“Өрийг 290 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ”
“Сайдын 30 минут” ээлжит уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцож, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Татварын хуулиуд өөрчлөгдөх үү?
Татвар нэмэхгүй, бас бууруулахгүй. Бизнес эрхлэгчид татварын хэмжээг бууруулах санал тавьж байгаа ч бид олон улсын чиг баримжааг дагана.
-Сангийн сайдын хувьд Монгол Улсын гадаад нэр хүнд өсөх боломж харагдаж байна уу?
Гадаадын байгууллагууд бидэнд муу гэсэн үнэлэлт өгч байна. Гадаад нэр хүндээ өсгөхөд тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Эхлээд хэрэгжүүлэх арга хэмжээ нь эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөр юм. Бид Олон улсын валютын сангаас өгсөн зөвлөмжийн дагуу энэхүү хөтөлбөрийг баталсан.
-Засгийн газарт нэмж зээл авах боломж байгаа юу. Тийм бол хэдий хэмжээний дүн яригдах бол?
Монголбанкийг Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргахаар Ажлын хэсгийн түвшинд ярилцсан. Удахгүй Засгийн газраас энэ талаар шийдвэр гаргана. Ингэснээр өрийн хэмжээ нэмэгдэх нөхцөл үүснэ. Тодруулбал, өрийг 290 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Өрийн удирдлагын хуулийн дагуу үүнийг Засгийн газрын өр гэж үзэх юм. Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн өрийг Засгийн газрынхаас салгаснаар 450 орчим сая ам.долларын орон зай үүсэж байгаа юм. 450 сая ам.долларыг урт хугацаатай хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар ярьж байна. Өнөөдрийн тооцооллоор үүний 70-80 хувь нь шинэ нисэх буудлын хөрөнгө оруулалт болгож, Японоос авч буй хөнгөлөлттэй зээлд зориулагдахаар байгаа.
-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хүрээнд хэдий хэмжээний валютын урсгал бий болохыг тооцсон уу?
Нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах шаардлагатай. Ингэхдээ биелдэггүй мөрөөдлийн жагсаалт гаргах хэрэггүй. Биелэхүйц төлөвлөгөө гаргаж, яамд хариуцсан чиглэлээрээ идэвхтэй ажиллах ёстой. Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг хэлэх боломжгүй байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нарийвчилсан төлөвлөгөөгөө батална. Энэ үед нь мэдээлэл өгч болно.
-Хөрөнгийн биржийн удирдлагыг шинээр томилох юу болсон бэ?
Одоогийн удирдлага нь ажлаа хийж байгаа. Би ямар нэг шийдвэр гаргаагүй.
-Ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Биднийг төлбөрийн тэнцлийн алдагдал болох 1.4 тэрбум ам.доллар, төсвийн 1.2 их наяд төгрөгийн алдагдал хамгийн их зовоож байна. Тиймээс эхний ээлжинд эдгээр тоог бууруулж, тэнцвэржүүлэхэд анхаарал хандуулж байна. Засгийн газар дотооддоо гурван их наяд төгрөгийн бонд гаргаад хэрэглэчихсэн. Энэ нь нийт арилжааны банкинд эргэлдэж буй зээлийн 25 хувь. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засаг руугаа орох мөнгөнөөс 25 хувийг татаж авчихаад түүнийгээ тэлнэ, өргөжүүлнэ гэж ярих нь хүнд. Тэгэхээр Төсвийн алдагдлыг гаднын санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах замаар бууруулъя гэж байгаа. Төсвийн нийт алдагдал гурван их наяд төгрөг. Үүний ядаж 50 хувийг дотоод бондоор эдийн засагтаа оруулахаар гадаадын санхүүгийн байгууллагад хандаж байна.