Ц.Оюундарь: АН намайг биш би тэр намыг ашигласан
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарь
2015.03.27

Ц.Оюундарь: АН намайг биш би тэр намыг ашигласан

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Хэдхэн сарын өмнө МҮОНРТ-ийн удирдлагууд өөрчлөгдөж, төсөв танагдаж нэлээд бужигнасан. Асуудал нэг мөр шийдэгдсэн үү. Нөхцөл байдал ямар байна вэ?

Төсөв танах тухайд УИХ-ын шийдсэн асуудал. Намайг томилогдохоос өмнө болж өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор нийт 99 хүнийг цомхотголд оруулахаар МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл шийдвэрээ гаргачихсан байсан. Ер нь Олон нийтийн радио, телевиз гэдэг байгууллага гурван эх үүсвэрээс санхүүждэг. Түүний нэг нь төсвийн дэмжлэг. Төсвийн дэмжлэг тэр чигтээ цалинд зарцуулагддаг. Тэгэхээр 50 хувийн таналт гэдэг нь хүнээ цомхотгох уу эсвэл цалингаа хасах уу гэсэн л ойлголт. Хураамжийн орлого нь контент бүтээх, байгууллага оршин тогтнох үйл ажиллагааны зориулалтаар ашиглагддаг.

Одоо төсвийн дутууг зохицуулах буюу намайг ирэхээс өмнө Үндэсний зөвлөлийн гаргасан 99 хүнийг цомхотгох шийдвэрийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ. Үлдсэн хүмүүст нь байгаа төсвөө яаж хүргэх вэ гэдэг ийм л ажилтай байна. Үүнээс үүдээд бүтцээ шинэчлэх, үйл ажиллагааныхаа зардлыг багасгах зэрэг зардлаа аль болох оновчтой хэмнэх асуудал бий.

Жишээ нь хураамж аль болох зардал багатайгаар хураагдах ёстой. Гэтэл хураамжийг хураахын тулд асар өндөр зарлага гаргадаг байж. Суманд 650, аймагт 850 Улаанбаатарт 1100 төгрөгийг сард хураахын тулд баахан хүн цалин авч айлын хаалга нүдэж явдаг. Тэгсэн хэрнээ хэзээ ч 100 хувь авч чаддаггүй байсан. Харин одоо цахилгааны мөнгөтэй хамт хураах гэх мэт ажлууд хийгдэж эхэлсэн. Бас нийт эфирийн хоёр хувьд сурталчилгаа явуулна гэсэн хуультай.

-Хүн халахад тэтгэмж олгохоос эхлээд хэнийг вэ гэх мэтээр асуудал бий. Ер нь цомхотгол дууссан гэсэн үг үү?

Одоо байгаа Хөдөлмөрийн хуулиар хүн хална гэдэг дор хаяж гурван сарын асуудал болдог. Хамгийн багадаа гурван сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж өгөхөөс эхлээд цаг хугацаа, зардал шаарддаг. УИХ-ын шийдвэрүүд ямар ч судалгаагүй гардгийн тод жишээ нь энэ. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр заагаад арванхоёрдугаар сард баталчихсан. Гэтэл 50 хувийн таналтад тэр байгууллага ямар нэг хэмжээгээр бэлдэх шаардлагатай. Одоо байгаа Хөдөлмөрийн хуулиа ч тооцолгүй УИХ нь сэтгэл хөдлөлөөрөө шийдвэрээ гаргажээ.

Үүнийх нь лай ланчигийг тэнд ажиллаж байгаа хүмүүс, жирийн иргэд үүрдэг ийм гаж тогтолцоо бий болоод удлаа. Тэгэхээр УИХ нь бусад хуультайгаа уялдуулж цаг хугацаа олгодог байх шаардлагатай. Энэ бол заавал засах ёстой систем юм байна. Харин Үндэсний зөвлөлөөс гаргасан хүн цөөлөх шийдвэрийг хэрэгжүүлээд явж байгаа. Үүнээс цааш бүтцийнхээ өөрчлөлтийг шинэчлэлтэйгээ хамт зардалгүйгээр шийдэх чигтэй байна.

-Хүн цөөлөхөөс гаднатанай байгууллагын үйл ажиллагаа хумигдсан байх. Яаж зохицуулж байгаа вэ?

Радио, телевиз гэх байгууллагад ижил төрлийн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Анхнаасаа хоёр өөр байгууллага ч гэлээ хуулиар нэг дээвэр дор нэгдсэн. Тэгсэн ч тусдаа үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тэгэхээр үйл ажиллагааны нэгдэж болох салбаруудаа хамгийн түрүүнд нэгтгэж байгаа юм. Жишээ нь радиогийн найруулагчид бол телевизийн дууны найруулагчтай яг ижил ажил хийдэг. Радиогийн, телевизийн, ММ агентлагийн нэвтрүүлэгчид ч бүгд л ижилхэн.

Дээрээс нь телевизэд киноны дуу оруулагчид гэж тусдаа алба байдаг. Энэ хүмүүс нэг баг болоод нэгдчихвэл ядаж л кинонд дуу оруулах гэж гаднаас жүжигчин хөлслөх шаардлагагүй болно. Энэ тохиолдолд бусад боломж нэмэгдэж байгаа. Мөн орлогоо нэмэгдүүлэх буюу зар сурталчилгааны хоёр хувийн тарифийг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн.

-Нийт 200 гаруй хүн ажлаас нь халжээ гэсэн мэдээлэл байсан. Худлаа гэсэн үг үү?

Хурган дарга гэж яригддаг давхаргынхан эхний ээлжинд ажлаасаа халагдсан байгаа. Яагаад гэвэл хэдэн хүн нэгтгээд нэг дарга, ахлах редактор ч гэдэг юм уу албан тушаал бий болгочихсон байсан. Тэр бүх орон тоо байхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор машин унаанаас эхлээд олон зүйлд хэмнэлт хийгдэж байна. Би саяхан 10 машиныг дуудлага худалдаанд оруулж үндсэн хөрөнгөөс хасууллаа. Үүнийг дагаад засвар үйлчилгээ, бензин, жолоочийн зэрэг зардал хэмнэгдэж байх жишээтэй. Ер нь бол байж болох бүхнийг танаж байна.

-Тэгэхээр МҮОНРТ-ээс цөөнгүй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн гэсэн үг үү?

Тийм. Гэхдээ ажлаар хангах ажлыг давхар бодолцож байгаа. Нэг талаасаа кино инкубатор төслийг санаачлаад байрныхаа ашиглалтыг илүү шахаж өгсөн. Хүн бүр нэг хаалганы цаана биш байхаар болгож суларсан орон зайгаа бие даасан кино продакшнуудад түрээслүүлэх гэрээ хийсэн. Түрээслэгчид мөнгөө төлж чадахгүй бол бидэнд контент нийлүүлэх заалт ч энд тусгагдсан байгаа. Нөгөө талаас бүтээлч хүмүүс нэг дор цуглахаар илүү өрсөлдөөн явагдана гэж үзэж байгаа.

-Таны удирдлага дор шинээр ямар, ямар контент үйлдвэрлэгдэх бол. М.Наранбаатар захирлыг байхад хоёрдугаар суваг бий болсон байдаг?

Ер нь бол хоёрдугаар суваг М.Наранбаатарынх гэхээсээ илүүтэй миний хийсэн ажил. Би МҮОНТ-ийн захирал байхдаа НҮБ-ын үндэстний цөөнх,  хэлний цөөнхөд зориулсан төсөлтэи танилцаад манайд хэрэгжих ёстой юм байна гэж үзсэн. Төслийг гардаж бичээд, хамгаалснаар Телевизийн хоёрдугаар суваг 2011 онд ашиглалтад орсон юм.

Ингэж сувгийн тоог нэмсэн нь нэг эфирт багтахгүй, шахцалдаж байсан тэр их хэрэгтэй контентуудыг оруулах боломж нээгдсэн байдаг. Хоёрдугаарт мэдээллийн энэ их урсгал дотор хүмүүс нэг зүйлийг тогтож үзэх боломжгүй байдаг. Аливаа зүйлийг хүнд хүргэхийн тулд долоон удаа давтах ёстой. Олон улсын жишиг ийм. Бидэнд давталтын суваг шаардлагатай байсан бөгөөд хоёрдугаар суваг маань зорилгоо биелүүлсэн.

Одоо зөвхөн давталт явуулах нь учир дутагдалтай болж аливааг ухрааж үзэх боломж бүрдсэн учраас шинэ контент үйлдвэрлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Мөн программын бодлогын хувьд хоёр суваг маань холилдсон бодлоготой байсан. Жишээ нь хүүхэлдэйн кино, залгаад бүжиг дуу явснаа эрэн сурвалжлах мэдээлэл болж кино руу шилжих гэх мэт. Ийм холилдсон программын бодлогыг өөрчлөөд нэг суваг нь найруулагчийн бүтээлийг гаргаж байх бол нөгөө суваг нь сэтгүүлчийн бүтээлийг гаргадаг байхаар ярьж байгаа.

-Олон нийтийн гэх энэ байгууллага томилгоо нь намын үүрэг даалгавартай байх болсон гэж шүүмжилдэг. Сүүлд хийгдсэн томилгоогоор ч нам дагасан хүмүүсийг сонголоо. Таны хувьд ч ялгаагүй?

Би 1993 оноос хойш телевизийн салбарт байсан. Сүүлийн гурван жил болоод 1998 онд Засгийн газрын хэвлэлийн албанд байсныг эс тооцвол телевизийн хүн. Өнөөдрийн тогтолцоогоор мэргэжлийн мэргэшсэн хүмүүс дагнаад карьерийнхаа өндөрлөгт хүрэх боломж хаалттай байгаа. Яаж ч байсан улс төрийн шат гишгүүр дээр дамжиж байж түүндээ хүрдэг гаж тогтолцоо бий болчихоод байгаа. Яваандаа нөхцөл байдал өөрчлөгдөөд мэргэшсэн мэргэжлийн хүмүүстээ итгэдэг болсон цагт энэ арга барил устах байх.

Түүнээс хөндлөнгийн, цагдаад ажиллаж байсан энэ салбарыг мэдэхгүй хүнийг улс төрийн томилгоогоор авч ирээгүй. Зорилготой хүн зорилгодоо хүрэхийн тулд улС төрийг ашигласан гэж хэлж ч болох юм. Түүнээс биш нам зорилгоо биелүүлэх гэж олон жил явсан гишүүнээ тавиагүй. Тэгэхээр АН намайг бус би тэр намыг ашиглаж зорилгодоо хүрч байгаа юм.

-М.Оюунчимэг, Н.Дэмбэрэл, Д.Энхтуяа, Ц.Оюундарь гээд АН, МАН- ынхан олон нийтийн энэ байгууллагыг хувааж авсан юм шиг?

М.Оюунчимэг бол намашигладгиин сонгодог жишээ. Тэрээр сэтгүүлч байхдаа ерөнхий редактор болох гэж АН-д элсч байсан. Б.Дэлгэрмаа даргаас батлахаа аваад дэвшиж байсан. Дараа нь шат ахих гэж Сү.Батболд дээр очоод МАН-ын гишүүн болсон. Тэгэхээр тэр хүнд шат ахихын тулд зайлшгүй улс төр хэрэгтэй болоод байгаа биз. Түүнээс М.Оюунчимэг унаган телевизийн хүн. Тэгэхээр мэргэжлийн мэргэшсэн хүмүүс намыг ашиглаж карьертаа хүрч байна. Түүнээс нам биднийг ашиглаад байна гэж хэлж болохгүй.

-Ингэж нэгнээ гоочлоод эцэст нь хэрэлдэж суугаад ажлаа хийхгүй юм биш биз гэсэн хар дагах нь дамжиггүй?

Одоогоор манай баг хэрэлдэж хоёр тийшээ харчихаагүй байна. Яагаад гэвэл энэ байгууллагыг яаж оновчтой, зөв зохион байгуулах вэ гэсэн нэг бодлоготой. Мөн бидний дээр Үндэсний зөвлөл гэж бий. Тэд өөр өөрийнхөө шугамаар, өөр өөрийнхөө салбараас олон нийтийг төлөөлж байгаа учраас ард түмний шүүмжлэлийг  хамгийн их сонсдог хүмүүс. Тэд хуралдаа ирээд бидний шинэ бүтцийг батлах гэж өдөржин хяналтаа тавьж хэрүүл хийж байх жишээтэй. Хүмүүсийн хардаад байгаа бүх зүйлээр шүүж шалгаруулаад бидний