Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд энэ жил 14379 хүн орон сууцанд орно
Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин тэлүүлэхгүй байх бодлогыг хотын удирдлагууд барьж байна. Нийслэлийн иргэн болохын тулд Улаанбаатарт байртай, эсвэл өрөө түрээсэлдэг байх шалгуур тавих ажээ.
Ингэж нэг ч айлын хашааг нэмж хатгуулахгүй байснаар гэр хорооллыг дахин төлөвлөж, хурдан барилгажуулах боломжтой гэдгийг хотын дарга Э.Бат-Үүл өчигдөр хэллээ. Албаны хүмүүсийн гаргасан судалгаагаар, Улаанбаатарт өдөрт 60-70 хүн шинээр суурьшиж байгаа ажээ.Энэ нь өмнөх хоёр жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Хотын хүн ам өсөхийн хэрээр тэдэнд амьдрах байр, зорчих зам, эрүүл агаар, ажлын байр, эмнэлэг, сургууль дутагдаж байна.
Үүнийг шийдэх хамгийн гол гарц бол өнгөрсөн жилээс эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт. Өвөл зунгүй гал түлж агаар бохирдуулдаг, нүхэн жорлон ухаж хөрс бохирдуулдаг байдлаас гэр хорооллын иргэдийг аврах гарц нь ч энэ. Иймээс хотын захиргааныхан томоохон компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлаж, иргэдийн санал асуулгаар компаниудыг тодруулсан юм.
Энэ онд 14379 хүн орон сууцандаа орно.Одоогийн байдлаар нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт эхлээд байна. Тухайлбал, “Монгол дайван” компани Сонгинохайрхан дүүргийн XXX хороо, “Хера пропертийз” компани тус дүүргийн V, VI, VII хороо, “Назу проперти” компани X хороог дахин төлөвлөж байгаа. Харин “Өндөр Буянт холдинг” компани Чингэлтэй дүүргийн IX, X хороо, “Асар өргөө” компани Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хороо, “Асар өргөө”, “Буурал Сутай” компани Чингэлтэй дүүргийн XIII, XV хороо, “Цэлмэг Ази” компани Сүхбаатар дүүргийн XV хороо, “Баганат өргөө” компани Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны “А” блокыг дахин төлөвлөж байгаа юм.
Үүнээс гадна “Гангар инвест” компани БЗД-ийн VIII, XVI хороо, “Гранд лайн” компани тус дүүргийн XII хороо, “Моннис урбан девелопмент” компани XIII, XIV хороо, орон сууцны XIV хороололд дахин төлөвлөлт явуулж байна. “Бэрэн Групп”-ийн хувьд СБД-ийн IX, X, XI, XII хороонд дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын хэлж буйгаар, дахин төлөвлөлтийн ажлыг хийснээр энэ онд 4793 өрхийн 14379 хүн орон сууцанд орох юм. Үүний хүрээнд 720 хүүхдийн багтаамжтай дөрвөн цэцэрлэгийг шинээр барих ажээ.
Жилийн дотор 4000 орчим айлтай дахин төлөвлөлтийн гэрээ хийсэн
Улаанбаатарт өрнөж буй гэр хорооллын дахин төлөвлөлт аль ч улсад байгаагүй өндөр хурдаар урагшилж буй өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцоллоо. Тэрээр, “Токиод 7.6 га газрыг дахин төлөвлөхийн тулд нэгэн компани газрын эзэдтэй 12 жил зөвшилцөж байж гэрээ хэлэлцээр хийсэн. 50 тэрбум ам.долларын хөрөнгийн эргэлттэй тус компани гэрээ байгуулсныхаа дараа дөрвөн жилийн дотор Токиодоо л жишиг хорооллыг босгож чадсан.
Харин Сөүл хотод манай Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газрын байрных шиг талбайг дахин төлөвлөхийн тулд гурван жил иргэдтэйгээ хэлэлцээр хийсэн байдаг. 10 айлын газрыг чөлөөлүүлэхийн тулд гурван жил тохиролцсон байгаа юм. Сөүл хотод хүн амын төвлөрлийг бууруулахын тулд хамгийн хямд үнэтэй байр бүхий таван дагуул хотыг бий болгосон. Ингэснээр гэр хороолол багасч, хүмүүс нь дагуул хотууд руу шилжиж эхэлсэн. Харин Лос-Анжелест дахин төлөвлөлт явуулах гэхэд нь иргэд өмчийн газраа өгөхгүй гэсэн тул дахин шинэ Лос-Анжелесийг бий болгосон түүхтэй.
Харин бид 7.6 га газрын эзэдтэй биш 3000-4000 айлын эзэнтэй тохиролцож гэрээгээ хийсэн. Энэ жил л гэхэд нийслэлийн хэмжээнд нийтдээ 11 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах гэж байна. Дахин төлөвлөлт ийм хурдан явж байгаад гаднынхан гайхаж байна. Үнэндээ гайхах зүйлгүй. Гэр хороололд амьдарч байгаа иргэд бүгдээрээ л сайхан орчинд амьдрахыг хүсч байгаа шүү дээ. Компаниуд газрын эзэнтэй үнэ хөлс, өртөг зардлаа тохироод гэрээ хийнэ. Газрынх нь оронд орон сууц, ажлын байр гаргаж өгнө.
Нүүлгэх, барилга ашиглалтад орох хүртэл амьдрах түрээсийн байрных нь төлбөрийг ч төлж өгч байгаа. Харин бид болон мэргэжлийн хяналтынхан иргэдийн эрх ашгийг хамгаалж, байр, дахин төлөвлөлтийн ажилд хяналт тавих үүрэг хүлээж байгаа. Гэхдээ зарим газарт дахин төлөвлөлт зогсоод байгаа” гэв. Гандан орчмыг хамгийн түрүүнд төлөвлөх байсан ч болсонгүй Төрөөс давуу эрх олгосон байлаа ч иргэдэд нэгэнт өмчлүүлсэн газарт эзэд нь зөвшөөрөхгүй байхад компаниуд халдаж болохгүй. Хотын захиргааныхан ч тэр.
Гэсэн хэдий ч зарим компани иргэдийн газрыг авахаар улайрч, тэдэнтэй хэрүүл тэмцэл өрнүүлж байгаа гэсэн мэдээлэл хотын захиргаанд иржээ. Мөн зарим иргэн дахин төлөвлөлтийг эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь компаниудаас амандаа орсон тоогоо хэлж мөнгө нэхсэн гэнэ. Үүний улмаас хэдэн байршилд дахин төлөвлөлт явуулах боломжгүй байгаа гэнэ. Энэ талаар Э.Бат-Үүл хэлэхдээ, “Гандан орчмыг дахин төлөвлөх ажил бол бүтэлгүйтсэн. Тэнд дахин төлөвлөлт явуулах гэтэл иргэд нь дөрвөн бүлэг болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Нэгнийх нь саналыг нөгөө гурав нь эсэргүүцэж явсаар зохицож болсонгүй.
Уг нь бол Гандангийн дахин төлөвлөлтийг хамгийн эхэнд хийж, хүмүүст харуулъя гэж бодсон. Тэнд эртний загварыг агуулсан жишиг хороолол босох байлаа. Бас 100 айлын “Гэзгийн худаг” гэдэг газарт дахин төлөвлөлт явуулах ажил урагшлахгүй байна. Манай хүмүүс хоёр ч удаа очиж иргэдтэй нь уулзахад хоёр хуваагдаж барилцаж авчих гээд байсан. Иргэд өөрсдийн эзэмшлийн газраа дахин төлөвлөлтөд хамруулах сонирхолгүй байгаа бол хэрхэвч хүчилж болохгүй. Ийм эрх зүйн орчин ч байхгүй байна. Ийм учраас зарим газарт дахин төлөвлөлт явуулах боломжгүй байна” гэлээ.
УИХ хууль гаргахгүй бол НИТХ журам гаргаж болно.Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжих байршлуудад дэд бүтцийн ажил явуулахад 148 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Гэхдээ үүнээс өмнө шийдэх ёстой ажил бол газрын эзэнтэй хийх тохиролцоо. 100 айл байлаа гэхэд 95 нь дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа байр, мөнгөөр солихыг зөвшөөрч байгаа бол тав нь зөвшөөрдөггүй.
Тэр таван айл компаниудаас их хэмжээний мөнгө нэхэж байгааг компаниуд хүлээн авах боломжгүй байгаа ажээ. Нэгэнт албадан чөлөөлөх хууль эрх зүйн орчин байхгүй учраас нэг бол тойруулж барих, эсвэл дахин төлөвлөх ажлаа зогсоохоос аргагүйд хүрч байна. Бусад улсад 100 айлын 80 нь зөвшөөрсөн байхад үлдсэн айлын газрыг шууд л албадан чөлөөлдөг гэдгийг хотын дарга хэллээ.
Олонхийн эрхийг хангахын тулд цөөнхийн эрх ашгийг хойш тавьж, нөхөн олговор олгох замаар асуудлыг шийддэг эрх зүйн орчин ихэнх улсад байдаг аж. Ийм учраас УИХ-ыг хууль батлахыг хүлээж байгаа гэдгийг Э.Бат-Үүл онцоллоо. “Хэрвээ УИХ хууль гаргахгүй бол бид Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээс аргагүйд хүрнэ. Үндсэн хуульд, тухайн асуудлыг шийдвэрлэх дээд шатны шийдвэр байхгүй бол НИТХ өөрсдөө журам гаргаж шийдэж болно гэж заасан. Бид энэ эрхээ хэрэглэж дахин төлөвлөлтөд саад болж буй айлуудыг албадан нүүлгэнэ” гэж тэрээр хэлэв. Эс тэгвэл компаниудтай тохиролцохгүй байгаа айлын хашааг тойруулж ажил хийхээс аргагүйд хүрнэ. Хэрвээ тэр айл бохирын юм уу дулааны шугам эсвэл зам тавих газарт байрлаж байгаа бол дахин төлөвлөлтийг зогсоохоос аргагүйд хүрнэ гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар дээрх мэдээллийг хийсний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлээс цөөн зүйл тодрууллаа.
-Дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй барилгын чанарт хэн хяналт тавих вэ?
Өвөл барьсан барилга чанаргүй гэж иргэд хэлдэг. Барилгын суурийг дулаан улиралд барьчихаад өвөл үндсэн барилгыг нь угсраад явчихдаг технологи бий. Энэ технологи Монголд ороод ирвэл бид жилийн дөрвөн улиралд тасралтгүй барилгаа бариад явчихна. Өмнө нь барилга бариад л оруулчихдаг байсан. Дэлхий даяар иргэд нь барилгынхаа чанарт хяналт тавьдаг. Нэг ёсондоо үеийн үед үлдэх хөрөнгө авах гэж байна шүү дээ. Газраа чөлөөлж өгсөн, орон сууцанд орох гэж байгаа иргэд өөрсдөө хяналт тавина гэсэн үг. Үүнийг ч журамдаа заачихсан байгаа. Мэдээж мэргэжлийн хяналтынхан болон албаны хүмүүс хяналт тавьж ажиллана
-Нэг айлын хашаанд гэр бариад хоёр эсвэл гурван айл амьдрах нь бий. Газар чөлөөлөхөдэдгээр айлыг яах вэ?
2013 оны тавдугаар сард 52 байршилд газар өмчлүүлэх шийдвэр гарсан. Тодруулбал, 2013 оны тавдугаар сараас өмнө нийслэлийн иргэн болсон хүнд л Улаанбаатарт газар өмчлүүлнэ. Яагаад гэхээр хөдөө орон нутгаас Улаанбаатар руу газар их аваад байна. Зарим нь бүр авсан газраа зарж ч байх шиг.
-100 айлын барилгын материалын захуудыг хотоос нүүлгэнэ гэсэн. Хэзээнээс энэ ажил эхлэх вэ?
Барилгын үйлдвэрлэлүүдийг Налайх руу шилжүүлэх шийдвэр гарчихсэн. Гэхдээ шилжүүлэх явцад аж ахуйн нэгжүүд хохирол амсч болохгүй. Бизнесийн аж ахуйн нэгжид ямар нэгэн хохиролгүйгээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг ярьж байгаа. Удахгүй энэ чиглэлээр мэдээлэл өгнө.