С.Ганбаатар: Монголын тусгаар тогтнолыг алтаар үнэлж болохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.13

С.Ганбаатар: Монголын тусгаар тогтнолыг алтаар үнэлж болохгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Улс төр дэх популизм хэрээс хэтэрч, Монгол Улсын нэр хүнд гадны хөрөнгө оруулагчдын дунд унаж, татварын орлогийн ихэнхийг бүрдүүлж байсан мөнгөний урсгал татарсан” гэж зарим улстөрч хэлж байна. Та энэ асуудлыш хэрхэн харж байна?

Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголчууд хөрөнгө оруулалтын эсрэг хэзээ ч дугарч байгаагүй. Дээрх хөрөнгө оруулалтууд манай улсад ямар ашигтай авчирах вэ гэж  асуух эрхээ л эдэлсэн. Гэтэл өнөөдөр ийм асуулт тавьсны төлөө зарим хөрөнгө оруулагч уурлаж, ундууцаж монголчуудын нэр хүнд уналаа гэж байгаа нь байж болохгүй асуудал.

Нөгөөтэйгүүр, ингэж ярьж байгаа улстөрчид байгаа бол эмгэнэл гэж хэлэх байна. Хөрөнгө оруулагчид гар гэсэн үг нэг ч Монгол хүний амнаас гарахгүй байх. Гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 450 сая ам.доллар болчихлоо гэж ярьж байна. Үүнийг хэн бүртгэсэн юм. Би Хөрөнгө оруулалтын газарт өөрийн биеэр очиж өнгөрсөн хугацаанд оруулсан гэж байгаа хөрөнгө оруулалт яг хийгдсэн үү, хийгдсэн бол тэр мөнгөөр юу хийсэн юм гэж асууж байсан.

Өнөөдөр Хөрөнгө оруулалтын газар гадаадын хөрөнгө оруулагчдын мөрөөдлийн жагсаалтыг бүртгэж авдаг газар болчихсон байна. Тэд дуртай үедээ нэг хүрз оруулж ирчихээд түүнийгээ өөрсдийн хүслээр үнэлж байх жишээтэй. Гэтэл үүнийг нь бүртгэж байгаа судалгаа, шинжилгээний газар байна уу гэдэг нь сонин.

Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг хэн гаргасан юм бэ. Хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа Рио Тинто мэтийн компаниудын захиалгаар Дэлхийн банк, Олон улсын валютын сан, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зөвлөсний дагуу Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг баталсан юм биш үү. Ингэж хардахад хүрч байгаагаа нуугаад яах вэ. Үүнийг эргэж харж ярих боломжийг эрэлхийлэх ёстой.

-Популист гэж нэрлэгдсэн хүмүүсийн дунд таны нэр хамгийн ихээр хэлэгддэг. Энэ талаар таны бодол?

Популист гэж нэрлэгдэж байгаа хэдэн хүнээс болоод гадны хөрөнгө оруулагчид дайжиж байна гэж яриад байгаа. Хөрөнгө оруулагчид нь ч гэсэн асуух эрхээ эдэлсэний төлөө хормойгоо шуугаад гараад явчихаж байгаа бол энэ нь хөрөнгө оруулалт биш байсан гэдгийг баталж байна. Хөрөнгө оруулалт гэдэг хөрөнгөө тогтвортойгоор байршуулж, хамтын ашиг бий болгон ашгаа хуваахыг хэлдэг.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн "3.1.1 Монгол улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үй ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл хөрөнгөө оруулсан уу гэдгийг нь хэн өнөөдөр шалгаж байгаа вэ гэдэг асуултыг дахин тавимаар байна. “Hot money” буюу эдийн засгийг нь хөөсрүүлээд ашгийг нь халааслаад явахыг хэзээ ч хөрөнгө оруулалт гэхгүй. Монголд ашиггүй энэ бүх үйл ажиллагааг хийх сонирхолтой гадныхны гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр олон нийттэй харилцах байгууллагуудад нөлөөлсөн хэвээр л байна. Тэр хүмүүсийн захиалгаар ард иргэдийн толгойг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан угааж байна. Мөн тэд төрийн шийдвэр гаргаж байна.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй болсон гэдгийг дээр, дооргүй ярьж байна. Энэ бол манай хамгийн том хөрөнгө оруулалт. Гэтэл энэ бүхнийг Монгол Улсад яаж ашигтай болгох вэ гэж асуусан хүмүүсийг намнаж, гадаадын зарим байгууллагын оролцоотойгоор популист гэдэг нэр томъёог нийгэмд тарааж байна. Үүний өмнөхөн “Муусайн эх орончид” гэдэг кампанит ажлыг өрнүүлсэн ч бүтэлгүйтсэн учир өнөөдөр популист гээд яриад эхэлчихэж.

Популист гэдэг чинь олонхийн эрх ашгийг дээдэлж, элит цөөнхийн эрх ашигтай эсрэгцүүлэн үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хөтөлбөрийг хэлнэ гэж Баабарын Британика толин дээр тодорхойлсон байна билээ. Тэгэхээр популист гэдэг чинь олонхийн төлөө гэсэн санаа байгаа биз. Үнэн, би олонхийн төлөө дугардаг. Тэгвэл Норвегийн парламентаас уул уурхайн баялгийг улс төр, бизнесийн цөөн хэдэн бүлэглэлд хүртээхгүйгээр олон нийтийн эрх ашигт зориулна гэсэн хууль гаргасан байдаг. Тэгвэл Норвеги хамгийн популист орон болж таарах нь ээ.

Дээр нь нэмээд ийм яриа гаргаад байгаа хүмүүст хандаж “Ардчилал гэж юу вэ” гэдэг тодорхойлолтыг нэг харчихаарай гэж хэлмээр байна. Тэр нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж, олонхийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргахыг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр ардчилал гэдэг үг чинь өөрөө хамгийн популист үг болж таарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэрийдлээр монголд ашиггүй үйл ажиллагаа явуулах гэж байна уу гэдгийг асуух эрх бидэнд бий. Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт гээд байгаа бүхэн чинь бүгд зээл шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэж зээлийг хэлэх юм уу гэж асуумаар байна.

-Ноён уулыг ашиглах эсэх дээр улстөрчид төдийгүй ард түмэн хоёр хуваагдчихаад байна. Энэ асуудалд Ерөнхийлөгч өөрийн байр суурийг илэрхийлсэн. Та хувьд?

Монголчууд бид хүчтэй ойлголцолтой байх ёстой. Ингэж байж л бид сайхан амьдарна. Монгол Улсад хөрөнгө оруулах гэж биш зөвхөн ашиг олох гэж ирсэн зарим хүнд бидний үл ойлголцол ашигтай байгаа байх. Тиймээс бид хэнийг баярлуулах гэж ойлголцолд хүрэхгүй байх вэ гэдгийг ч бодох ёстой. Бид хөрөнгө оруулалтыг хэрхэн үйлдвэр, бүтээн байгуулалт болгох вэ гэдэг дээр санаагаа чилээх ёстой. Түүнээс гадна ямар ч ашгаас илүү үнэт зүйлтэйгээ хэзээ ч мартаж болохгүй. Бидний түүх соёл, өв уламжлал, өвөг дээдэс, Монгол Улсын тусгаар тогтнолыг ямар ч алтаар үнэлэшгүй зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг сонсоод талархах сэтгэл төрсөн. Телевизийн ярилцлагыг нь үзсэн Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ хүндрэлтэй байгаа бүхнээ нээлттэй ярилаа. Ноён уулыг ашиглах эсэхийг ард түмнээрээ шийдүүлнэ гэсэнд нь би үнэхээр баярлаж байна. Хэн нэгэн эрх мяндагтан гадныхантай нийлж, ард иргэдийн төлөөх нэрийдлээр Ноён уулыг ашиглах нь зохисгүй гэж хэлсэнд нь үнэхээр хүндэтгэлтэй хандаж байна. Ерөнхийлөгч өөрийн байр суурин дээрээ хатуу зогсож чадлаа. Мэдээж улс төр, эдийн засаглалын бүлэглэлүүдийн нөлөөлөл байсан л байх. Гэхдээ Ерөнхийлөгч ард түмнийхээ талд байж чадлаа.

-Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөлөл байсан ч Ерөнхийлөгч ард түмнийхээ талд байж чадсан гэсэн үг үү?

Ерөнхийлөгч үлдсэн хоёр жилийн хугацаанд ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн болов уу гэж бодсон. Тэгэхээр ирж байгаа хоёр жилд улстөрч болгон зориглож хийж чаддаггүй томоохон шинэчлэлийг Ерөнхийлөгч хийх юм байна гэсэн хүлээлт үүссэн. Найдаж байна.