Хот бол сонгодог оршихуйн эхлэл юм
Манай оронд хүн амын суурьшлыг орд, өргөө, хүрээ хэмээн нэрлэж байгаад 1924 онд хот гэх болж, түүнийг хуульчилжээ.
Хүн төрөлхний соёл иргэншлийн сонгодог оршихуй бол хот юм. 200 гаруй жилийн өмнөөс хотын үүсэл, хөгжлийн онол, практикийг Хот судлал хэмээх шинжлэх ухаан судалж иржээ. Хотын хөгжил, газар ашиглалт, төлөвлөлт, байгуулалт, барилгажилтын чиг баримжаа, практик байдлыг олон эрдэмтэд дэлхийн хотуудын жишээн дээр судалж, олон бүтээл туурвижээ.
Одоогоос 9000 жилийн өмнө анхны хот Иерхон байгуулагдсан гэж үздэг ажээ. Эртний Грекийн хот улс - Полис нь орон зайн хувьд бус улс төрийн тогтолцоогоор тодорхойлогддог байсан бөгөөд айл өрхийн эдийн засгийн хараат бус байдал, газар эзэмшил, эрх тэгш байдал болон улс төрийн бие даасан удирдлагатай байх зарчим дээр тулгуурлаж байв.
2000 гаруй жилийн өмнө байгуулагдсан эртний түүхтэй Лондон хот өнөө үед хотын хурал болон хотын даргыг өөрсдөө сонгодог удирдлагын хэлбэртэй, муж болтлоо хүрээгээ тэлсэн мегаполис болж өсөн
Дэлхийн хүн ам 7 тэрбумын босгыг давж, дэлхийн дээд даацын чадварт улам ойртсоор байна
хөгжсөн байна. Лондон хот 1191[1] оноос эхлэн Лорд Мэртэй байжээ. Өнөөгийн Лондон хотын Захирагч нь хотыг хэтийн чиглэлтэй хөгжүүлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд өөрийн үйл ажиллагааг чиглүүлдэг байна. Их Лондонгийн Удирдлагын тухай хууль 1999 онд батлагдаж, Лондонгийн Захирагч болон Чуулганы эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоожээ. Их Лондонгийн Зөвлөл нь анх 1986 онд байгуулагдаж, 2000 оноос чуулган болж өөрчлөгджээ. Лондон хот нь долоон сая байнгын оршин суугчидтай ажээ.
Гэтэл Чаньань 850 онд, Эдо (Токио), Стамбул 1700 онд, 1800 онд Лондон сая гаруй хүнтэй байжээ. Манай Улаанбаатар хот 2008 онд 1031,2 мянган оршин суугчидтай болж, дэлхийн саятан хотуудын эгнээнд шилжсэн билээ.
Хотын хөгжлийн түүхийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн хот, аж үйлдвэржилтийн эрин үеийн хот, модернизмын үеийн хот, даяарчлалын үеийн хот гэсэн үе шатаар авч үзэж байна. Аж үйлдвэржилтийн эрин үе нь дэлхийн хотжилтод шинэ шилжилт хөдөлгөөнийг бий болгосон байна.
Үүний нөлөөгөөр Европод олон хотууд үүсчээ. 2000 он гэхэд дэлхийд 2000 том хот бий болжээ. Дэлхийн хүн ам 7 тэрбумын босгыг давж, дэлхийн дээд даацын чадварт улам ойртсоор байна (carrying capacity – 10 тэрбум)[2].
Дэлхийн хотуудын үүсэл, хөгжил нь тивээр ялгаатай боловч бидний хувьд Европынх илүү сонирхол татдаг нь манай Улаанбаатар хот европ-азийн хосолмол хэв маягтай хөгжиж буйтай холбоотой билээ.
Монгол оронд хотжих үйл явц харьцангуй хожуу эхэлж, алгуур хөгжиж иржээ. Өнгөрсөн зууны эхэнд Монгол Улсын гол томоохон суурьшил нь нийслэл Хүрээ, Улиастай, Ховд, Хиагт, Вангийн хүрээ, Улаангом болж байв. Энэ байдал 1950-иад он хүртэл үргэлжилж 1956 он гэхэд нийт хүн амын 78 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байлаа. Тэр үед хүн амын 14 хувь нь нийслэл Улаанбаатарт оршин сууж байсныг тоо баримт нотлож байна.
Хүн амын жилийн дундаж өсөлтийн хурдыг тооллого явагдсан онуудаар авч үзвэл: 1956-1963 онд хамгийн өндөр буюу 9.5 хувь, 1963-1969 онд 3.0 хувь, 1969-1979 онд 4.2 хувь, 1979-1989 онд 3.1 хувь, 1989-2000 онд 3.0 хувь, 2000- 2010 оны хооронд 3.9 хувь, 2010-2013 оны хооронд 3.2 хувиар тус тус өссөн байдаг[3].
Нийслэлийн Статистикийн газрын судалгаанаас үзэхэд, сүүлийн жилүүдэд хүн амын төрөлт нэмэгдэж, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо тогтвортой байгаагаас шалтгаалан хотын хүн амын өсөлтөнд ердийн өсөлтийн эзлэх хувийн жин нэмэгдсээр байна.
2000 онд шилжих хөдөлгөөний цэвэр коэффициент буюу 1000 хүн ам тутамд ногдох механик өсөлт 25 байсан нь ердийн хөдөлгөөний цэвэр коэффициент буюу 1000 хүн ам тутамд ногдох ердийн цэвэр өсөлтөөс бараг 3 дахин их байсан бол 2013 оны байдлаар 1000 хүн ам тутамд ногдох цэвэр өсөлтийн түвшин механик өсөлтийн түвшнөөс 1.7 дахин илүү болсон байна.
Хотын хүн ам (оршин суугчид)-ын тоо өсөхийн зэрэгцээ хүн амын дундаж наслалт нэмэгдэж буй нь сайн үзүүлэлт юм. Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 70.65 болж, өмнөх оноос 0.4 жилээр уртасжээ.
Хот өөрийн онол, зүй тогтол, сонгосон загварын дагуу хөгждөг болохыг олон орны эрдэмтэд, судлаачид тогтоож, энэ нь хотуудын хөгжлийн практикаар нотлогджээ. Хөгжсөн болон хөгжиж буй хотуудын туршлагаас үзэхэд, хотууд хот судлалын ололтыг бодлого, стратеги, үйл ажиллагаандаа өргөн хэрэглэж, энэ нь эерэг үр нөлөө үзүүлсээр байна.
Практик нь онолоос зөрснөөр хүндрэл бэрхшээл үүсдэг аж. Ийм байдал томоохон хотуудын өсөлтийн үед тохиолдож байжээ. Улаанбаатарын хувьд ч мөн адил. Үүнийг менежментийн бүхий л түвшинд ухаарах цаг болсон байна. Саятан хотын асуудлын зохицуулалт нь үйл ажиллагаанаас аль хэдийнээ давсан байна. Иймээс онолд суурилсан бодлогоор зохицуулах шаардлагатай болж байгаа тул хотын хөгжлийн онолын талаар ярих нь зүйтэй. Хот судлалд хотын хөгжлийн нилээд онолыг нээн ашиглаж байгаа ч юуны өмнө дараах гурван онолыг чухалчилж байна. Үүнд:
1) Өсөлтийн онол
2) Байршлын онол
3) Агломерацийн онол
Шилжилт хөдөлгөөн болон суурьшлаас эхтэй хотын хөгжих үндсийн үндэс нь оршин суугчдын тоо юм. Оршин суугчид нэмэгдсэнээр зах зээл өргөжиж, эрэлт бий болдог бөгөөд энэ нь нийлүүлэлтийг өдөөдөг байна. Ийм замаар хөгжил өрнөх бөгөөд оршин суугчдын тоо өсөх хоёр суваг байдаг. Нэгдүгээрт, хүн амын ердийн өсөлт, хоёрдугаарт, механик өсөлт буюу шилжилт хөдөлгөөн юм.
Эдгээрийн дүнд бий болсон өсөлт нь хотын бэрхшээл биш, харин түүний давуу тал болдог аж. Улс, хотын менежерүүд өсөлтийн онолыг мөрдлөг болгон оршин суугчдын тооны өсөлтийг бодлого, урамшуулалын хөшүүргээр дэмжиж, бэлтгэгдсэн суурьшилд байршуулахаар төлөвлөлт, бүртгэл, татварын гэх мэт олон аргаар зохицуулах үүрэгтэй байдаг. Эндээс, шинэ хүн, шинэ нэгжийг дэмжих, харин байршил суурьшлыг нь төрөөс зохицуулах гэсэн дүгнэлт урган гарч байна.
Хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн байгууллагаас бэлтгэж буй “төрөөс хот байгуулалтын талаар 2020 он хүртэл баримтлах бодлого” хэмээх баримт бичгийн төсөлд: “Монгол Улс хүн амын нутагшилт, суурьшлын хэлбэрийн хувьд 1920-иод оныг хүртэл бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдлийн соёл иргэншлээр явж ирсэн бол социализмын үед засаг захиргааны шинэ бүтэц зохион байгуулалтад орж, нийслэл Улаанбаатар болон аймгийн төв хотуудыг чиглэсэн хотжилт эрчимтэй явагдаж, суурин амьдралын хэлбэрт шилжих болсон.
Улмаар 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжсэнээр хөдөөнөөс хотыг, тэр дундаа Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж, хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй нийгэм-эдийн засаг, экологийн сөрөг үр дагаврууд хяналтаас гарах түвшинд хүрч, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж байна” гэж дүгнэсэн байна.
Эндээс юу харагдаж байна вэ?
1) Хүн амын хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг олон орны эрдэмтэд, судлаачид ХАА-г хөгжүүлэх, хөдөө дэх ядуурлыг бууруулах 5 стратегийн нэг гэж үздэг. Гэтэл Монгол улс дахь 2000-аад оны шилжилт хөдөлгөөн нь бодлогоор өрнөв үү, эсхүл урсгалаар явагдав уу гэдэг нь тусгайлан авч үзэх асуудал юм.
2) Хотын оршин суугчдын тоо өссөн нь хотын хөгжлийн үндэс, бас давуу тал нь мөн гэдгийг бас үгүйсгэх хэрэггүй юм.
3) Нийгэм-эдийн засгийн, экологийн сөрөг үр дагаварууд хяналтаас гарах түвшинд хүрсэн нь зөвхөн шилжилт хөдөлгөөнөөс хамааралтай юу? Хэт төвлөрлөөс үүдэн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдаж байна гэсэн нь хийсвэр бөгөөд үндэслэл муутай дүгнэлт байж болох талтай. Бид нутагшил, суурьшлын ерөнхий схем боловсруулах, мөрдөх асуудлыг улсын болон бүсийн хөгжлийн шинэ чиг хандлага, нутаг дэвсгэр-үйлдвэрлэлийн цогцолбор төвүүдийн үүсэл, хөгжилтэй холбон үзэх шаардлагатай байна.. Үүнийг эхлэн хийхгүйгээр, мөн түүнчлэн хотын тэлэлт ба агшилт, тэдгээрийн урсгалуудын асуудлыг авч үзэхгүйгээр “хэт төвлөрөл” гэж ярих нь төдийлөн оновчтой биш.
Эцэст нь онцлоход, шилжилт хөдөлгөөнийг муу муухай бүхнийг чихэх “хогийн уут” мэт болгох хандлага нь маш буруу ойлголт бөгөөд үүний улмаас бодлогын алдаа гарч, түүнийг засч залруулахгүй явсаар өнөөг хүрлээ.
Өсөлтийн онолтой бүх талаараа холбогдон үйлчлэх онол нь байршлын онол юм. Орон зайн болон эдийн засгийн төлөвлөлтөөр оршин суугчид, хуулийн этгээдийн байршил суурьшлыг зохицуулдаг. Орон зайн хувьд ч, үр ашгийн хувьд ч байршил онцгой үүрэгтэй. Байршлын ашгийн талаар хотын эдийн засаг судлалд нарийвчлан авч үздэг. Аливаа хотын хөгжлийн явцад тохиолдсон бэрхшээл хүндрэлийг гэтлэн давах гол арга нь байршил сууршлын зохицуулалт бөгөөд энэ аргыг дэлхийн олон хот практикт өргөн хэрэглэж иржээ. Жишээлбэл холоос Лондон, ойроос Сөүл байна. Улаанбаатарт тохиолдсон шиг бэрхшээлүүд дэлхийн хотуудад ч мөн байсан байдаг. Хотын хөгжилд тохиолдсон бэрхшээлийг гэтлэн давах замаар урагшилдаг. Бид ч энэ зүй тогтлоор замнаж явна.
Бэрхшээл тохиолдох нь нийтлэг зүйл бол түүнийг даван туулах арга нь ч бас нийтлэг гэж хэлж болно. Хотууд бэрхшээлийг салангид байдлаар шийдвэрлэх оролдлого үр дүн өгөхгүй болохоор цогцоор нь шийдэх аргыг хэрэглэж иржээ.
Улаанбаатарын хувьд 7 бэрхшээлийг тус бүрт шийдэх гэж оролдож, цаг хугацаа алдаж, хөрөнгө үргүй зарцуулагдаж байгааг анзаарахын зэрэгцээ үүнийг шийдвэрлэх гарц нь шинэ хот байгуулах, дагуул хот, тосгоныг түлхүү хөгжүүлж, оршин суугчид, хуулийн этгээдийг тэдгээрт байршуулах замаар цогцоор шийдэх асуудал байх бүрэн үндэслэлтэй.
Шинэ хот, дагуул хот, тосгон нь төв хоттойгоо засаг захиргаа, эдийн засаг, соёл, хүн ам зүйн болон нийтийн тээврийн нэгдмэл тогтолцоотой хөгждөг. Ийм хамаарлыг агломерацийн хамаарал буюу агломерацийн
онолоор тайлбарлана. Хотууд нь бие биенээ нөхөж, дутуугаа дүүргэж, “дундуур дүүрэн” зарчмаар урагшилна.
Аливаа хот нь хот байгуулалтыг оршин суугчдын өргөн оролцоотойгоор гүйцэтгэх нь хотын хөгжлийн зүй тогтолын нэгээхэн хэсэг юм. Хөгжих явцдаа нэгдүгээрт, хүчин зүйлст тулгуурлах, хоёрдугаарт, үр ашигт тулгуурлах, гуравдугаарт, инновацид тулгуурлах гэсэн үе шатыг дамждаг бөгөөд тухайн үе шат бүрт тохирсон бодлого, арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.
Өнөөгийн Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэлийн үүргээ чанд биелүүлж, дэлхийн томоохон хотуудын эгнээнд багтан орж, саятан хот болон өсч дэвжжээ. Томоохон хотуудад тохиолддог бэрхшээлтэй хот маань мөн тулгарч, түүнийг шийдвэрлэхээр олон оролдлого хийж буй боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байна.
Одоо бид дэлхийн хотуудын сайн практикаас санаа авсан, шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хотын оршин суугчид, хуулийн этгээдийн байршил суурьшлыг зохицуулах бодлогыг харьцангуй урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс дээшлүүлж, хүндрэл бэрхшээлийг цогцоор шийдэж, моно төвт хотын тогтолцоо бүрдүүлж чадна өөдрөг бодолтой байна.
Зорилтот өөрчлөлтөд хүрэхийн тулд хотод урт хугацааны стратеги шаардлагатай бөгөөд түүнийг хотын харилцан уялдаа бүхий 3 гол функц гэж нэрлэдэг газар ашиглалт, дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, байршил суурьшлыг зохицуулахад чиглэгдэнэ гэсэн төсөөллөө уншигч танаа толилуулж байна.
Хотын эрх зүйн орчин хөгжлийн өнөөгийн шаардлагаас хол хоцорсон байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлаад 21 жил болсон боловч уг хуулийг бүү хэл, түүний нэг ч заалтыг амьдралд хэрэгжүүлсэнгүй. Хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй хутгаж, менежмент хэрэгжүүлэгч нь өөрийн үүргийн зааг ялгааг ч олохоо байжээ. Хотын захирагчийн үүрэг алсарч, шийдвэр гаргах эрх нь доод шатны этгээдэд шилжүүлсэн байдалтай байна. Үүнийг засахгүй бол хотын цаашдын хөгжилд улам их саад болох болно.
Хотын байгууламж, хот бүрдүүлэгч салбаруудын тухай ойлголтыг улам баяжуулах, ялангуяа дэд бүтцийн талаархи хэвшмэл ойлголт, үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй байна. Улсын хөгжлийн өнөөгийн шатанд дэд бүтцийг хөдөлмөрийн, аюулгүй байдлын болон мэдээллийн дэд бүтэцгүйгээр төсөөлөх аргагүй. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулахдаа энд дурдсан санаануудыг судлан үзэхийг санал болгож байна.
Түүнчлэн газрын, нутаг дэвсгэрийн бүсчлэлийн, дахин төлөвлөлтийн, хотын албан татварын гэх мэт олон хуулийг батлан мөрдүүлэх нь хотын хөгжлийн амин асуудлуудын нэг мөн. Алгуурлавал хот өмнөхөөс илүү их хохирол амсах болно.