Дээд шүүх С.Ганбаатарын гэх намыг "эх барих" уу
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.13

Дээд шүүх С.Ганбаатарын гэх намыг "эх барих" уу

Монголын улс төрийн намууд нэгэн шинэ гишүүнээр бүл "нэмэх" нь. Нэр нь Монголын хүний төлөө нам. Товчлол нь/МХТН/.

Гэхдээ шинэ гишүүнийг улсын бүртгэлд бүртгэж "эх барих" эсэхийг өнөөдөр Улсын Дээд шүүх дээр дэнсэлнэ. Хэрвээ Дээд шүүх МХТН-ыг бүртгэх шийдвэрийг гаргавал Монголд үйл ажиллагаа явуулж байгаа намын тоо нэгээр нэмэгдэж 23 болох юм. Өөрөөр хэлбэл, Монголын Консерватив намаас хойшхи улс төрийн отгон нам нь МХТН болно.

Нөгөөтэйгүүр, шүүх хурлын зар түгэхтэй зэрэгцээд отгон намыг хэн удирдах тухай таамгийг улс төрийн хүрээнийхэн хэдийнэ дэвшүүлж эхэллээ.

Гэхдээ тэдний таамаг, байр суурь ганцхан хүн дээр төвлөрч байгааг энд тодотгох хэрэгтэй байх. Юу гэхээр Дархан-Уул аймгаас бие дааж УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Ганбаатарыг отгон намын дарга гэх. Энэ нь ч оргүй байж болох талтай. Ер нь С.Ганбаатар гишүүнийг нам байгуулахаар болсон тухай "мессеж" он гарангуут хэвлэл мэдээлэл төдийгүй саарал ордноор хөвөрсөн ч тэрээр тухай бүрт нь үгүйсгэж байлаа. Харин түүнийг шинээр нам.байгуулахаар болсон талаархи мэдээллийг түүний туслах үгүйсгээгүй юм. Бас бататгасангүй. Тэгэхээр улс төрд чиинээр бүл "нэмэх" МТХН С.Ганбаатар гишүүний нам байх магадлалтай юм байна. Үнэхээр тийм бол цаашид улс төрд ямар нөхцөл байдал үүсэх бол гэсэн асуулт гарч ирж байна.

Хамгийн түрүүнд МТХН улс төрийн гуравдагч хүчин болж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж ингэхийн тулд эрх баригч намуудаас эхлээд амлалтыг нь нэхэж тэдний өмнөөс тэмцэхээ илэрхийлэх нь тодорхой. Сонгуулийн  өмнөх  жил  болоод ч тэр үү энэ "тэмцэл" нь улам идэвхжинэ. Үүнийг судлаачид популизм гэж нэрлэдэг. Үүнээс гадна хэн гэдэг улстөрчид отгон намтай "дэр нэгтгэх" нь өөрөө сонирхолтой сэдэв. Одоо бол бие даагчдын байгуулсан зөвлөлд С.Ганбаатараас гадна Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гишүүн багтдаг.

Мөн залуу гишүүдийн нэгдэл нэртэй "Өглөөний цай" гэж клуб энэ УИХ-д бий. Долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө цуглаж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудаар санал солилцох, тодорхой хуулийн төслүүд дээр хамтарч   ажилладаг энэ клубт АН, "Шударга ёс" эвсэл, МАН-ын бүлгээс дөрөв, бие даагчдаас хоёр нь нэгдсэн гэх мэдээлэл бий. Нэг ёсондоо бие даагчдаас гадна залуу гишүүдийн үүсгэн байгуулсан клубээс шинэ намд элсэхийг үгүйсгэх аргагүй.

Ингэсэн тохиолдолд отгон намын бодлого, санаачлагын дийлэнх нь популизм тал руугаа чиглэнэ. Эсвэл С.Ганбаатар гэсэн ганцхан лидертэй нам ч байж болох юм. Жишээ нь, МХТН-ын цаашдын замнал С.Оюуны ИЗНН, Б.Жаргалсайханы БНН, С.Молор-Эрдэнийн Хамуг Монгол Хөдөлмөрийн нам шиг явж болох юм.