2010.10.18

МАХН Баянголчуудыг сонслоо

МАХН-ын “Ард түмнээ сонсъё” аян хоёрдахь жилдээ үргэлжилж байна. 10 аймагт өрнөөд нийслэлд өртөөлж буй энэ аянаар өнгөрсөн пүрэв гаригт нийслэлийн Баянгол дүүргийн ард түмний үгийг сонссон юм. ТЭЦ-4-ийн ажилчдын дуу хоолойгоор эхэлж, Улаанбаатар паласт нийт иргэдтэй хийсэн уулзалтаар өндөрлөсөн Баянгол дүүргийн аянд МАХН ихээхэн ач холбогдол өгч байлаа. Нийслэлийн томоохон дүүргийн нэг Баянгол нь энэ жил багагүй тохижилтын ажил хийжээ. Тус дүүрэг бол УИХ-д интернационалист баг сонгосон. Дөрвөн төлөөллийнх нь хоёр нь АН бол нэг нь МАХН, нөгөө нь Ногоон намын гишүүн.
МАХН-ын залуу лидерүүдийн нэг Ц.Мөнх-Оргил энэ дүүргээс сонгогдсон.

Улаанбаатар паласт хийсэн “Ард түмнээ сонсъё” аянд тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Шадар сайд М.Энхболд, Хууль зүйн байнгын хороон дарга Б.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хороон дарга Д.Оюунхорол,  Сангийн дэд сайд Т.Очирхүү, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр болоод МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, түүний орлогч нар, зөвлөхийг урьжээ. Нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн МАХН-ын лидерүүд ард түмнийхээ үгийг тэвчээртэй сонслоо.

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан ч төрийн шийдвэр гаргах төвшний өндөр албан тушаалтнууд ирсэн учраас асуултаа давхардуулалгүйгээр, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг байн байн сануулж байв.

Уулзалтыг нээж, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Ард түмнээ сонсъё”аяны хүрээнд ирж байгаа саналууд маань 300 гаруй санал дээр багцлагдаж байна. МАХН-ын удирдах зөвлөлөөр эдгээр саналыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулан зургадугаар сард хуралдсан бага хурал дээрээс намын 26 дугаар Их хурлыг хуралдуулах шийдвэр гарсан. Ард түмнээс ирсэн санал хүсэлт дээр тулгуурлан ажлын 33 хэсэг байгуулан 33 тайлан сонсоод эдийн засгийн 17 багцыг зангидаж бодлого шийдвэртээ тусгаж, бодлого шийдвэрээ гаргая гээд Их хурлынхаа өмнө бэлтгэл ажлаа хийж байна. Их хурлаараа бид зөвхөн намын асуудлыг яриад зогсохгүй, Монголын нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлуудыг ч хөндөн ярилцах болно. Намын их хурлын бэлтгэл ажлыг ард түмэн маань, гадаадын улс орнууд ч их сонирхон анхаарал хандуулан ажиглаж байна гэв.


МАХН-ын төдийгүй УИХ, Засгийн газар, нийслэлийн төр захиргааны удирдах албан тушаалтнууд ирснийг ашиглан үгээ хэлэх гэсэн хүмүүс Улаанбаатар пала-сын танхимын хоёр талд байрлуулсан микрофон дээр дугаарлаад урт цуваа үүсгэсэн юм.

Цалин бага байна, Ард түмэн ядуу байна

Хамгийн түрүүнд үг хэлсэн БГД-ийн иргэн 17дугаар хорооны иргэн Я.Сандаг: Газар нутгаа сэндийлэх “нинжа” гэгч хүмүүсийн асуудлыг яаралтай цэгцэлж, хуулиар тэдэнд арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Цаазын ялыг үгүй болгоно гээд байгаагаа эргэн хараач ээ. Нийгэмд сүүлийн үед үнэхээр аймшигт хэргүүд гарч байгааг бодоорой. Шатахуунаа өөрсдөө боловсруулах цаг нь болоогүй юу хэмээв.


БГД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн Д.Доржсамбуу:Намын ажилд дадлага туршлагатай хүмүүсийг ажиллуулах нь чухал байна. Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөө гадаадад сурч байгаа оюутанд ч өгөх ёстой биз дээ. Энэ талаар шийдвэр гаргаж өгөөч. Мөн нийлж фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой байгаа хүмүүст хүсэлтийг нь харгалзан “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг нь шийдэж өгөөч.


БГД-ийн долдугаар хорооны иргэн Н.Дэлгэр: Ард түмнийхээ үгийг сонсч байгаад талархаж байна. Орон сууц маш их баригдаж байгаа нь баярлууштай ч тэрэнд нь жирийн иргэд бид орж ча-дахгүй юм аа. Тиймээс төрийн зүгээс барилгын компаниуддаа анхаарлаа хандуулаач ээ. Цалин бага байна. Хотын захаар та нар минь явж үзээч. Үнэхээр элэг эмтэрмээр амьдрал зөндөө байна шүү.
БГД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн Цагаандорж “ Улаанбаатар хотын Засаг даргын эрх мэдэл нь хуучны сайд нарын орлогч даргын эрх мэдэлтэй дүйхүйц хэмжээнд байх ёстой.Тэгж байж ажил нь урагшилна” гэх зэргээр иргэд өөр өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудлаа ярьж байв.


Уулзалтад хамгийн их хөндөгдсөн асуудал бол Хүний хөгжил сангийн мөнгөний хуваарилалт, мөн ажилгүйдэл, ядуурал, архидалт, боловсролын чанар, ашигт малтмалын олборлолт гэх зэрэг байлаа. Иргэд маань ихэвчлэн ядуу байна гэсэн санаагаа байн байн давтан хэлж байгаа нь нийгэм өнөөдөр хүндхэн, ард түмэн ядруухан амьдарч байна гэдгийг төрийн түшээддээ сануулаад л байлаа. Гурван цаг хэртэй үргэлжилсэн иргэдийн санал хүсэлтийн дараа МАХН-ын удирдах төвшнийхэн зарим асуултад хариулж, төрийн зүгээс хийж байгаа зарим ажлынхаа талаар товч танилцуулсан юм.

М.Энхболд: Өнөөдөр улсын төсвийн 40 хувь нь нийслэлд хуваарилагдаж байна

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд: Сонгуулиар ард түмэндээ амласнаа өгч, биелүүлэхийн тулд бид хамтарсан Засгийн газар байгуулсан. Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулсны хүчинд л Оюутолгойн гэрээг байгуулсан юм шүү. Хэрвээ Оюутолгой ашиглалтад орвол өнөөдрийн Эрдэнэтийн төсөвт оруулж байгаа мөнгөнөөс 3-4 дахин илүү орлого оруулна. 2007 онд бид Оюутолгойн ордыг ашиглах гэрээ, төсөл оруулж байсан. Сайн ч төсөл байсан. Гэвч батлаагүй. Хамтарсан Засгийн газар л энэ асуудлыг шийдэж чадсан. Бид хэзээ төмөр замыг 1000 км-ээр нь тавина гэж ярьдаг байлаа. Гэтэл хамтарсан Засгийн газрын ачаар төсөл хөтөлбөрөө батлаад ажлаа эхлүүлэх гэж байна.
Хүний хөгжил сангийн мөнгийг ирэх жил өгөхдөө, сар бүр иргэндээ 21 мянган төгрөг бэл-нээр өгөхөөр тусгаж, 669 тэрбум төгрөг, оюутны төлбөрт 82 тэрбум, зээлийн шимтгэлд 13 тэрбум гэх мэтээр төсөвт суулгаад байна. Мөн 100 мянган айл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хөрөнгийг Хөгжлийн банк байгуулаад дорвитой шийдэх болно. Засгийн газраас боловсруулсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн маань багагүй хэсэг нь Улаанбаатар хот руу хандсан байгаа. Өмнө нь улсын төсвийн 0.3 хувь нь нийслэлд зориулагддаг байсан бол одоо 40 хувь нь зарцуулагдаж байна гэв.

Д.Оюунхорол: Нийгмийн стрессийг тайлж чадахгүй байна

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хороон дарга Д.Оюунхорол: Хүмүүс маань бухимдалтай байна. Нийгмийн ажилгүйдэл, ядуурал, гэмт хэргийн стрессийг тайлж чадахгүй байна. Тиймээс биднээс их зүйл хүсч байгааг байнга ойлгодог. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 87 мянгад хүрлээ. Сүүлийн нэг жилийн дотор гэр бүл салалт 30 хувиар өсөөд байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар гэр бүл хүүхэд хөгжлийн бие даасан агентлагтай байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хуульд хүүхэд төрсөн цагаасаа өмчийн эзэн байх ёстой гэсэн заалт хууль оруулж өгөх ёстой. Энэ талаар маш эрчимтэй ажиллаж байна. Мөн одонтой ээжүүдийн хувьд дөрвөн хүүхэдтэй бол хоёр, зургаан хүүхэд төрүүлсэн бол нэгдүгээр зэргийн одон олгож, жилд 500 мянган төгрөг олгохоор 2009 онд хуульчилсан. Ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх байх.

Г.Мөнхбаяр: Ирэх жил дүүрэг бүрт нэг тэрбум төгрөгийн ногоон байгууламж байгуулна

Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр: Хороодын ачааллын хувьд эхлээд ирэх жилийн төсвөө их анхааралтай ажиглаж байна аа. Ер нь, хорооны ачааллыг багасгах, хуваах талаар хотын захиргааны зүгээс судалгаа хийж байна. Гэхдээ төсөв мөнгөнөөс ихээхэн шалтгаална гэдгийг бүгд ойлгоно биз дээ. Дүүргүүдийн тохижилтын ажлын хувьд ирэх жилээс явган хүний гарц, ногоон байгууламжид дүүрэг тус бүрт нэг тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байгаа. Агаарын бохирдлыг арилгах, багасгах ажлын хүрээнд утаагүй түлш иргэдэд санал болгож байна. Гэхдээ энэ бол зөвхөн та бүхний өөрсдийн сонголт байх юм шүү.

Ц.Мөнх-Оргил: Ардчиллаа бүү гажуудаар ойлгож, итгэл алдраарай

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Надад хандаж 40-өөд асуулт илгээжээ. Юуны өмнө УИХ-ын гишүүд бид сайнтай муутай, алдаатай, оноотой байж болно. Гэхдээ бидний буруутай үйл ажиллагаанаас болж та бүхэн маань ардчиллаа бүү гажуудаар ойлгож, итгэл алдраарай. Ардчиллаас ухрах зам бол бидэнд байхгүй.
1.5 сая төгрөгөө өгнө өө. 2011 ондоо багтааж, бэлэн болон бэлэн бусаар бүхэлд нь өгөх гэж бид ажиллаж байна. Бид 500 мянган төгрөгийг бэлнээр нь саяыг нь бэлэн бус хэлбэрээр өгөх гэж тооцоо судалгаа хийгээд л байна. Ахмадууддаа бэлэнг нь арай ахиу өгөхөөр судалж ярьж байгаа. Гэхдээ энэ бол Монгол Улсын маань сан хөмрөгтэй шууд холбоотой юм шүү. Мөн мөнгөө л авах гэж байгаа бол иргэнийхээ бүртгэлд бүрэн хамрагдаарай. БГД маань 67 хувьтай байгаа гэсэн. Ядаж 90 хүргэж байж, Эх орны хишгээ хүртэнэ.


Дүүргийн эмнэлгийн асуудал их хүнд байгаа. Ор нэмэх байтугай, ганц тоног төхөөрөмж ч тавих зайгүй, өвчтөнөө газар хэвтүүлж, хүлээж авч байгаа. Ирэх жилийн төсөвт эмнэлгийг шинэчлэн барихаар 3.3 тэрбум төгрөг суусан. Мөн Ирэх жилийн төсөвт БГД-т хийх ажлын жагсаалт, төсвөө 28.4 тэрбумаар тусгаж явуулсан ч 8.9 тэрбум төгрөг тавьсан. Гэхдээ энэ бол маш их зүйл хийж бүтээх мөнгө юм шүү.


Гишүүдийн тэрбум төгрөгний талаар иргэд маань их ташаа ойлгодог. Бид тэр мөнгөөс таван цаас ч халаасандаа хийгээгүй. Тойргийнхоо төсвийг атгаж, үйл ажиллагааг нь явуулж байгаа хүндээ бүрэн даатгаж байгаа. Энэ бол бид төсөв батлах давуу эрхээ ашиглаад тойрогтоо л хийх ажилд зарцуулж, оруулж буй хөрөнгө оруулалт.

Ё.Отгонбаяр: Оюутолгой нийслэлээс 2300 хүнийг сонгон МСҮТ-д сургахаар дүүрэгт нь квот өгсөн


БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр: Надад хандаж 66 асуулт иржээ. Юуны өмнө намын удирдах зөвлөлийн гишүүний хувьд хэлэхэд 1921-1925 он хүртэл манай нам Монгол ардын нам гэсэн нэртэй байсан юм шүү. Тухайн үед Коментернээс МАХН-д гэж хаяглаж захидал ирэх бүрт МАН гэсэн хариу өгч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгэхээр бидний хувьд хуучин Монгол ардын нам гэсэн нэрээ л сэргээх гээд байгаа юм шүү хэмээн онцлоод яаманд нь хандсан асуултад хариулсан юм. Цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр дутмаг байна. Цэцэрлэгийн хүрэлцээ нь хүн амын төрөлтөө гүйцэж чадахгүй байгаа нь үнэн. Бид цэцэрлэгийн хүрэлцээг шийдэх, шинээр барих талаар төсөл боловсруулан Дэлхийн банкинд хандаад байгаа. Одоогоор хариу нь ирээгүй л байна.
Дунд сургуулийн сурагчдаас мөнгө татаж байгаа талаар гомдол их ирдэг. Гэхдээ энэ асуудлаа сургуулийн болоод ангийн эцэг эхийн зөвлөл дээр маш хатуу тавих хэрэгтэй. Хэрвээ эцэг эхийн зөвлөл мөнгө татахыг зөвшөөрчихсөн бол яамны зүгээс ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Тиймээс эцэг эхийн зөвлөл энэ асуудлыг нэг тийш цэгцлэн шийдэх ёстой.


Хүмүүс хувийн дунд сургуулийн төлбөрийг төрөөс хянаж болохгүй юу гэж асуужээ. Хувийн сургууль гэдэг бол хувийн хэвшлийн байгууллага. Хүүхдээ энд сургах эсэх нь иргэн таны сонголт. Төр хүүхдийг чинь үнэгүй сургана гээд байхад та өөрөө хувийн сургуулийг сонгосон. Тиймээс хувийн сургуулийн төлбөрт бол төр оролцохгүй. Харин эцэг эх нь өөрөө хянаж, сургуулийн захиргаанд асуудал тавьж болно.
Оюутолгой өөрийн мэргэжилтнээ бэлтгэж байгаа. 3300 хүнийг МСҮТ-д сургахаар болсон. Эхний 100 хүнээ орон нутгаас сонгоод хичээл нь эхэлчихсэн. Харин үлдсэн 2300 хүнээ нийслэлээс сонгон сургахаар бидэнтэй тохироод дүүргүүдэд квотыг нь хуваарилсан байгаа. Удахгүй бүртгэл нь эхлэх байх. Гэхдээ энэхүү МСҮТ- д сурсан хүн бүр тус компани ажиллахгүй. Төгсөөд шалгалт өгнө гэдгийг анхааруулж байгаа.

 

Ийн УИХ, Засгийн газрын гишүүдтэй баянголчууд ядрахаа үл мартан таван цаг нэг танхимд ярилцсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.