрэггүй, тийм хүнснээс татгалзаж байх нь зөв.

Монголчуудын зөв хооллолтын томьёо

Улирлаар хооллох энэ бол ямар цагт махаа идэж, аль үед идэхгүй байх вэ гэдгийг заасан томьёо юм. Монгол улс 13-р зуунд хүчтэй байсан нь мах их иддэг байсан гэж ярьцгаадаг. Яг үнэндээ тэд дандаа мах иддэг байгаагүй. Зун хэзээ ч монголчууд одоогийнх шиг малаа нядалдаггүй байжээ. Цагаан идээ иддэг байсан. Мах иддэг байсан хэдий ч маш их хөдөлмөр хийж калорио шатаачихна. Одоо бол зун хорхог, боодог гээд л мах идэж байна. Бид өнөөдөр нүүдлийн соёл иргэншлээс маш их холдсон шүү дээ. Суурин соёлд нэг машинаас нөгөө машин руу, нэг буйдангаас нөгөө буйдна руу шилжиж байна. Буйдан дунд калори шатахгүй. Тиймээс махаа багасгахаас өөр аргагүй. Одоо бүгдээрээ хэрхэн хооллох ёстой талаар ярилцья.

ШУТИС, ХБТС Хүнс үйлдвэрлэл үйлчилгээний менежментийн багийн багш Д.Амарбаясгалан хэлэхдээ:

"Хоолны хувьд шинэхэн бэлдсэн хоол идэх хэрэгтэй. Хоол хүнс хэдий чинээ шинэ байх тусам энергийн алдагдлыг төдий чинээ нөхдөг. Удаан хадгалсан хоол хүнсийг дандаа идэх нь хүнийг тамирдуулж, залхуу болгон, оюуны бүтээмжийг бууруулж, нойр хүргэдэг. Үүнээс гадна ходоод гэдэс, зүрх судас, элэг өвчин үүсгэдэг"

2282-Яаж хооллох вэ?

Хоололт хоорондын зай дэндүү хол байж болохгүй. Цөөхөн удаа хооллоход мэдрэгдэх өлсөлт нь хоолны төвийг огцом сэрэлд оруулж ингэснээр хоол боловсруулах шүүснүүдийн ялгаралтыг идэвхижүүлж хоосон байгаа ходоодны салст бүрхэвчийг цочроосноор эцэстээ эмгэг өөрчлөлтөнд хүргэдэг. Түүнээс гадна өлсөлт удаан үргэлжилвэл хүн өөрөө эсэргүүцэж даван туулж чадахааргүйгээр хоол идэх дур хүслийг нь дэврээснээс хоололтын жигд хэм алдагдан хоол боловсруулах үйл ажиллагаанд Хоолны нийт хэмжээ нь шингэнтэйгээ нийлээд өдөрт 2.5-3.5 кг байх ёстой.

20-25%-ийг өглөө
• 10-15%-ийг бага үд
• 30-35%-ийг их үд буюу өдөр
• 20-25%-ийг оройн хоолоор авч болно.

Өглөөний хоол: Амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол. Энэ нь хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангах ёстой. Өглөөний хоолонд мах загасыг нүүрс ус агуулсан хачиртайгаар хиам буюу бяслаг, чанасан өндөг цөцгийн тос гэх мэт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжтой. Учир нь өглөө хүний хоол идэх дур хүсэл бага байдаг болохоор мэдрэхүйн үнэлгээний хувьд сайн чанартай зууш болон бусад бүтээгдэхүнийг хоолны цэсэнд оруулах нь зохимжтой.

Мөн ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэх, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээтэй, халуун ундааг заавал хэрэглэвэл зохино.

Бага үдийн хоол: Өглөөний хоолоор их юм идэж ходоодонд хэт их ачаалал бий болгохгүйн тулд өглөө талаас их, үдийн хоолны хожуу идэх тохиолдолд бага үдийн хоолыг хэрэглэдэг байна. Энэ өглөөний хоолны шингэцийг улам сайжруулах ба хэмжээгээр их биш тухайлбал талхны хавчмал цайтай, сүү, тараг, 1 булочкатай гэх мэт.

Үдийн хоол:
Хоногт идэх ёстой хоолны үндсэн хэсэг юм.Хөдөлмөрлөх явцад алдагдсан илчлэг тэжээлийн бодисыг нөхөх ёстой. Хүний хоол идэх дур хүслийг бий болгож хоол боловсруулах аппаратны шүүс ялгаруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг шинж чанартай ногооны буюу хурц амттай зуушнаас эхлэх нь зөв.

Их үдийн хоолны зорилго эрчимтэй хөдөлгөөний дараа хүний хүчийг сэргээх улмаар оройн идэвхитэй амралтанд бэлтгэхэд оршино.Хоол бэлтгэх болон нэр төрөл, бага үдтэй ижил юм.

Оройн хоол-Өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх биеийн алжаал ядралыг тайлах зорилготой унтахаас 2-3 цагийн өмнө идэх хэрэгтэй.Хэрэв их оройтвол хоолловол хоол боловсоуулах эрхтэнийг амралтгүй ажиллуулж хүн тайван унтаж амрах нөхцлийг алдагдуулдаг тул эрт идэх шаардлагатай.Хөнгөн шингэц сайтай, сүү ногоо, будаа, өндөгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэвэл зохимжтой.

Буйдангаасаа салах цаг боллоо

Та зөв хооллохыг хүсвэл өөрөө сонголтоо хийнэ. Миний бие организмд аль нь хэрэгтэй вэ гэдгийг бодоод нэг үзэхэд сонголт өөрөө тодорно. Ногоон хоол уу, цагаан хоол уу, эсвэл махаа идэнгээ хэрэгтэй уураг, шимт тэжээлт бодисоо авч, зохицуулан хооллож болно. Буйдангаасаа нэг мөсөн салахын тулд танд идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй.

DSC_0343

Идэвхтэй хөдөлгөөн танд юу авчрах вэ?

• Сэтгэлзүйд эергээр нөлөөлнө.
• Залуу цоглог, эрч хүчтэй байна
• Уйтгарлаж, ганцаардахгүй
• Ажлын бүтээмж өндөрсөнө
• Бие даасан байдлыг дээшлүүлнэ.
• Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
• Эрүүл мэндийг бэхжүүлнэ.
• Биеийн галбирыг хадгалж, сайхан харагдуулна. Магадгүй энэ жагсаалт таныг өөртөө анхаарч, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж эхэлснээс хойш улам бүр нэмэгдэх байх.

Биеийн тамир, чийрэгжүүлэлт, спортоор хичээллэх үед хийх дасгал хөдөлгөөнийг дөрвөн үндсэн бүлэгт хуваадаг.

1. Амьдралын идэвхтэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаанд хэд хэдэн удаа шал угаах, шатаар өгсөж уруудах, гэрээ цэвэрлэх, агаар салхинд зугаалах зэрэг хөнгөнөөс дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн хийхийг хэлнэ.

2. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь өдөрт 30 минут, түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн болох алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн орно. Энэ хөдөлгөөний үед 20-30 минут орчим амьсгал, зүрхний цохилтын тоог нилээд нэмэгдүүлсэн эрчимтэй алхалтаас аажмаар шогших, гүйх зэрэг хөдөлгөөнийг ажлын байр, ажилдаа ирж очих, амралт чөлөөт цагаараа өөртөө тохируулан хийнэ.

3. Бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн гэдэг нь тухайн хүн 20 минут, түүнээс дээш хугацаагаар долоо хоногт тогтмол гурван удаа дунд зэргээс илүү идэвх шаардсан аэробик, усанд сэлэх, балет хийх гэх мэт дунд зэргээс илүү идэвх шаардсан бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн хийхийг хэлнэ. Энэ дасгал хөдөлгөөнийг төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг.

Спортын дасгал хөдөлгөөн гэдэг нь теннис, сагсан бөмбөг, усан сэлэлт, бөх гэх мэт биеийн хүч их шаардсан хөдөлгөөнийг хувь хүний бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлээс хамааран тодорхой зорилготойгоор үргэлжлэх хугацаа, ачааллын хэмжээг тохируулан хийхийг хэлнэ. Танд амжилт хүсье. Эхлээд эрүүл байж, дараа нь амжилт гаргаарай.
Нийтлэлч
Х.Өнөрсайхан
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.