Төв шуудангийн урд талын байраа АН төрд шилжүүлэхэд бэлэн
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.04.06

Төв шуудангийн урд талын байраа АН төрд шилжүүлэхэд бэлэн

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Өнөөдөр нээлтээ хийж буй УИХ-ын хаврын чуулганаар томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Эдгээрийн нэг болох Улстөрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт та багтсан. Энэ хуулийн төслийн боловсруулалт ямар шатандаа явж байгаа вэ?

УИХ-д өргөн барьчихсан, хэлэлцээд эхэлсэн олон төсөл хүлээгдэж байгаа ч эхний ээлжид батлах шаардлагатай хуулийн төслүүд бий. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл. Би энэ хуулийн төслүүдээс Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа.

Ер нь улстөржилтийг багасгаж, улс орноо хөгжүүлэх зорилгоор МАН- тай хамтарч ажиллаж байгаа. Энэ ойлголцлын хүрээнд Улстөрийн намын тухай хуулийн төслийг тал талаас нь ярилцаж байна. Одоогоор ажлын хэсгээс төслийн эцсийн хувилбар гараагүй байгаа учраас ингэж шийднэ гэж ярихад эрт. Харин ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд би өөрийнхөө байр суурийг илэрхийлж болох юм.

-Хөдөө орон нутагт сум, багийн төвшинд намууд салбар бүтэцтэй байх эсэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

Улс төрийн намын тухай хуулиар 10000-аас доошгүй хүн амтай суурин газруудад намын бүтэц байх шаардлагатай юу, үгүй юү гэдгийг бодох ёстой. Г эхдээ энэ нь Сонгуулийн нэгдсэн хуулийн заалттай холбогдоно. Улс төрийн намаас баг, сум, хорооны Засаг даргыг сонгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Иргэд нь өөрсдөө шууд сонгодог, мөн огцруулдаг болох ёстой.

Ингэхгүй бол олон ах дүүтэй, эсвэл олон гишүүнтэй намын төлөөлөл нь гарч ирчихээд дороо иргэдийн хурал нэртэй нэг бүтэц байгуулаад тэднээрээ дэмжүүлээд дархлагддаг байдал бий болсон. Энэ мэтчилэн яривал Сонгуулийн нэгдсэн хууль руу халих нь л дээ. Тухайлбал, УИХ-д олонх болсон нам нь Ерөнхий сайдаа томилдог, аймагт болохоор сөрөг хүчний нам нь, суманд нь Засгийн газар байгуулсан нам нь, баг дээр нөгөө нам нь эрх барьж байгаа тохиолдолд ард түмэн хохирох байдал ажиглагдаж байгаа.

Тиймээс ер нь бүх шатны Засаг даргыг иргэдийн хуралтай нь зөвшилцөөд дээрээс нь босоо тогтолцоогоод томилдог байвал яасан юм гэсэн байр суурьтай байгаа. Нэгэнт олонх болоод ард түмний өмнө хариуцлага үүрье гэж байгаа бол бүхэлд нь хариуцлага үүрдэг байх нь зөв. Дараа нь тэр суманд танай намын хүн л Засаг дарга байсан шүү дээ гэж ярихгүйгээр бүтнээр нь хариуцаж, тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, багаараа ажилладаг байх нь зөв юм болов уу гэсэн байр суурьтай байгаа.

Ер нь бид хамгийн эхлээд намын гишүүнчлэлийн асуудлыг хөндөх ёстой. Гишүүнчлэлгүй намтай улс орнууд ч байдаг. Өнөөдрийн байдлаар манайд намууд нь гишүүнчлэлгүй болох улс төрийн нөхцөл боломж хангагдаагүй , байж магадгүй. Гэхдээ хатуу гишүүнчлэлийг бүдэгрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэр дундаа төрийн албанд орж байгаа хүн намынхаа гишүүнчлэлээс татгалзах биш ерөөсөө намд харьяалалгүй хүн л төрийн албанд ажилладаг байх ёстой.Ажлаасаа гарвал би тэр намдаа буцаад орно, эсвэл би тэр намаас ирсэн гэдэг ямар нэг угшилгүйгээр төрийн албыг хашдаг болох нь чухал байна.

Намын хатуу гишүүнчлэлийг бүдгэрүүлснээр дэмжигчид тухайн намын мөрийн хөтөлбөр, зорилтыг харж дэмждэг болох ёстой. Одоо бол зөв ч байсан, буруу ч байсан би энэ намын гишүүн учраас дэмжих ёстой гэж хандаж байна. Мөн намуудын өмч хөрөнгийн асуудлыг бодолцох ёстой. Намууд бизнес хийдэг компани шиг өмч хөрөнгөтэй байх уу, үгүй юү гэдгийг ч хэлэлцэж байна. Энэ асуудал намуудын дунд нэлээд хурц зөрчилдөөнийг бий болгож байгаа.

-Та намууд байртай байх эсэх дээр өөрийн байр сууриа тодорхой хэлж болох уу?

Хувьдаа байртай, тодорхой хэмжээний өмчтэй болчихсон намуудын хувьд энэ асуудал хүндрэлтэйг ойлгож байна. Энд тэндээс хандив тусламж, зээл аваад хүч хөдөлмөр зарцуулаад байр барьчихсан намуудын хувьд үнэхээр хүндрэлтэй. Гэхдээ энэ бол байргүй байгаа намууд нь байртай намынхаа байрыг авах гээд байгаа асуудал биш.

Харин , нэгдсэн нэг зарчимтай болох нь л чухал байгаа юм. Ер нь намуудыг том жижиг гэж ялгахаа больж өмчийн болоод харилцааны нэг төвшинд л байлгах ёстой. Ингэхгүй бол намууд төлөвшихгүй, олны нэрлэдгээр том гэгддэг хоёр гуравхан нам байнга монополь байсаар байх болно.

-Та намынхаа хуучин байр байсан газар дээр шинэ байр барих ажпын хэсгийг ахалж байсан. Тэгэхээр одоо таны байр суурь өмнөхөөсөө 100 хувь өөрчлөгдчихсөн байгаа гэсэн үг үү?

АН байртай байсан. Тэр байраа буулгаад шинээр байр барих уу, яах уу гэж ажлын хэсэг байгуулж ажилласан. Явцын дунд “Байр барих шаардлагагүй юм байна. Улс төрийн нам байртай байх шаардлагагүй” гэж үзээд шинэ байр барих гэж байсан газраа дуудлага худалдаагаар худалдсан.

Тэгэхээр ажлын хэсгийн ахлагч би болон манай намынхан аль хоёр жилийн өмнө ийм байр суурьтай болчихсон гэсэн үг. Одоо ашиглаж байгаа Төв шуудангийн урд талын байраа ч томсгох өргөжүүлэх тухай ярихгүй байгаа. шаардлагатай гэвэл тэр байрыг төрийн өмчид шилжүүлэх, эсвэл дуудлага худалдаагаар худалдаалахад бэлэн.

-Та намын хатуу гишүүнчлэл байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм байна. Одоо бол бүх шатанд нам намаараа талцаж хуваагддаг. Мөн намууд нь дотроо фракцад хуваагдаж байгаа. Тухайлбал, та хэсэг нөхөдтэйгөө нийлээд нам дотроо МОАН санаачилга байгуулсан. Энэхүү санаачилгын зорилго нь юу юм бэ?

Цөөхөн хүн амтай Монгол Улсад маш олон улс төрийн нам байна. Намууд олон байхаасаа гадна дотроо фракцуудтай. Фракцуудын зөрчлөөс гарч байгаа сөрөг үр дагавар нь давамгайлж эхэлсэн. Энэ нь төрийг сулруулж хүчгүйдүүлэх байдал руу чирж байна. Бүр сүүлдээ намууд фракцуудаа албан ёсны бүтэц мэтээр хүлээн зөвшөөрдөг. Фракцын дарга нар хуралдаж байгаад намын асуудлыг гишүүдийн саналгүйгээр шийдвэрлэдэг. Энэ шийдвэр нь эцсийн шийдвэр болчихдог. Фракцын даргын дэмжлэгтэй л бол ямар ч албан тушаалд очиж болдог. Фракцын дарга нар бараг намын даргаасаа илүү эрх мэдэлтэй байх буруу тогтолцоо руу явж эхэлсэн.

Энэ бол 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийж байсан хүмүүсийн хүсч, зорьж байсан зам биш. Тийм учраас фракцгүй байх нь зүйтэй гэсэн санаачилгыг бараг жилийн өмнө А.Бакей гишүүн бид хоёр бүлэг дээрээ хэлсэн юм. Гэтэл бүгдээрээ фракцгүй болъё гэдэг саналыг дэмжихгүй байгаа. Харин дэмжиж байгаа хүмүүс бол ардчиллын үнэт зарчмыг цаашид хамгаалж явъя гэсэн зорилготой. Эхний ээлжинд УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүн нэгдэхээ илэрхийлсэн. Цаашлаад ҮЗХ-ны нэлээд олон гишүүн зөв зүйтэй санал байна хэмээн дэмжиж байгаа. Энэ санаачилга бол фракц биш. Бид хэн нэг хүнийг эрх мэдэлтэй болгохын төлөө яваагүй.

-Энэ санаачилгыг дэмжиж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд фракцласны үр дүн гарсангүй гэж үзээд таны адилаар фракцаасаа гарч байгаа гэсэн үг үү?

Тийм. Өнгөрсөн хугацааныхаа алдааг хүлээн зөвшөөрч фракцгүй намтай болохын төлөө нэгдэж байгаа гэсэн үг. Ер нь Монголын улс төр ямар ч фракцгүй байх ёстой. Манай АН шиг ил тод зарладаггүй л болохоос бүх нам фракцтай шүү дээ. Засгийн газар байгуулах, зарим сонгууль зэрэг дээр бусад намд фракц байгаа нь тод харагддаг.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж олон хүн хэлдэг мөртлөө эвтэй байлгахын төлөө хичээхгүй байна. Дотроо эв нэгдэлтэй байх юм бол улс орондоо ашигтай олон шийдвэр гаргаж чадна. Ингэж чадахгүй бол гадныхан Монголд орж ирж өөрсдөдөө давуу эрх бүрдүүлнэ, эСвэл Монголд хэн ч орж ирж хөрөнгө оруулалт хийхгүй.