Нүүдлийн эмнэлэг ажиллаж эхлэв
2012.04.23

Нүүдлийн эмнэлэг ажиллаж эхлэв

Монгол улсын Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг –Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран нүүдлийн эмнэлгүүдийг хүлээн авах арга хэмжээг Төв аймгийн Баяндэлгэр суманд 2012 оны 4-р сарын 20-нд зохион байгуулав.
 
Хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг хүргэх өргөн боломжтой зарим мэс ажилбар, оношлогоо, эмчилгээ хийх, нийтийг хамарсан осол гэмтлийн үед ажиллах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх зориулалттай нүүдлийн эмнэлгийг Монгол улсын Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу “Лабтех” ХХК, ХБНГУ-ын WAS болон МEDITECH CONSULTING CO.,LTD-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиалан үйлдвэрлэж Монгол улсад нийлүүлж байгаа юм.

Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулан нүүдлийн ерөнхий мэс засал, шүд, рентген эмнэлгийн тусгай техник,тоног төхөөрөмжийгХБНГУ-ын Volkswagen маркийн машин дээр угсран суурилуулан тоноглосон. Эд анги, тавилга нь эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж, дотор нь эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-25 хэмийн дулаан байх техникийн нөхцөлийг хангасан, бие даасан цахилгааны эх үүсвэртэй төдийгүй, нийтийн хэрэглээний цахилгаан эх үүсвэрийг ч ашиглах боломжтой.

Европт төдийгүй дэлхийд дээгүүрт орох чанарын өндөр үзүүлэлт бүхий шилдэг технологийн дижитал иж бүрэн рентген аппараттай. Нүүдлийн эмнэлгийг ажиллуулах 3 их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн 3 инженер, 3 жолооч нийт 9 хүнийг нийлүүлэгч компани энэ оны 2-р сард ХБНГУ- “WAS” эмнэлгийн автомашины үйлдвэр дээр сургалтанд хамруулсан.
 
Мөн эмнэлгийг хүлээлгэн өгөхөөр үйлдвэрлэгчийн төлөөлөгчид Монгол улсад ирээд эмч мэргэжилтний сургалтыг хамтран зохион байгуулж байгаа ажээ.Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Эмнэлийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гончигсүрэн, Төв аймгийн Засаг даргын орлогч П.Цэрэн, эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Ч.Баярмаа, Я.Буянжаргал, ЗГХА –Эрүүл мэндийн газрын Түргэн тусламжийн үндэсний сүлжээний төвийн дарга Ө.Баяр, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Ё.Батхуяг, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Алтанцэцэг, “Лабтех” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Болор, ХБНГУ –ын MeditecConsulting компанийн захирал Frank Kokishүг, Atomed X-ray компанийн ерөнхий менежер Ralf Georgi нар оролцов.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөөгийн болон алслагдсан нутгийн хүн амд хүргэх эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сум, багийн хүн амд эмнэлгийн яаралтай тусламж болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлэх, орчин үеийн мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглан хөдөлгөөнт эмнэлэг ажиллуулах зорилгоор “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөр”-ийг 2010 онд Монгол улсын Засгийн газрын 318 дугаар тогтоолоор батлуулан ЭМЯ хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Өнгөрсөн онд Үндэсний түргэн тусламжийн сүлжээний төвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын дэргэд байгуулж, эмнэлгийн болон эмнэлгийн бус ажилтнуудын сургалтыг зохион байгуулах, хурдны зам дагасан зарим сум дундын эмнэлгийг багаж, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг хийгээд байна.
 
Эдгээр арга хэмжээний нэг нь өнөөдрийн тоноглогдсон нүүдлийн эмнэлгүүдийг хүлээн авах арга хэмжээ юм.Төв аймгийн Баяндэлгэр суманд нүүдлийн эмнэлгийг хүлээн авах арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг –Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хоёр өдөр “Эрүүл хүүхэд” аяны болон хөдөөгийн иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо, эмчилгээг зохион байгуулав. “Эрүүл хүүхэд” аяны ажлын албанаас гаргасан энэ сарын 20 ны мэдээгээр улсын хэмжээнд хамрагдвал зохих нийт хүүхдүүдийн 40 орчим хувийг хамруулаад байгаагаас 67,6 хувь нь ямар нэг эмгэгтэй гарсан байна.“

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-д ийнхүү нүүдлийн эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаагийн дээр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч,зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн өлгий нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумаас нүүдлийн эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэнд нутгийн ард иргэд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд бүгд талархан билэгшээв.

“Жаргалан жаргалан жаргалалан

Энэ ертөнцийн түмэн жаргалан

Түүний доторх чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан”

“Монголын үрс маш олон болох болтугай.”
Эх сурвалж
Эрүүл мэндийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.