Салбараа тоодоггүй сайдууд
"Эдшил" ХХК-ийн Ерөнхий Захирал, Архитектор Ө.Ганболдтой барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Тэрээр барилга архитектор, зураг төслийн чиглэлээр тасралтгүй 35 жил ажиллаж байгаа ажээ.
- Зураг төсөлгүйгээр ямар ч агуу барилгыг барьж чадахгүй. Ингэхэд макро эдийн засгийн хямрал зураг төсөлчдөд нөлөөлж байна уу?
Нөлөөлөлгүй яах вэ. Нийтдээ улсын маань эдийн засаг саарч, барилгын салбарт хөрөнгө оруулалт багассан болохоор ажил татарчээ. Манай зураг төслийн компаниуд ажлын ачаалал бага байх шиг байна. Дууссан ажлынхаа төлбөрийг авч чадахгүй, татвараа төлж дийлдэггүй, бартердаж эхэлсэн.
Манайд чинь зарим захиалагч нар зураг төслийн үнэ цэнэ, ач тус, зайлшгүйг нь бүрэн ойлгодоггүй болохоор барилгаа бариад байгаа мөртлөө зургийнхаа төлбөрийг унжаад байдаг нь хэцүү.
-УБ хотын төвд барилга барих зайгүй болсон учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг идэвхитэй ярьж эхэллээ. Архитектор хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Гэр хороолол руу дахин төлөвлөлт оруулж эхэлж байна. Энэ ажлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ аргацаасан ажил болох байх гэж би санаа зовдог. Олон учир шалтгаан байна. Цөөхнийг дурьдвал:
Нэгд, Газрын эрх зүй, хуулийн орчин нь хот төлөвлөлтийн хувьд цагаа олоогүй, буруу явчихсан. Хотын ирээдүйг бодоогүй, популист аястай,
сонгуулийн шоу болгосон л доо. Өөрөөр хэлбэл хот суурин газарт газрыг өмчлөх бус, тодорхой нөхцөл бүрдэж төлөвлөлт хийгдтэл эзэмшүүлэх зарчимаар хуулчлах байсан юм.
Хоёрт, Нэгэнт төлөвлөлтгүй, замбараагүй бий болсон, тэгээд өмчилсөн суурьшлийг үнэ хаялцан авч эмх цэгцтэй хотхон, хороолол болгох нь Хэрэгуүүлэгч компаниудад маш хэцүү. Ёстой “ажилгүй суухаар” л гэж компаниуд үзэж байх шиг байна. Өртөг өндөр болох тул хэрэгжүүлэгч компаниуд хам хум төлөвлөлттэй, тааруу барилгууд барих магадлалтай.
Гуравт, Дахин төлөвлөлтийн ажил олон, ярвигтай бүрдэл хэсэгтэй. Үүний дотроос, уул нь хамгийн чухал нь төлөвлөлт, зураг төслийн ажил юм. Бусад нь бол зүгээр л гүйцэтгэх, хөөцөлдөх ажлууд шүүдээ. Үүнийг одоохондоо талууд гүйцэт ойлгохгүй байна. Барилгын ажил эхэлмэгц юмуу эсвэл хүмүүс амьдарч эхэлснээс хойш мэдэрч эхлэх байх.
Компаниуд маань аргагүйн эрхэнд яаж шатахгүй, ашиг ахиу унагах вэ гэсэн бодлого барьж таарна. Ер нь бол хот төлөвлөлт гэдэг утгаараа “мөнх орших” хороололыг шийднэ гэж төсөөлөх хэрэгтэй. Товчхондоо, дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хэн санхүүжүүлж, аль компани хийхэв, ямар шалгаруулалтын тогтолцоо байх вэ гэдгийг өөрөөр шийдэх байсан.
Яг ийм нөхцөлд япон хүн эсвэл оросууд, хятадууд өөр маягаар зохион байгуулах байсан байх. Би өөрөө төлөвлөлтөн дээр суудаг хүний хувьд хэлэхэд цэгцтэй төлөвлөлт хийж болдоггүй, маш хэцүү. Тэгээд, эдгээр төслүүд болон барилга, хот төлөвлөлтийн бүтээлүүдийн Зохиогч (буюу Автор гэж бас нэрлэдэг) нь чухам ямар компани эсвэл хэн гэдэг Архитектор вэ гэдэг нь далд байдаг учраас муу төлөвлөлт хийчээд нуугдаад байх боломжтой.
Энэ буруу хэрэг л дээ. Сайн ч, муу ч авторынх нь нэр нийтэд сонсогдож байвал хариуцлага, нэр хүнд нь дээшилж доошилж байх сайн талтай.
Өнөөдөр, ер нь цаашдаа Хотын Дарга хүн суурин амьдрал хот төлөвлөлтийн маш нарийн мэдрэмжтэй хүн байх ёстой гэдгийг бүх нийтээрээ ойлгомоор байгаа юм. Яагаад гэвэл нийслэлийн маань 100, 500 жилийн дараах ирээдүй ямар цэгцэнд орох нь мэрэгжлийн хүмүүсээс биш энэ хүнээс шууд шалтгаалж байна.
Бусад, урсгал асуудлуудыг бол тэр Менежер, Орлогч нар шийдчихнэ. Хотын ирээдүй гэж юуг хэлэх вэ гэдгийг хүмүүс янз янзаар тайлбарлах байх яагаад гэвэл манайхан сайн ойлгоогүй байгаа. 200 жилийн дараа Улаанбаатар хотын юу нь үлдэж юу нь үгүй болох вэ гэхэд л ойлгогдоно. Чи түрүүн өнгө төрх гэх шиг болсон.
Хотын өнгө төрх бол ерөөсөө асуудал биш. Яаж ч өөрчилж болно, хүнээр бол ямар хувцас өмсөх вэ гэдэгтэй ижил.
-Зураг төслийн салбарт өөр ямар хүндрэл байдаг юм бэ. Захиалагчдаа зургаа хүлээлгэж өгчихөөд л санаа амар сууж байдаг хүмүүс юм уу?
Асуудлууд байна...
Нэгд: Боловсон хүчин. 2000 оны үед боловсон хүчин дутагдалтай байсан бол одоо тооны хувьд бараг хэтэрсэн. Монголын Архитекторуудын Эвлэлээс мэдэгдэж байгаагаар 1000 хүнд ноогдох архитекторуудын тоогоор манайх дэлхийд тэргүүлж байгаа гэсэн. Харин туршлага, ур чадвар, хариуцлага, холбогдох албан тушаалтнуудын томилгоо үнэхээр асуудалтай байгаа. Би энд зөвхөн архитекторуудын тухай ярьж байна. Барилгын бусад мэрэгжлийн хүмүүсийн хувьд жаахан өөр.
Архитектор хүн бол барилга, бүтээн байгуулалтын салбарт хүлээх үүрэг, шаардлагаараа түрүүнд нь явах болдог, дэлхий даяар шүү. 3 жил ажилласан архитектор залуу буруу ч бай зөв ч бай нэг зураг хийхэд 40 жил ажилласан инженерүүд түүнийг нь дагаж зурдаг. Бүр, улс орны олон тэрбум төгрөг ч түүний шийдсэнээр зарцуулагддаг.
Тэгэхээр энэ мэрэгжлийн хүмүүсийн мэдлэг, ур чадвар маш чухал байна биз? Энийг анзаарахгүй бол чимээгүй тонуул хийгддэг гэсэн үг. Тэр, сургуулийн диплом, магадлал, экспертиз, тусгай зөвшөөрөл утгаа алдсан байгаа. Шинэ сайдад хийх, шийдэх ажил их байндаа.
Монголын Архитекторуудын Эвлэлээс мэдэгдэж байгаагаар 1000 хүнд ноогдох архитекторуудын тоогоор манайх дэлхийд тэргүүлж байгаа гэсэн.
Хоёрт: Төр, засгийн байгууллагууд. Ажил гүйцэтгүүлэхээр төрийн өмнөөс харьцдаг болон зураг төслийг хянадаг, баталгаажуулдаг байгууллагуудын албаны хүмүүсийн туршлага тааруугаас болж том алдаа гарах, хот нийгэмд хохирол учруулах явдал элбэг. Тэгснээ, зарим нэг ач холбогдолгүй, үл шалих зүйлээр цаг, ажил уяж, хөрөнгө оруулалт саатуулдаг зовлон байна.
Иймэрхүү байдал залуу албан тушаалтнууд дээр их ажиглагддаг. Аливаа асуудлын цаад үндэслэл, нийгэм эдийн засгийн учир шалтгааныг мэддэггүй учраас цөөхөн өгүүлбэр суулгасан автомат хариулагч мэт ажилладаг нь харамсалтай байдаг.
Надад, Америкд удаагүй ч иймэрхүү ажил яаж явагддагийг газар дээр нь анзаарч байсан тохиолдол бий. Тэнд бүх ажлын байр, албан тушаалтнуудын дүрэм, тодорхойлолт төгс байдаг учраас ингэж автомат шиг ажиллах боломжтой санагдаж байсан. Манайд болохоор болоогүй байна.
Гуравт: Эдийн засаг, ашиг орлого. Энэ асуудалд нийгмээрээ орчихсон болохоор хэнд ч сонин биш болж байна. Манай онцлог гэвэл Монгол улсад бий болсон цорын ганц зохион бүтээх салбар л даа. Бид чинь гутал хувцас, ширээ сандлыг мэтийг эс тооцвол цаасан дээр зохиогоод эд баялаг болгодог өөр салбар байхгүй, хэрэглэгч орон. Манай ажил, бүтээл биетээр бол ердөө цаас байдаг.
Зураг, бүтээл болгон өөр өөр, ажил бүрийг шинээр хийдэг онцлогтой. Цаас байхад нь хүн сайн ойлгохгүй, барилга болсны дараа, хэрэв муу болбол ойлгодог талтай. Энэ ажлын мөн чанар, үнэлэмжийг ойлгохын тулд “гайгүй толгой” хэрэгтэй. Энэ онцлогоос болоод үнэлгээ, хуваарилалт, төлбөр, татвар гээд олон асуудал бий, энэ талаар яриад дэмий биздээ.
-Барилгын хууль гурван жилийн хугацаанд өөрчлөгдөнө гээд боловсруулагдаад л байгаа. Газрын багц хууль Иргэний танхим дээр олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буцаагдсан. Яагаад ингэж их удаад байдаг юм бол оо?
Миний л мэдэхээрдөрөв таван жил болж байна. Учраа олохгүй, үзэл баримтлалаа тодорхойлж чадахгүй, гадаадын загваруудыг судлаад юуг нь авч юуг нь орхихоо мэдэхгүй байгаагаас ингэж байгаа байх. Бид ч саналаа өгөхдөө хойрго, тэгээд оролцож байгаа хүмүүс нь бүгд өөр өөр ойлголттой хэцүү юм билээ.
Манай салбарын үе үеийн сайдууд олигтой ажиллаагүй, бүгд мэргэжлийн бус. Фортуна Б.Батбаяр, женко Х.Баттулга, Цолмон Ц.Баярсайхан нарыг харахад бүгдээрээ ажлаа тааруу хийсэн.
Удсан ч зөв л хууль болбол яахав. Манай салбарын үе үеийн сайдууд олигтой ажиллаагүй, бүгд мэргэжлийн бус. Фортуна Б.Батбаяр, женко Х.Баттулга, Цолмон Ц.Баярсайхан нарыг харахад бүгдээрээ ажлаа тааруу хийсэн.
Бүтэц, томилгоо ч юмуу ямар нэгэн юм өөрчлөөд жаахан мөрөөдлөө ярьж худлаа тайлагнаж, тууз хайчилж байгаад л солигддог доо. 100 хувь харлуулахгүй, оносон нь бас бий. Одоогийн Сайд яах нь тодорхойгүй байна.
-Зураг төслийн норм дүрэм стандарт нь орчин үеийнхээ шаардлагад хэр нийцэж байна вэ. Тухайлбал орон сууцны метр квадратын асуудал дээр иргэд, компанийн хооронд их маргаан үүсдэг юм билээ?
Асуудлууд бий. Стандарт норм, дүрмүүд дотроо олон төрөл байдаг. Байгалийн хуульд тулгуурласан хатуу заалтууд, цаг үе, уламжлал соёл, эдийн засаг, байгаль орчин, эрүүл ахуй гээд олон хүчин зүйлд тохируулсан зөвлөмжийн шинжтэй гэх мэт. Ихэнх нь социализмын үеээс уламжлагдаж ирсэн.
Ерөнхий тогтолцоо, зарим дүрэм стандарт нь төгс болоогүй ч гэсэн бид ажилдаа, амьдралдаа тааруулаад явж байна. Харин хотын барилгажилтын өнөөгийн нөхцөл байдал шал өөр болж, хот төлөвлөлтийн дүрэм хуучирчснаас Улаанбаатар хот маань их хохирол амссан.
Ямар хохирол вэ гэвэл тусдаа асуудал, харин дүрмээ яаралтай шинэчлэх хэрэгтэй байгаа. Шийдэх ёстой мэрэгжлийн, олон асуудлууд бий.
Дүрэм, стандартай холбогдуулаад 2 жишээ хэлье.
Манай зарим Сайд шинээр томилогдож ирээд Канадын эсвэл Евростандартыг нэвтрүүлнэ гээд шоудаж байсан. Энэ нь барилгын норм дүрэм, стандартын учир начирыг сайн ойлгоогүй, улс орныхоо онцлогыг анзаардаггүй, мэргэжлийн хүмүүсээ сонсдогүй гэдгээ харуулчихдаг.
Авч ашиглах зүйл байлгүй яахав, гэхдээ онол, суурь үндэсээ өөрчлөх маш хэцүү. Иймээс улс төрчдийн худлаа ярьдагийг багасгамаар санагддаг юм.
Дараа нь орон сууцны талбайн стандарт байна. Энэ стандарт нь төвлөрсөн эдийн засгийн үеийн дүрмийг хуулаад хийчихсэн учраас нийгэм, олон нийтийн дунд бөөн маргаан үүсгэдэг. Барилгын компаниуд, Шүүх, ШӨХТГ-ынхан хамаг цагаа бардаг.
Юу гэхээр энэ стандартаар айл доторх даацын бус, хамар ханын эзлэх талбайг тухайн айлын талбайд оруулдаггүй. Хамар ханыг бараг тавилгатай адилтгаж болно. Ямар ч логикоор бодсон тэр талбай чинь тухайн айлын талбай шүү дээ. Зах зээлийн бүх орнууд ийм зарчмаар өгөлцөж авалцдаг.