Д.Батцогт Ховд аймгийн сумдад ажиллаж байна
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна.
Тэрбээр одоогийн байдлаар Ховд аймгийн Буянт, Мянгад, Дөргөн, Манхан, Цэцэг сумдаар орон иргэд, хөдөлмөрчидтэй уулзан УИХ-ын хийгээд өөрийн толгойлдог байнгын хорооныхоо намрын чуулганаар хийсэн ажлыг танилцуулаад байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг сонсон, зохих хариултыг өгч, зарим саналыг хууль тогттоомжид өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэнэ гэдгээ амлаад байна.
Д.Батцогт дарга “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, 2015 оны төсвийн тухай гэх зэрэг олон хуулийн төслүүдийн талаар иргэдийн асуултад хариулан нэгдсэн мэдээлэл өгсөн юм. Иргэд “Эрүүл мэндийн даатгалд даатгуулагч өөрөө эмнэлэг болон эмчээ сонгон эмчлүүлэх боломжтой боллоо. Ингэснээр эмнэлэг хоорондын цэвэр өрсөлдөөн бий болох юм.
Тэд жилдээ сая гаруй төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй бөгөөд гэр бүлийнхээ зөвхөн нэг гишүүний даатгуулагчийн мөнгийг өөртөө шилжүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалын газрыг Нийгмийн даатгалаас тусад нь гаргаж байгаа. Ингэснээр санхүүгийн хувьд ч хүчтэй болох суурь тавигдана. Цаашлаад эмийн хэрэглээний тал дээр анхаарч ажиллана. Эмчийн жоргүйгээр зарим эмийг зарахгүй, энэ бүхэнд хяналт тавьдаг байгууллагыг ирэх оноос гаргаж ажиллуулна” гэсэн мэдээллийг илүү ихээр сонирхож байсан.
Мөн Монгол Улс ойрын арван жилдээ боловсролын салбарт ямар бодлого барих, Монгол сэтгэлгээтэй иргэдийг бэлдэх, дотуур байранд байх малчдын зургаан настай хүүхдэд зориулсан өрөө, үйлчилгээний талаар ч иргэд байнгын хорооны дарга Д.Батцогтод олон санал амаар болон бичгээр өгч байна.
Намрын чуулганы төгсгөлөөр батлагдсан Монгол хэлний тухай хуулийн талаар орон нутгийн иргэд их сонирхож байна. Үүнд Д.Батцогт дарга “Төрийн хэлний зөвлөл бий болсон. Өнөө цагийн эрдэмтэд маань бие биенээ үгүйсгэдэг тул бид нэг удирдлаганд орох ёстой. 2025 он гэхэд бид бүгдээрээ хос бичигтэн болно” гэсэн хариултыг өгч байлаа.