Дагуул хот байгуулагдвал ямар үр дагавартай вэ
Л.Шагдаррагчаа: Популизмаас болж бүс нутгийн бодлого юу ч үгүй болсон
Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Монгол улсын Гавьяат барилгачин, ШУТИС-ын профессор, доктор (Ph.D) Ламжавын Шагдаррагчаатай Дагуул хотын талаар ярилцлаа.
-Дөрвөн уулан дундаа багтаж ядан, утаан дундаа дуниартан амьдардаг нийслэлчүүд өдөр бүр гарах гарцыг эрэлхийлдэг. Хот тосгод, бүс нутгийн хөгжлийн асуудал, хот төлөвлөлт манайд хэр явагдаж байна гэж дүгнэдэг вэ?
Монгол улсын хүн амын нутагшилт суурьшлын төлөв хандлага нь “нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих “ үзэгдэл эрчимтэй явагдаж, нийт хүн амын 47 орчим хувь нь Нийслэлд 10 гаруй хувь нь орон нутгийн хот сууринд амьдрах болов. Энэ үзэгдэл нь нийгэм эдийн засгийн ойрын жилүүдийн нөхцөл байдлаас улбаалан төвд тэмүүлэх,хот сууринд төвлөрөх хандлага цаашид ч нэмэгдэнэ гэж харагдаж байна.
Хэдийгээр Үндсэн хуулинд иргэд өөрсдийн ажиллаж амьдрах газраа сонгох эрхтэй гэж заасан боловч хүн амын шилжилт хөдөлгөөний байдал нь төв суурин газруудын ачааллыг нэмэгдүүлж,шийдвэрлэхэд бэрхшээлтэй олон хурц асуудлыг үүсгэхийн зэрэгцээ хөдөө орон нутаг,хил хязгаар эзгүйрч, уламжлалт мал аж ахуйн арга ажиллагаанд хүний нөөцийн хомсдол үүсч эдгээр нь улс орны маань эдийн засаг нийгмийн амьдрал сөргөөр нөлөөлж хот хөдөөгийн ялгаа заагийг үүсгэж,үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх байдалд хүргэхээр байна.
Монгол улсын байгалын баялаг,үйлдвэрлэх хүчний хөгжил байршлаар тодорхойлогдох хүн амын хөгжил, нутагшлын зохист харьцаа төрийн бодлого үгүйлэгдэж байна. Бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлал бодлого гарсан боловч тунхаглалын шинжтэй олон жил өнгөрлөө.
1993 онд тэр үеийн БХБЯ дээр хот байгуулалтын өндөр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн төслийн баг байгуулан “Монгол улсын хүн амын нутагшилт,суурьшлын ерөнхий төсөл”-ийг боловсруулан түүнтэй уялдсан хөгжлийн 5 бүс, хөгжлийн төв цэгүүдтүүнийг тэтгэх тэнхлэгүүд, хот суурингийн үзэл баримтлалыг үндэсний хөгжлийн үзэл баримтлалын тулгуур шийдэл болгон тодорхойлсон нь их ач холбогдолтой зүйл байсан.
Энэ баримт бичгийг УИХ-д өргөн барьсан боловч улс төрчдийн популизм, нутаг нугын явцуу байрь сууриас болж, бүс нутгийн хөгжлийн бодлого нэртэй болгон хасаж танасаар юу ч биш болгосонд харамсдаг.
Энэ төсөл дотор Монгол улсын хот байгуулалтын талаар баримтлах бодлого үзэл баримтлалын шинжлэх ухааны бодит үндэслэл байгаа бөгөөд хаяа болон дагуул, хот тосгоны асуудал тодорхой орсон байдаг.
Нийслэл хотын цаашдын хөгжлийг хангахад түүний статус,удирдлага зохион байгуулалтын тогтолцоо, орон нутгийн хот суурингийн эрх зүйн болон удирдлагын оновчтой байдал нь хот суурингийн хөгжилд чухал ач холбогдолтой болов. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед хотын асуудлыг гарган тавьж, Налайх, Багануурыг бие даасан хот болгох төсөл боловсруулж, санаачлага гарган улмаар эдгээр хотын иргэдийн дунд санал асуулгыг зохион байгуулан хот байгуулах шийдвэрүүд ч гарч байгааг бид мэднэ.
Энэ нь ч зүй ёсны үйл явц юм. Харин энэ санал санаачлагыг анхнаас нь хуульд нийцүүлэн зөв горим дарааллаар явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Учир нь энэ ажлыг улс төржүүлэн оноо цуглуулах сэдэв болгох, хялбарчлан өнгөц ойлгосноор салан тусгаарлах хөөрөлд автуулах, иргэдийг буруу ойлголтоор төөрөгдүүлэх замаар хотын өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай сөргөлдүүлэх, улмаар бүх юм сайхан болох мэтээр гэнэн хандах явдлууд ажиглагдаж байна.
Иймээс дагуул хот, хаяа хот бий болгохтой холбоотой зарим асуудлыг энд хөндөж, санал солилцох нь зүйтэй гэж үзлээ.
- Хот тосгоныг бие даалгах асуудлын зорилго, ач холбогдол нь юу вэ?
Хааяа болон дагуул хотуудын бие даах гэдгийг ямар агуулга хэмжүүрээр ойлгох асуудал тавигдана. Үүнээс хамаарч уг асуудлын маань зорилго,ач холбогдол тодорхой болох ёстой гэж үзэж байна. Жишээлбэл засаг захиргааны харьяаллаар бие даах уу?,эдийн засаг,төсөв санхүүгээрээ бие даах уу? Газар нутгийн асуудлаар тусгаарлахуу?, Бие даасан хөгжлийг юу гэж харах вэ? гэх мэтийг тогтоох нь зүйтэй.
Хамгийн гол асуудал нь хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй сөрөг үзэгдлийг сааруулж, арилгахад энэ асуудлын үндсэн зорилго байна гэж үзэж байна.
Хот суурингийн төвлөрлийг багасгах асуудал зөвхөн Улаанбаатарт яригдаж байгаа зүйл биш л дээ. Дэлхийн томоохон хотуудад төвлөрөлтэй холбогдсон хурц асуудлууд байсаар байгаа.Олон арга хэлбэрээр шийдвэрлэж байна.
Энэ асуудал үндсэн 3 зорилгыг агуулах ёстой юм. Үүнд: Нэгдүгээрт төвлөрлийг сааруулах ,хоёрдугаарт том хотын зах дүүргийн хот суурингийн удирдлагын бие даасан чөлөөт байдлыг хангах замаар хөгжлийг нь тэтгэх, гуравдугаарт хот байгуулалтыг шинжлэх ухаанчаар иргэдийн өөрсдийн оролцоотой гүйцэтгэх явдал юм.
Энд эхлээд хууль эрх зүйн талаас нь асуудлыг ул суурьтай авч үзэж зөрчилгүй шийдвэрлэхэд анхаарах ёстой.
Дараа нь хот нийтийн аж ахуйн эдийн засгийн хангалт, үйлчилгээг хэрхэн шийдвэрлэхийг тодорхой болгож, хотын санхүү татварыг бие даалтыг хангах нь зүйтэй. Үүний зэрэгцээ толгой болон дагалдах хотуудын хөгжлийг хангах дэд бүтцийн хөгжлийг оновчтой хийх ерөнхий төсөл төлөвлөгөөг гаргасны үндсэн дээр хэрэгжүүлдэг технологитой байдаг.
Ер нь дагуул болон хаяа хотын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ дараах асуудлуудыг нарийвчлан үзэхгүйгээр одоогийн яригдаад байгаа шиг хөнгөн гоомой хандвал хуучнаасаа дордоно.
Иймд хот нь өөрийн эдэлбэр газартай, хотын үндсэн болон инженер, эдийн засгийн дэд бүтэц бүхий, байнгын оршин суугч ард иргэд бүхий байх бөгөөд өөрийн гэсэн удирдлага зохион байгуулалттай бүхэл бүтэн систем болж байна.
Нэгэнт хот нь систем учраас хот бүрдүүлэгч элементүүдийн маш нарийн зохион байгуулалт, гадаад , дотоод орчны харилцааны уялдааг бүрдүүлэх бөгөөд хотын амьдралыг хэвийн нөхцөлд байлгах тэнцвэр харьцааг зөв хангана гэсэн үг . Энэ бүхнийг авч үзэж байгаа нь үндсэн болон дагуул хотуудын асуудлыг анхнаас нь хууль зүйн болон нийгэм эдийн засгийн үндэслэлтэй , хот бүрдүүлэх үйл явцын дэс дараалаллыг зөв зүйтэй баримтлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
-Хот тосгон, дагуул болон хаяа хотын нэр томьёо, агуулгыг зөв хэрэглэж нэг мөр ойлгох тухайд :
Албан ёсоор манайд хот, хаяа болон дагуул хот гэж юуг хэлэх талаар тодорхойлсон зүйл байхгүй байна.
Харин Википедиа нэвтрэхий толь болон Анли хэлний нэвтрэхий толь бичиг, гадаад зарим орны хот байгуулалтын баримт бичигт ерөнхийд нь “Хот гэдэг нь олон тооны хүн амын байнгын суурьшил юм” гэсэн байдаг.”Sity” нь “ town”-наас юугаар ялгаатайг тухайн хотын талаар хууль тогтоомжоороо олгосон статус буюу эрх зүйн байдлаар өөр өөрөөр нэрлэддэг байна.
Мөн хаяа хот, дагуул хот бүхий том хотыг англиар “urban complex” цогцолбор хот гэж хэлдэг байна. Мөн “counurbation” гэж том хот, хаяагаа тэлсэн хот болох тухай, “ megalopolis” гэж хотуудыг нэгтгэсэн байдлыг хэлдэг болжээ.
Жижиг суурин, хотын захын тосгоныг “Suburb” , хотын дэргэдэх сууринг “exurb”, ”satillite town” гэж газар зүйн ойр байршил, нийгэм эдийн засгийн холбоотой гоор том хотын ойролцоо байгуулагдсан хотхон гэж тус тус томьёолсон байдаг. Энэ бүхнээс үзэхэд хот тосгон нь нэг бүхэл бүтэн цогц байдалтай,системлэг харилцан уялдаж бие биеэ нөхцөлдүүлсэн байдаг байна.Том болон жижиг хот тосгон нь ерөнхийдөө эрүүл ахуй, инженерийн хангамж дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, газрын ашиглалт,орон сууц,тээврийн цогц уялдааг хангах ёстой болж байна.
Төрмөл орчин болох- газар нутаг,байгаль,цаг уур, Зохиомол орчин болох- зам харгуй,барилга байгууламж,дэд бүтэц, нийгмийн орчин болох- ард иргэдийн бөөгнөрөл нэгдэж суурин буюу хот тосгоныг үүсгэдэг.
Энэ үүднээс үзвэл Нийслэл Улаанбаатар хот маань Мегаполис хот бөгөөд Налайх,Багануур,Багахангай,Зуун мод хот болон шинээр баригдаж байгаа Хөшигийн хөндийн Цогцолборыг дагуул хот, Партизан,Аргалант,Туул,Биокомбинат зэргийг хаяа тосгон гэж үзэхэд буруудахгүй юм. Түүнээс гадна Дархан ,Эрдэнэт,Чойр ,Тосонцэнгэл зэрэг томоохон суурин газруудын улс орон нутгийн зэрэглэл тогтоох, хот тосгоны асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байна.Аймаг сумын төвүүдийг яаж шийдвэрлэх асуудал ч хөндөгдөж байгаа юм.
Улаанбаатар хотод харьяалалтай Налайх, Багануур дүүргийн иргэдээс гаргаж байгаа хот байгуулах санал санаачлагыг дэмжиж, доорх асуудалд анхаарах шаардлагатай байна.
Сүүлийн үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3 болон 4.3-д орсон дагуул хот, хаяа хотын асуудлыг сайн судлахгүйгээр уралдан ярих болов. Дагуул, хаяа хот гэж нэр томьёог Монгол улсын хууль тогтоомжоор тодорхойлж ямар эрх үүрэгтэй харилцаатай байх талаар зохицуулсан баримт бичиг байхгүй байдаг.
Хот байгуулалтын онол, хөгжлийн практикт нэг томоохон (хотод) сууринд ойролцоо жижиг суурингийн (бүлэг суурин) харилцааг оновчтой зохион байгуулан тэдгээрийн нийгэм эдийн засгийн үүрэг хариуцлагыг тогтоох зарчмаар улсын хэмжээнд зохион байгуулдаг дэлхийн бусад орнуудыг практик түгээмэл зүй тогтолтой юм.
Үүнийг харилцан бие биеэ нөхцөлдүүлсэн “Бүлэг суурингийн тогтолцоо” гэж нэрлэдэг. Энэ жишигт нийцүүлэхэд эдгээр хот суурингийн хоорондын харилцаа, үүрэгчлэлийг хуулиар тогтоосон заалт байхгүй байгаа тул үүнийг шинээр хуульчлах шаардлага ч байна.
-Хот тосгоны тухай хууль эрх зүйн зөрчлийн тухайд:
Өнөөдөр хот тосгоны асуудлыг Үндсэн хуулийн 57.2 ,Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн тухай хуулийн 7 ба 26 дугаар зүйл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль бүхэлдээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1, 3.3,6.2, 6,3, болон Хот байгуулалтын тухай хуулийн 8 болон 24 дүгээр заалтуудаар зохицуулж байна.
Эдгээр хуулиуд нь Зах зээлд шилжих үед батлагдсан бөгөөд хот тосгоны асуудалд хоёрмол сэтгэхүйгээр хандсан, дэлхийн хотуудын бие даасан хөгжлийн үзэл баримтлалд захируулаагүй байдаг. Ялангуяа төр засгийн удирдлагад хотын захирагчийн үүргийг хавсаргаснаас төр аж ахуй,засаг төрөөс бизнест хутгалдан оролцох явдлыг хуульчилсан нь өнөөгийн нөхцөлд тохирохгүй, хотын өөрөө бие даан хөгжих боломжийг олгохгүй байдал ажиглагдах болов.
Монгол улсын үндсэн хуульд засаг захиргааны бүтцийг тодорхойлсон боловч хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтоохоор заасан байдаг.Мөн Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл хот мөн гэж томьёолсон. Хууль зүйн хувьд төрийн захиргааны нэгж , хотын эрх зүйн байдал нь хоёр тусдаа байхаар эрх зүйн үндэслэлийг үндсэн хуулиар нэгэнт тогтоосон байна.
Гэтэл Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг батлахдаа Нутаг дэвсгэр дэх төрийн захиргааны нэгж ,тухайн нутаг дэвсгэр дэх хот,тосгоны харилцааны нарийвчилсан зохицуулалтыг хийгээгүй орхигдуулснаас нэг талаас Төрийн захиргааны нэгжийн удирдлага нь хот нийтийн аж ахуй,хөрөнгө төсөвт хэт хутгалдан төр аж ахуйн зааг ялгааг бүдүүлгээр зөрчих явдал нэг талаас гарах, харин хот тосгон нь бүхий л ажил амьдралаа тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөллийн байгууллага,засаг даргын тамгын газрын ажил хэрэг мэт хандаж,хотын өөрийн удирдлагын үүрэг,зорилгыг хөсөрдүүлэх явдал нийтлэг байгаа юм.
Энэ хуулинд хот тосгоны эрх зүйг зөвхөн хүн амын тоогоор суурь болгон зэрэглэнэ гэж үзээд ямар зэрэглэлтэйгээс хамаарахгүйгээр тэдний эрх үүрэг зорилго ижил байхаар тогтоосон нь хотын зэрэглэл тогтоосны ач холбогдол байхгүй байна. Өөрөөр хэлбэл Орон нутгийн зэрэглэлтэй Дархан, Эрдэнэт хот нь мөн орон нутгийн зэрэглэлтэй Зүүн хараа, Бор өндөр, Тосонцэнгэл хотуулаас давуу боломж нөхцөл байхгүй гэсэн үг. Иймээс хот гэж нэрлэгдэх шаардлага сонирхол бага байгаа бөгөөд үүний тодорхой жишээ нь Улаанбаатар хот нь өнөөдрийг хүртэл улсын зэрэглэлтэй хот гэж албан ёсоор шийдвэрлэгдээгүй байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахдаа: Нийслэл нь улсын нийслэл онцгой статус бүхий нийгэм эдийн засгийн цогцолбор гэж үзсэн байдаг. Гэтэл нийслэлийн онцгой статус нь төр засгийн байгууллага байрлаж,гадаадын дипломат байгууллагууд ажиллаж,улсын баяр наадам, төрийн арга хэмжээ зохион байгуулна гэснээс өөр үүрэг хариуцлага,эрх хэмжээний ялгарал бусад хотоос ялгагдахгүй байгаа юм. Түүнчлэн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байна гэж зах зээлийн орнуудын жишиг хандлагад үл нийцсэн, төрийн засаглалыг хот нийтийн аж ахуйн бизнесийн үйл ажиллагаатай холиолдуулсан заалт орсноор нийслэлийн дүүрэг, хороод нь цөм засаглалын ажлын зэрэгцээ хотын аж ахуйн зүйлийг хариуцаж төрийн засаглал, нутгийн удирдлага,хотын өөрийн удирдлага ойлгомжгүй байдалтай байсаар байна.
Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн тухай хуулинд: “Хот тосгоны удирдлага нь Захирагч зөвлөлөөс бүрдэнэ.” ....Хот тосгоны захирагчийг тухайн хот тосноэы сонгуулийн насны иргэд саналаа нууцаар гаргаж 4 жилээр сонгоно.” Гэсэн мөртлөө мөн хуулийнхаа 10.4-д “ Аймаг сум,багийн төв болох хот тосгоны удирдлдагын бүрэн эрхийг тухайн засаг захиргааны нэгжийн засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасан нь зөрчилдөж хүний эрхийг зөрчсөн байх жишээтэй.
Иймд эдгээр зөрчлийг арилгах, тодорхойгүй зүйлсийг тодорхой болгох шаардлага байгаа юм.
-Засаг төрийн удирдлага , хотын захирагчийн ажлын зааг ялгаа ба эрх мэдлийн хуваарилалтын тухайд:
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч,УИХ-аас “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай” хуулийг санаачлан өргөн бариад байна. Иймд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар доорх асуудлуудыг шийдвэрлэн хот тосгоны хөгжлийг хангах цаг нь болсон гэж үзэж байна.Үүнд:
Засаг захиргааны нэгжүүдийн нутаг дэвсгэр дэх хот тосгоныг одоо байгаа хууль эрхийн хүрээнд жинхэнэ агуулгаар нь Налайх, Багануурын хэмжээнд авч үзэлгүйгээр улсын хэмжээнд иргэдийнх нь үүсгэл санаачлагад тулгуурлан Аймаг сумын төвүүд болон багуудын хот тосгоныг,мөн томоохон хотуудын хаяа хот тосгоныг байгуулах,Эрдэнэт, Дархан, Чойр,Тосонцэнгэл зэрэг суурин газруудыг бие даасан улс болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд болгох ажлыг Хот тосгоны эрх зүйн байдлын хуулинд нийцүүлэн зохион байгуулах ажлыг засгийн газар хариуцах
Бүх шатны засаг дарга нар нь хот тосгоны өөрийн удирдлагын асуудалд хутгалддаг,Нутгийн иргэдийн хурал нь хот тосгоны аж ахуй бизнесийн ажлыг засаг даргад даалган хийлгэдэг практикийг зогсоох
Өөр өөрийн хилийн цэст багтаж байгаа хот тосгоны харьяаллыг засаг захиргааны хувьд оршин байгаа аймаг, нийслэл, сум дүүрэгт нь харьяалуулж, хот тосгоныг хөгжүүлэхэд шаардлагатай хотын эдэлбэр газрын хил зааг , хотын татвар орлого, төрийн татаас дэмжлэгийг нь тодорхойлох ажлыг шийдвэрлэх
Улс орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатрын захирагч байна гэсэн хуулийн зөрчилтэй,төр аж ахуйн ажлыг холилдуулсан заалтыг хүчингүй болгож, Нийслэлийн ИТХ (Citizen’s Representative Counsil of the capital city) , Засаг даргын тамгын газар (Governor), Улаанбаатар хотын захирагч (mayоr)-ийн үүрэг зорилгыг салгах хийх
Найлайх ,Багануур дүүргийн иргэдийн санаачлагаар Хот байгуулах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, Багануур хотыг Төв аймгийн Эрдэнэ сумд харьяалалтай орон нутгийн хот, Багахангай дүүргийн Говьсүмбэр аймгийн орон нутгийн хот болгон эдэлбэр газрын хил заагийг тогтоож шийдвэрлэх асуудал ч үүсч болно.
- Дагуул хот байгуулагдсаны дараах үр дагаварын тухайд
Налайх Багануур дүүргүүдэд оршин суугчдынхаа хүрээнд хот байгуулах тухай санал асуулга явуулж, дүрмээ НИХ-д өргөн барьсан байна. Үүний дагуу НИТХ-аас хуулийн үндэслэл, боломжийг судалж дүгнэлт гаргасан байдаг.
Мөн хуульч ,судлаач Д.Батбаатар, Б.Пүрэвжав нарын хүмүүс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,байгаль орчны чиглэлээр “ MOSHEA “ нэртэй ТББ байгуулан Налайх дүүрэгт энэ талын судалгаа хийж “Дагуул хот-Эко Налайх” хөтөлбөр боловсруулан ном,товхимол гаргаж санаачлагатай ажиллаж байгаад талархах ёстой.
Нийслэлийн НИТХ-аас хот байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргах хууль зүйн үндэс бүрдээд байгаа юм. Харин энэ хоёр дүүрэг хотынхоо үндсэн дүрмийг иргэдээрээ хэлэлцүүлэн баталгаажуулсан байгааг үзэхэд дүрмэндээ хэт их бие даасан байх, засаг захиргааны нэгжтэйгээ харилцах харилцаа болон төв хот болох Улаанбаатартайгаа ямар харилцаатай байх асуудал дүрмэнд огт тусаагүй байна.
Түүнчлэн хот нийтийн аж ахуйг удирдахдаа Төв хотынхоо ажил амьдралтай хэрхэн уялдуулах, хотын төсөв хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх арга хэрэгсэлээ бодолцоогүй хүндрэл гарах асуудлуудыг одоогоор сайн тусгаагүй тал байна.
Наад зах нь гэхэд л “хотын татвар”-ыг хэн хэзээ тогтоох хууль гаргах, одоо авч байгаа татаас нь гэхэд 2-4 тэрбум төгрөгийг төв хоттойгоо хэрхэн зохицуулах, татвар хураалтын төрийн нэгдсэн тогтолцоогоор татвараа хураалгах эсэх, тээврийн хэрэгслийн болон ажил амралтын цаг, төвлөрлийн хязгаарлалтууд, гамшиг онцгой байдлын үеийн зохицуулалтууд яах вэ?, хотын орц гарцны тээврийн хэрэгслийн төлбөр хураалт, эдэлбэр газар, хотын өмчөө хэрхэн таслаж авах,түүний менежментийг хийх, газар өмчийн хувьчлалыг хэрхэн хариуцах гэх мэт олон асуудлууд тодорхойгүй байгаа тул энэ чиглэлээр сайн муу олон үр дагавар гарах магадлал нилээд байна. Засаг захиргааны нэгжүүдтэй зарим тохиолдолд үл ойлголцол ч үүсэх үр дагавар гарч болзошгүй
-Яг тодорхой ямар ажлуудыг ойрын хугацаанд хийх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
Налайх Багануур, Багахангай дүүрэгт хотын статусын асуудал хөндөгдөж, иргэдийн санаачлага өрнөсөн учир дагуул болон хаяа хот тосгоны ойлголт , нэр томьёог ч нэр мөр болгох шаардлага үүссэн байна.
Эдгээр нь цаг хугацааны шалгуураар үүсэн гарч байгаа зүй ёсны асуудал бөгөөд Нийслэл, аймаг, сумуудын төв хотуудын удирдлага бүтцийг засаг даргын үүргээс тусгаарлах асуудлыг хөндсөн бүтцийн томоохон өөрчлөлт болно гэдгийг зөвшөөрөх ёстой.
Учир нь Монгол улсын үндсэн хуульд засаг захиргааны бүтцийг тодорхойлсон боловч хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтоохоор заасан байдаг. Мөн Улаанбаатар хот бол Монгол улсын нийслэл хот мөн гэж томьёолсон.
Хууль зүйн хувьд төрийн захиргааны нэгж , хотын эрх зүйн байдал нь хоёр тусдаа байхаар эрх зүйн үндэслэлийг үндсэн хуулиар нэгэнт тогтоосон боловч салбар хуулиудаар үндсэн хуулийн зарчмаа зөрчсөн заалтууд оруулсан байдаг. Иймд үндсэн хуулиа өөрчлөх үү? Салбар хуулиа өөрчлөхүү? гэсэн асуудалд хүргэж байгаа юм.
Харин доорх асуудлыг анхаарах шаардлагатай.
Өнөөдрийн хууль дүрмийн хүрээнд дагуул хаяа хотыг байгуулах тохиолдолд Багануур, Багахангай дүүрэг нь Төв аймгийн орон нутгийн хот болохоор хуульд заасан байгааг анхаарах нь зүйтэй. Засаг төрийн удирдлага , хотын захирагчийн ажлын зааг ялгаа ба эрх мэдлийн хуваарилалтын тухайд: Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцүүлэн Ерөнхийлөгч, УИХ-аас “Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай” хуулийг санаачилсан. Иймд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар доорх асуудлуудыг шийдвэрлэн хот тосгоны хөгжлийг хангах цаг нь болсон гэж үзэж байна.Үүнтэй холбогдуулан:
- Хотын болон засаг захиргааны удирдлагыг салгасан тохиолдолд одоогийн ЗДТГ-уудын бүтэц орон тоо багасах, хотын бие даасан эрх мэдэл нэмэгдэх тул түүний учир шалтгааныг судлах
- Хотын эдэлбэр газар болон засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн хилийн цэс, үүрэг зориулалтын асуудлыг нарийн зохицуулах
- Улс орон нутгийн төсөв,татварын нэгдмэл тогтолцоонд өөрчлөлт орох зэрэг асуудлууд Татварын хуулиар хөндөгдөхийг анхаарах нь чухал юм.
Ямар ч гэсэн одоо байгаа хуулийн хүрээнд хот тосгоны асуудал,ялангуяа дагуул болон хаяа хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд үүсч болох үр дагаварыг үйл явцын өрнөлтийн үед тухай бүр нь судлан шийдвэрлэж болно гэж үзэж байна.