НББСШУ-ны байнгын хорооны  дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна
Д.Батцогт Ховд аймгийн удирдлагуудтай уулзав
2015.01.16

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна

Д.Батцогт Ховд аймгийн удирдлагуудтай уулзаж аймгийн нийгмийн салбарын хийгээд бусад асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Тус аймгийн удирдлагууд байнгын хорооны даргад нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой хоёр асуудлыг танилцуулан онцгой анхаарахыг хүссэн байна. ҮҮний ч дагуу байнгын хорооны дарга Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төв, төвийн 1-р цэцэрлэгийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцжээ.

Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн барилга нь 60-70-аад оны үеийн барилга учраас барилга муудсан учраас эрүүл ахуйн, аюулгүйн шаардлага хангахгүй болж иргэдэд эмчилгээ үйлчилгээ явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа талаар дарга Ц.Баяртогтох нь танилцуулсан юм.  

Д.Батцогт “Дотрын тасаг, Хүүхдийн тасаг, Халдвартын тасаг, Гимодиализын тасгийн хүндхэн байдлыг өөрийн биеэр үзлээ.Хүүхдийн тасаг нь 40 ортой боловч одоогийн байдлаар 120-140 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өрөө тасалгааны хүрэлцээгүйн улмаас коридорт хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна.

Дотрын тасаг 50 ортой боловч одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, өдрийн эмчилгээнд 90 хүн явж эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Халдвартын эмнэлгийг мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, барилга нь нэг талаасаа нуралт үүссэн. Гэвч өрөө тасалгааны хүрэлцээ байхгүй учраас нуралт гайгүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулж байна.

Улсын төсвөөр нэгдсэн эмнэлгийн өрөгтгөл, хүүхдийн эмнэлэг, халдвартын эмнэлэг, авто машины граш, моорог зэрэг 5 барилгыг барих шаардлагатай байгаа.  Иймд олон хэсэг жижиг барилга барьж байснаас нэг цогц эмнэлгийн барилга барих хэрэгтэй” хэмээн өөрөө энэ асуудалд онцгой анхаарах ажиллах болно гэдгээ онцлон амласан юм.

Харин тус аймгийн төвийн Жаргалант сумын  1-р  цэцэрлэг 18 багш ажилчидтай 4 бүлэгтэй  71 дэхь жилдээ  үйл ажиллагаа  явуулж байгаа ажээ. Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас болоод сүүлийн жилүүдэд даац хэтрүүлэн 100-140 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Гэвч 2013 оны 12 сард барилгын зүүн жигүүрийн 2 давхраас цууралт үүсч Мэргэжлийн  хяналтын  дүгнэлт гарч  цэцэрлэгийн  барилгыг  бүрэн хааж  одоогоор  түрээсийн байранд цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогтыг ажил байдалтай нь танилцах сургаар багачуудын эцэг эхийн төлөөлөл ирцгээсэн байлаа. Эцэг, эхчүүд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг  ам уралдан дуулгасан юм.

Уг  цэцэрлэгийн  барилгыг 2015 онд улсын төсөв хүндэрснээс шинэ барилга барихгүй гэх шалтгаанаар хойшлуулаад байгааг эцэг эхчүүд болон цэцэрлэгийн нийт ажилтнууд эсэргүүцэж байлаа. Мөн энэ үеэр байнгын хорооны даргад цэцэрлэгийг барилгыг яаралтай бариулах талаар анхааран ажиллахыг хүсч албан тоот өгсөн юм.

Ийнхүү ажилласан Д.Батцогт дарга Ховд аймагт үйл ажиллагаа  явуулж  байгаа  хэвлэл  мэдэээллийн төлөөлөл сэтгүүлчидтэй уулзан НББСШУ-ны  байнгын хорооныхоо 2014 онд хийсэн ажлыг тайлагнаж, 2015 онд хийхээр төлөвлөөд байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм.